Сонгино хайрхан дүүргийн нийгмийн даатгалын албан тушаалтнуудын хэрэг хэрхэн шийдэгдсэн бэ?
Төрийн өндөр дээд албан тушаалтан, цагаан захтнууд ажил мэргэжлээ урвуулан ашиглаж, их хэмжээний мөнгө завшсаныг хуулийн байгууллага илрүүлээд, шалгаж эхэллээ гэх мэдээлэл чих дэлсэх болсоор багагүй хугацаа өнгөрлөө.Гэхдээ энэ мэт хэргүүд хэсэгтээ хэл ам, хэвлэлийнхний бай болж явсаар аажимдаа мартагдах нь олонтаа. үүний зэрэгцээ тэдэнд холбогдох ихэнх хэрэг хэрхэн эхэлж, яаж шийдэгдэж буй нь хаа хаанаа хаалттай болдог нь нууц биш. Тэр ч байтугай зохих ял шийтгэлээ үүрдэггүйгээр үл барам Өршөөлийн хуульд хамрагдан, цагаадах нь ч энүүхэнд. Ер нь дээд албан тушаалтнууд ихэнхдээ авилга, хээл хахуультай холбоотой гэмт хэрэгт холбогддог. Хашиж буй албан тушаал, тухалсан зөөлөн суудалтай нь ч энэ холбоотой гэхэд нэг их хэтийдэхгүй.
Нөгөөтэйгүүр энэ мэтчилэн асуудалд холбогдсон албан тушаалтнуудын хэрэг эцэслэн шийдэгдэж, эрүүгийн хуулиар шийтгүүлсэн нь ч хомс. Хуульд бол гэмтнүүдийг хуулийн дагуу шийтгэж, улсад учруулсан хохирлыг нь нөхөн төлүүлнэ гэсэн заалтууд байдаг. Даанч манай улсын хуулийн гажуудлаас болоод хохирлыг нөхөн төлүүлэх асуудал нууцлагдмал хэлбэрээр шийдвэрлэгдэж хэрэг хэрхсэн нь тодорхойгүй байдаг.
Бид энэ удаа өнгөрсөн хугацаанд олны анхаарлыг татаж байсан нэгэн хэргийн талаар сануулах гэсэн юм. Тухайлбал, өнгөрсөн оны зургаадугаар сарын 2-ны өдөр манай сонин Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эрх мэдэл бүхий албан тушаалтнууд хуурамч бичиг баримт үйлдэж сангийн хөрөнгөөс мөнгө завшсан хэргийн тухай мэдээлж байсан. Өөрөөр хэлбэл, тухайн үед дээрх албан тушаалтнуудыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, дэслэгч Батзориг гэх хүн шалгаж байсан юм. Нэр бүхий албан тушаалтай таван хүн холбогдсоны хоёр нь болох Нийгмийн даатгалын архивч Гэрэлмаа, эмч Оюун-Эрдэнэ нар байсан юм.
Тэд 90 гаруй хүний өвчний магадлагаа болон хувийн хэргийг хуурамчаар үйлдэн “Хөгжлийн бэрхшээл”-тэй хэмээн тэтгэвэр, тэтгэмж тогтоож өгсөн нь илэрсэн. Түүнчлэн тэд энэхүү хууль бус үйлдлээ хийхдээ нэг иргэнээс доод тал нь 300-500 мянган төгрөгийг хахууль хэлбэрээр авдаг байсан нь хэргийн материалд бүртгэгдсэн байдаг.
Товчхондоо тэдний энэхүү хууль бус үйлдлээс болж урьдчилсан байдлаар Нийгмийн даатгал болон Тэтгэврийн санд 120 гаруй сая төгрөгийн хохирол учирсан тухай албаны эх сурвалжууд ч мэдээлж байсан. Түүнчлэн мөрдөн байцаалтын явцад дээрх мөнгөн дүнгээс ч илүү тоо гарах магадлалтай гэдгийг эх сурвалж өгүүлж байсан юм.
Өмнө нь тус газарт шалгалтын баг орж ажиллаж байхдаа хэд хэдэн зөрчил илрүүлсэн ч тэд хуулийн хийдлийг ашиглаж тухайн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангахгүй байх боломжуудыг ашигласан байсан гэсэн үг. Товчхондоо далд аргаар үйлдэгддэг энэ мэт хэрэгт холбогдогчид нь голдуу эрх мэдэл бүхий албан тушаалтан байдаг. Эрх мэдлээ хэрэгжүүлж байгаа хүнийг шалгахад гэмт хэргийн баримт, нотолгоог устгах, бусад гэрч, холбогдогчтой сүлбэлдэх, хуйвалдах, нөлөөлөх замаар хэргийг замхаруулдаг гээд олон сөрөг зүйл байдаг тухай мөрдөн байцаагч нар ч хэлдэг.
Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар энэхүү асуудал шийдэгдсэн нь юу л бол доо гэх хачирхалтай хариултыг өгсөн учраас бид нэхэн сурвалжилсан боловч энэ хэргийн талаар хэрхэн яаж шийдэгдсэн тухайг тоймтой ярих нэг ч албан тушаалтан олдоогүй юм. Мөн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга асан Съезд гэгч бусадтай бүлэглэн хуурамч баримт ашиглан мөнгө завшдаг байсан хэрэгтээ өдгөө шүүхээс ял сонсч хоригдож байгаа. Түүнчлэн Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга П.Баяраа, ерөнхий нягтлан бодогч Б.Хастуяа нар нь иргэдийн тэтгэврийн мөнгийг хувийн данс руу шилжүүлэн хүүг нь хуваан авч улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэг ч гарч байсан. Энэ мэтээр зовж зүдэрсэн ард иргэдийнхээ халаасыг сэгсэрч хувьдаа их хэмжээний мөнгө завшсан дээрх албан тушаалтнуудын хэрэг яаж шийдэгдсэн нь тодорхой бус байгаад хэргийн гол учир оршиж буй юм.
Уг нь одоо хэрэгжиж буй хуулиар албан тушаалын гэмт хэргийг хүндэвтэр гэмт хэрэгт тооцож тав хүртэлх жилийн ял оноож байгаа. Төрийн албан хаагч эрх мэдлээ урвуулах хэрэг баривчлах, торгох ялтай болсон. Дээд тал нь таван жил хүртэлх ялтай. Эрх мэдлээ хэтрүүлэх хэрэг нь 1-5 жилийн хорих ялтай байгаа бөгөөд хээл, хахуулийн хэрэг ч мөн адил таван жил хүртэлх хорих ялтай болчихоод байгаа.
Гэтэл дээрх албан тушаалтнуудын хийсэн хэрэг нь тухайн үед мөрдөн байцаалтаар тогтоогдсон атал яагаад өнөөдрийг хүртэл хуулийнхан энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзах болов. Эдийн засаг муудлаа гэх атлаа улсад өч, төчнөөн сая төгрөгийн хохирол учруулчихаад байгаа энэ мэт албан тушаалтнуудаас идэж уусан мөнгийг нь хуулиар гаргуулан авч улсын төсөвт бага ч болов нэмэрлэвэл энэ засагт л хэрэгтэй баймаар юм.
Эх сурвалж:
URL: