Хилийн төмөр замын гарцуудыг хавраас өмнө нээхгүй нь

1421221303_153931-14012015-1421203475-272532060-1Өнгөрсөн онд болж өндөрлөсөн томоохон айлчлалуудын дараа гадаад, дотоодгүй “нисэж” байсан таатай үгс өнөөдөр ховордчихож. Амттай дүгнэлтүүд нь бараг бялууруулж байсансан. Өндөр дээд хэмжээний айлчлалуудын үеэр байгуулсан гэрээ хэлэлцээрүүдээс Хятадын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг монголчууд хамгийн их олзуурхаж байгаа.

Ханш нь уруудаж буй уул уурхайн бүтээгдэхүүнээ гуравдагч зах зээлд хүргэх гарц учраас энэ хэлэлцээр үлэмж үнэ цэнэтэй юм. Өнгөрсөн ондоо багтаагаад амьдралын хөрсөн дээр бууж, ажил хэрэг болно хэмээн тооцоолж байсан энэ хэлэлцээр харин нэг л явц муутай байна.

Дээр дурдсан хэлэлцээрийг Хятадын Төрийн тэргүүний айлчлалын үеэр Монгол Улсын Зам, тээврийн сайд, Хятадын Гадаад хэргийн сайд баталгаажуулсан. Гэхдээ Монгол, БНХАУ-ын Хилийн төмөр замын 1955 оны хэлэлцээрийг шинэчлэх шаардлага энд зайлшгүй тулгарч байгаа. Монгол Улс өмнөд хөрштэйгөө Замын-Үүд-Эрээн гэсэн төмөр замын ганц л гарцаар холбогддог. Тиймээс Өмнөговь аймгийн Гашуунсухайтыг Ганцмодтой, Шивээхүрэнг Цэхэтэй, Дорнод аймгийн Нөмрөгийг Рашаант, Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтыг Зүүн хатавчтай төмөр замаар холбож, хилийн төмөр замын нийт таван гарцтай болохоор зарчмын хувьд тохиролцоонд хүрч, хэлэлцээрийг шинэчлэхийг холбогдох газруудад нь өнгөрсөн намар даалгасан юм.

Төмөр замын гарцтай болгох хилийн боомтуудын нэр нь нэгэнт тодорхой болоод, санамж бичиг байгуулчихсан тул “Боомтын нэгдсэн захиргаанаас энэ жилдээ багтаагаад гэрээ байгуулчих болов уу. Тэгвэл хүлээлт үүсгэх өөр асуудал байхгүй учир далайн шинэ гарцуудыг ашиглах гэрээ хүчин төгөлдөр болно” хэмээн Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Ё.Манлайбаяр өнгөрсөн есдүгээр сард учирлаж байлаа.

Харин энэ гэрээг өнгөрсөн онд эмхлэх нь байтугай, ирэх хавраас өмнө хүчин төгөлдөр болохгүй гэдгийг Боомтын нэгдсэн захиргааны удирдах албан тушаалтан дуулгав. “Засаг, төр солигдоод …” гэж тэрбээр шалтгааныг нь тайлбарласан. Засгийн газар бүтцээ орвонгоор нь эргүүлчихээгүй, ердөө сайд, дарга нарыг л сэлгэсэн юмсан. Ямагт яригддаг монгол төрийн залгамж чанар энд бас л дутагдаж буй бололтой.

Өндөр дээд хэмжээний айлчлалын үр дүнг баталгаажуулж, хийх ажил их байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэх үеэрээ сануулсан. “Тохирсон, ярьсан зүйлээ хийж чадахгүй, дараачийн залгаас нь байхгүй, засаг төрийн байгууллагын Монгол, Хятадын хилийн төмөр замын шинэ боомтууд дунд энэ ажил уначих вий” гэсэн болгоомжлолоо тэрбээр мөн гурван сарын өмнө илэрхийлж байлаа.

Ерөнхийлөгчийн “чимхсэнчлэн” гэрээ хэлэлцээрүүдийг амьдрал дээр буулгах ажил төмөр зам, тээврийн салбарт л лав бужигнаж харагдахгүй байна. Төмөр замын хилийн гарцыг хэзээ нээх, далайн шинэ гарцуудыг хэзээнээс ашиглаж эхлэх талаар Зам, тээврийн яамны Төмөр замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргад хандсан ч тодорхой хариу өгөлгүй, хүлээлгэсээр байна.

Харин Хятадын даргын айлчлалын үр дүнг хэлэлцэн, баталгаажуулахаар энэ сарын 20-доор өмнөд хөршийн албан тушаалтнууд хүрэлцэн ирэх сураг байна. Тэдний дунд ӨМӨЗО-ы Боомтын захиргааны дарга багтаж буй агаад эл асуудалтай холбоотой хэлэлцээ хийх бололтой. Албан ёсны гэрээ хэлэлцээр байгуулснаас хойш бараг таван сар өнгөрч буй ч эх газрын Монгол Улсын “түгжээг” тайлах эхний оролдлого энэ байх нь.

Уул уурхайн бүтээгдэхүүнийг гуравдагч зах зээлд гаргах транзитийн гарцын тухай монголчууд олон жил ярьсан ба бодитой зүйл болоход уг нь тун ч ойрхон ирээд байна. Хятадын хойд, зүүн хойд эргийн Дандон, Далянь, Жинжоу, Чинхуандао, Тангшан, Хуанхуа, Инкоу гээд одоо ашиглаж буй Тяньжинийг оруулбал Монгол Улс Хятадын найман боомтоор дамжуулан дэлхийн аль ч улсад ачаа хүргэх боломжтой болно.

Тяньжиний боомт нь ердөө чингэлгийн ачааны зориулалттай бол Хуанхуа, Чинхуандао, Дандон, Далянь нь нурмаг ачаа буюу нүүрс, төмрийн хүдэр тээвэрлэхэд тохиромжтой боомт. Эдгээр боомтыг Монгол Улс ашиглаад эхэлчихвэл наад зах нь Монголын нүүрс Япон, Солонгосын зах зээлд үнэд хүрч, Австрали, Канадын нүүрстэй өрсөлдөх боломж бүрдэнэ.

Зөвхөн энэ хэлэлцээрийг байгуулахын тулд Монголын албан тушаалтнууд өмнөд хөрштэй энэ онд л гэхэд 20 гаруй удаа хэлэлцээ хийж, айлчлалын сүүлийн мөч хүртэл хэлэлцсэний эцэст гарын үсэг зурж, баталгаажуулсан гэдэг. Аль ч өнцгөөс нь аваад үзсэн ашигтай, олон жил “мөрөөдсөн” ийм хэлэлцээрийг шүүрч аваад, ажил хэргийг нь эхлүүлмээр санагдах юм.

Төмөр замын гарцуудын нэрийг нэгэнт тохиролцчихсон тул гэрээ байгуулахад хүлээгдэх зүйл байхгүй гэж мэргэжлийн хүмүүс дүгнэж байна. Чухам ямар шалтгаанаас болоод ийнхүү хугацаа алдсаар байна вэ? Арай нэгэнт дотоодын төмөр замын сүлжээгээ байгуулж дуусаагүй юм чинь гээд алгуурлаад байдаг юм биш биз. Үнэнийг хэлэхэд Шивээхүрэн, Нөмрөг, Бичигт чиглэлд төмөр зам тавих ажил бичиг цаасны асуудлаасаа ч хэтрээгүй байгаа ч бид шуурхайлбал Гашуунсухайтын төмөр замыг энэ ондоо багтаагаад ашиглалтад оруулах боломж бий гэж албаны хүмүүс үзэж байгаа. Харин нөгөө талд, хилийн цаана Хятадын талаас холбогдох дэд бүтэц бараг бэлэн болоод байгаа.

Хэдийгээр энэ хэлэлцээр 25 жил хүчинтэй, түүнийг мэргэжилтнүүд “асар удаан хугацаа” хэмээн тодотгож байгаа ч цаг хожих нь хятадуудад биш бидэнд л ашигтай баймаар юм. Гэрээ хэлэлцээр амжилттай боллоо гээд баярлах биш, түүнийгээ газар дээр буулгаж, хүн бүхний амьдралд хүргэхэд одоо санаа зовох цаг болсон баймаарсан.

Б.Цэцэгсүрэн


URL:

Сэтгэгдэл бичих