Ингэж уралдвал наадам биш хүчирхийлэл болно шүү
Монгол наадмын уяа цуурай тасраагүй, наадмын сонин шинэхэн хэвээр байна. Угаас монголчууд дэлгэр зуны наадмаа жил өнжин хуучилдгийг ч хэлэх үү. Энэ жилийн наадмын бас нэг соньхон мэдээний нэг нь Б.Ганбаяр уяачийн тохилог галын тухай. Бүр илүү тодорхой хэлбэл урьд өмнө байгаагүй тохилог орчинд найз нөхөд гийчдээ урьсан нь ам дамжин яригдаж байна. Тохилог уяаны хамгийн гол нь юу байсан гээч. Хэзээнээсээ сайн морь, сайхан дээл, угалз хээтэй өргөө тэргүүтнээрээ гайхуулдаг уяачдын мартчихдаг орчин үеийн тохилог орчинг тэрээр бүрдүүлсэн. Өндөр хүчдэл, цэвэр бохир усны сүлжээ, ариун цэврийн дээд зэргийн орчинг хангасан орчноороо эдний гал толгой цохьсон юм. Ингээд уяачийн хувьд шинэхэн, харин наадмын бэлтгэлийн хувьд онц дүн авсан уяач буюу “Монгол глобаль” компанийн захирал Б.Ганбаяртай ярилцлаа. Тэрээр өөрийгөө уяачийн хувьд “бэлтгэл ангийнх” гэж тодорхойлов.
-Танай гал энэ жилийн хамгийн тохилог нь байсан. Урьд өмнө сонсч байгаагүйгээр л тохижуулж сайхан наадсан болохоор хэзээний хашир догь, туршлагатай уяач юм байна бодсон чинь “бэлтгэл ангийн” уяач гэхээр нь гайхлаа. Ингэхэд та хэзээнээс морь уяж байгаа билээ?
-Энэ жил гурван насны морь уясан. Ноднин жил соёолон нь айрагдсан, найз Отгонбаатараа дагаад л морь уях гэж оролдож байна. Энэ жил Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойн баяр тохиож байгаа, эцэг, өвгөдийн үеэс морь малын захад өссөн хүмүүс байна, ахуйгаа руугаа ойртоё гээд л. Бид наадам гэж хөөрөлхдөг боловч яг яаж наадахаа мэдэхгүй, залуус мал ахуйгаасаа их холдож байна. Монгол наадмаа илүү сайхан төгс төгөлдөр, цэгцтэй, сонгодог маягт оруулж хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулья гэж бодож санаж, зэхсэн зүйл бий. Энэ жилийн хувьд найз нөхөд, ах дүүс, зочид гийчид, хамтарч ажилладаг нөхдөө ирэхэд нь нүүр улайлгахгүй, сайхан тохилог байхыг л хичээсэн.
Би өмнө нь олон уяач найз нарынхаараа очиж байсан л даа. Манайхны ихэнх нь уяаныхаа наадмын хуушуурыг гуанзнаас авдаг. Энд бас цаг хугацаа шаардлагатай, эрүүл мэндийн талаасаа ч ямар махаар хийсэн хуушуур вэ гэдгээс эхэлнэ. За тэгээд жаахан хуушуур мах идээд, айраг уучихаар ямар асуудал тулгардаг билээ /инээв/. Бидний хүүхэд үед эмээ өвөөгийн хэрэглэдэг, дөрвөн шон босгоод шуудайгаар ороочихсон жорлон гайгүйдээ ордог байлаа. Гэтэл бид зах зээлд ороод 20 жил болчихлоо гэхэд яг тэр хэвээрээ. Шинэ монголчууд хөрөнгө мөнгөөрөө зодолдоод байлдаад байдаг мөртлөө хийсэн сайжруулсан зүйл ховор. Зочид ирэхэд ядахдаа аятайхан жорлон байхгүй. Наад зах нь гэхэд зуны халуунд хаяагаа шуулаа ч гэсэн гэрт ямар бөгчим халуун байдаг билээ. Сая бол өөрийнхөө халааснаас 2,5 км газраас өндөр хүчдэл татлаа. Монголчууд Хүй долоон худагтаа л наадах нь тодорхой. Тийм ч учраас ядахдаа эхний ээлжинд өндөр хүчдэлээ шийдчихлээ.
-2,5 км өндөр хүчдэл татна гэдэг нэлээд их мөнгө орох уу?
-40 орчим сая төгрөг. Бусад уяаныхан ч сонирхож байна гэсэн. Бүх гэртээ эйр кондишн суулгаж, телевизийн сувгийг шийдчихлээ. Нийслэлээс байгууллагынхаа рестораныг аваачиж ажиллууллаа. 30 ам метр талбайд халуун, хүйтэн ус, бохир усны асуудлыг шийдсэн, аяга тавгаа гурван шугамаар цэвэрлэж, хатааж, бактер устгах гэх мэт өнөөгийн тохилог рестораны бүх нөхцөлийг хангасан. Дээр яриад байсан хамгийн хэцүү асуудал болсон 00-ийн асуудлыг шийдлээ. Бохир усаа гурван дамжлагаар цэвэршүүлэн хөрсөнд шингээдэг цэвэрлэх байгууламж хийлээ.
-Танай уяагаар нэлээд олон хүн зочилсон байх аа. Тэр олон хүнийг айргаар дайлахад л гэхэд нэг тоо хэмжээ гарна биз?
-Гурван мянга шахам хүн ирсэн байна. Бүх зочдоо хооллож ундлаад аль болох сайхан сэтгэгдэлтэй байхаар зочлохыг хичээлээ. 1500 литр айраг Булганы Могодоос авчирсан. Ямар ч байсан сайхан наадлаа. Бас дараа, дараа жилийнхээ бэлтгэлийг хийж байна. Морьд маань айрагдаж, түрүүлбэл хэдэн хүн ирэх вэ, ямархуу ая тухтай байлгах вэ гэдэг тооцоог ч харлаа.
-Түрүүлбэл хэдэн хүн ирнэ гэж?
-10 мянга гаруй хүн ирэх юм байна. Монголчуудын баяр цэнгэлийн оргил нь наадам. Наадамчин олны тэр сайхан оргилуун сэтгэлийг улам нь л өөд нь дээш нь өргөж, сайхан байлгах зорилго тавилаа. Зорилгоо ч биелүүллээ.
-Гурван мянган хүн зочилсон гэдэг хэр их вэ, бусад уяаныхантай харьцуулбал…?
-Би яг харьцуулж үзээгүй. Ер нь ихдээ орох байх аа. Урьсан зочдоо уйдаачихгүй, сэтгэлийг нь сайхан байлгая гэсэн ганцхан л зорилго тавьсан. Түүнээс биш манай уяан дээр хэд, айлын уяан дээр хэдэн хүн ирэв гэж харьцуулж үзсэнгүй. Манай ажилчид чиглэл, чиглэлээрээ 1000 гаруй урилга тараасан. Нутгийн зөвлөл, харилцагч байгууллага, хамаатан садан гээд багцаа тоо гаргаж байгаа юм л даа.
-Ингэхэд таны наадмын гоёо. Уяачид хэзээнээсээ л нүнжигтэй хөөрөг, сайхан дээл хэрэглэдэг. Саяны наадмаар алтан эмээлээр гангарсан хүн ч байлаа гэж сонслоо?
-Төрийн их наадам болж байгаагийн хувьд би дээл хувцсандаа анхааралгүй яах вэ. Ээжийнхээ оёсон дурдангаар эмжсэн жирийн сайхан монгол дээлээ өмссөн. Хүндэтгэл гэдэг үүднээсээ болохоос биш үнэтэй, ганган зүйл хэрэглэнэ гэсэн утгаараа биш. Манайхны зарим нь бие биеэсээ өмссөн зүүснээрээ илүү гарах гэсэн зан гаргадаг болж. Хүн өөрийнхөө хэрэгцээгээрээ л байхад боллоо. Монголчууд мөнгөн баавартай эмээлтэй байсан гэж л би сонсч байсан. Одоо бол барьсан хөөргөөрөө уралдаад л, бараг л хэтрүүлж хэлэхэд данх шиг хөөрөг бариад явахдаа ичихээргүй л болчихож. Ийм юмаараа уралдмааргүй л байна даа. Хэрэгцээнээсээ илүү уралдаж байхаар жорлонгоо бэлтгэх хэрэгтэй биз дээ. Манай галд ирсэн зочид “Танайхаар орчихоод бусад уяагаар очихоор их онцгүй санагдаж байна шүү” гэж хэлж байсан. Харьцуулалт нь их ондоо болчихоод байна гээд /инээв /.
-Бас жилээс жилд л түрүү бөх, морины бай шагнал ихсээд л, барилдсан л бол нутгийн зөвлөлийнхөн ч шагнал барьж гүйлдээд байгааг та юу гэж боддог вэ?
-Үнэхээр ир бяр, хүчээ үзсэн бөхчүүддээ харамгүй сэтгэлээр шагнал өгнө гэдэг зөв өө. Харин цолыг худалдаж авдаг болсныг бол үнэхээр гайхаж байна.
-Энэ жил начны найраа хэд хүрсэн бол?
-Сая начин төрүүлэхэд 250 сая төгрөг өгч, зарим нутгийн зөвлөлийнхөн “Ханш эвдлээ” гэж уурлаж байна гэж сонссон. Ингэж уралдах юм бол наадам маань наадам биш хүчирхийлэл болно шүү. Эр бяраараа түрүүл гэж нутгаас нь гаргаж ирсэн үү гэхээс мөнгөний уралдаан явуулах гээгүй юм байгаа биз дээ. Ирэх жил нэг сая доллараар начин авч байна гэх юм бол нэг их гайхах юмгүй болох нь. Начин 250 сая төгрөг юм бол заан тэгээд хэд байх бол? Урьд нь 80 сая төгрөгөөр начин авч байна гэж сонсч байсан. Монгол Улсын эдийн засаг ийм болтлоо хөгжчихсөн юм уу? Эдийн засгийн өсөлт хэдэн хувьтай байгаа билээ? Ингэж өрсөлдөж болохгүй байх аа. Үнэхээр би нутгаасаа ийм бөх гаргаад ийм мөнгө зарцуулаад үр дүн гарч байгаа юм аа гэх юм бол дэмжих хэрэгтэй. Харин зөвхөн өөрийгөө цоллуулахын тулд 250 сая төгрөг зарцуулна гэдэг ч арай дэндэх биш үү? Цол аваад сэтгэл нь ханачихаж байгаа юм бол барилдуулахгүйгээр мөнгөө төлөөд бүгдээрээ цолоо авна гээд зарлачих хэрэгтэй шүү дээ.
-Зөвхөн хурдан морины уралдаан гэлтгүй монголчууд наадмаа яавал илүү сайхан болгох вэ гэсэн санаа бодол хэн хүнд байдаг. Танд ч бас мундахгүй олон санал байгаа юм байна гэж ойлголоо?
-Бодсон санасан зүйл олон бий. Жишээлбэл, улсын наадамд бүх морьд уралдах ёстой ч юм уу. Бүсийн наадам зохион байгуулан тусгай сертификат олгон шигшмэл хурдан хөлгүүдийг уралдуулдаг байх боломжтой юу гэх мэт янз бүрийн санаа оноо бий. Морин уралдааны зай холдож байна гэсэн яриа ч байдаг. Хэт хол зайд уралдахаар морьдын шөрмөс татаж бяцарч, шөрмөснийхээ хүчээр бус хүүхдийн ташуурын буулга дор л давхиж ирдэг алсдаа морьдыг алж байгаа ч гэдэг юм билээ. Бид хөгжил рүүгээ дөхөх хэрэгтэй. Хурдан морьдын цусыг сайжруулах гэх мэт шийдэх анхаарах асуудал их байна. Хурдан морины хүүхдүүдийг шагнадаг болох талаар би ирэх жил бас нэг санаачлага гаргая гэж бодож байгаа. Улсын наадамд айрагдсан түрүүлсэн морины хүүхдүүдийг компанийнхаа ивээлд авч, шагнал гардуулж байя гэж. Энэ жил цаг хугацааны хувьд жаахан давчуудаад амжсангүй. Ирэх жилээс айрагдсан хүүхэд болгоныг нэг сая төгрөгөөр шагная гэж бодож байгаа.
-Өөрийнхөө хүүхдийг адуу руу ойртоход “Хүүе боль өшиглүүлэв, хол бай” гэдэг мөртлөө өрөөлийн хүүхдийг уралдуулах болохоор эрдүү ирмэг морины нуруун дээр гаргачихаад л “Алаад өг, талаад өг” гэх нь холгүй хүмүүс ч бас байдаг л юм билээ?
-Харин тийм. Зарим уяагаар ороход хүүхдүүдээ суниалгаж байна лээ, жинг нь нэмүүлэхгүй гэж. Бараг тэр хүүхдийг өсгөхгүй, жинг нэмүүлэхгүйн тулд халбага хоол өгчихөөд арагт хийгээд суулгах нь л дээ. Бид үнэхээр хүүхдүүдийн асуудалд анхаарахгүй бол болохгүй нь. Эсвэл эрлийз гээд байгаа өсгөлүүн адуугаа хөгжүүлээд арай томхон хүүхэд унадаг болгодог ч юм билүү. Хөдөлмөр хамгааллын дүрмээ уншчихдаг, өөрийгөө хамгаалах дайны бядтай 18 настай залуус морь унах, алдрай бяцхан жаал морь унах хоёрт ялгаа гарна шүү. Аваар осолд өртөхгүй гэдэг талаасаа. Дэлхий ийм чиглэл рүү явж байна, бид яагаад болохгүй гэж.
-Эрлийз морь уралдуулж болохгүй. Насанд хүрээгүй балчир мөртлөө ийм хол газар морь уралдуулж ирж байгаа нь монгол хүүхдүүдийн гайхамшиг. Гадныхан бол үүнийг л сонирхох гэж ирдэг гэсэн байр суурьтай хүмүүс ч бас байдаг?
-Адууны цаана бас улс төр орж ирээд байгаа юм шүү. Наад зах нь шинэ монгол адуу гэж ярихгүй эрлийз гэдэг үг рүү түлхээд байгаа биз. Эрлийз гэхээр сонсоход ч муухай, монголчууд дургүй байдаг гэдгийг мэдээд байгаа хэрэг. Уг нь бол бид цус сольж монгол адууны угшлыг сайжруулж байгаа хэрэг шүү дээ. Үүнийг бас хүчээр эрлийз гэдэг үгээр харлуулах гээд байна уу даа. Манай найз ямар сайндаа “За цаадуул чинь одоо эрлийз адуу руугаа “орчихлоо”. Дараа нь эрлийз хүн рүү дайрах вий” гэж хошигнож байгаа юм. Хүүхдүүдийн асуудлыг бид анхаарахаас өөр аргагүй. Тэр хүүхдүүдийн эр зоригийг үнэлэх хэрэгтэй.
-Ер нь морь унасан хүүхдүүдэд ямар шагнал өгдөг юм бол? Түрүүлсэн айрагдсанд нь ч яах вэ шагнал өгдөг. Морь унаж байгаа хүүхдүүдэд тодорхой хэмжээний хөлс шагнал өгдөх юм болов уу, уяачид нь…?
-Ээж аавтай нь л ярьдаг гэдэг. Ээж, аав гэдэг тэр хүүхэд биш шүү дээ. Хурдан морины хүүхдэд шагнал өгнө гэдэг маань хүүхдүүдээ дэмжих, эр зоригийг нь үнэлэх, унаач хүүхдүүд хамгийн чухал нь юм шүү гэдгийг харуулах гэсэн санаа л даа. Уясан уяач, эзнийг нь цоллуулаад байхаас хүүхдийг хайхардаггүй. Уралдаж байгаа нь уг нь хоёр л амьд бие. Нэг нь хэл усгүй адгуус, нөгөө нь түүнийг залж байгаа зоригтой, цовоо багачууд. Гэтэл манайхан малаа дээдлээд байдаг, хүүхдээ ярьдаггүй. Морь унасан хүүхэд үсрээд л нэг ундаа барьчихсан, хуушуур идээд л явж байгаа харагддаг юм. Түрүүлсэн айрагдсан хүүхдүүдэд үүргэвчтэй ном дэвтэр ч өгдөг билүү. Тэгвэл хүүхэдгүй морь уралдуулаад үзэх хэрэгтэй шүү дээ. Монголчууд ирээдүйгээ чиглэхгүй харанхуйлаг байна, тэрийг нь ил тод хэлнэ гэж би боддог.
-Ярихад жаахан эвгүй ч юм шиг мөртлөө танай уяаны тохилог 00 хүмүүсийн анхаарлыг их татаж бас баярлуулсан юм байна. Наадамчдын хамгийн хүндрэлтэй асуудлуудын нэг гэдэгтэй та санал нийлэх байх?
-Харамсалтай нь тийм. Тийм ч учраас их хичээж, анхаарсан. Хотын захиргаа 00-ийг шийдээгүй хэвээрээ л байна. Наадамчдаа төмөр контейнерт оочерлуулаад л. Зарим уяаныхан гадна талдаа нэг их сайхан пластмасан мөртлөө дотроо бол мөн л бохир усных нь асуудлыг шийдээгүй, яг л хуучны жорлонтойгоо адилхан байдаг юм билээ. Үүнийг өөрчилмөөр байна. Гал болж гарч байгаа уяачдад 00-ийн асуудлаа шийд гэдэг ч юм уу, зочдынхоо эрүүл тохитой байх боломжийг ханга гэсэн стандарт тогтоогоод кампанит ажил зохион байгуулдаг ч юм уу, арга хэмжээ авах хэрэгтэй байна л даа. Наадамдаа хөөрсөн баярласан монголчуудын тэр их сайхан оргилуун сэтгэл баяр хөөрийг гутааж гомдоож байна. Хүй долоо худаг руу машин оруулдаг А,Б, В ч гэлүү зөвшөөрлүүд ямар ч хэрэгтэй юм. Сүүлдээ Я үсэг ч гарах нь шиг байна. Хүн болгоныг залхаадаг. Ний нуугүй хэлэхэд тэр зөвшөөрөл наадмын комисс, зохион байгуулж байгаа хүмүүст л ашигтай байдаг байх.
-Нэг талаасаа зай талбай хүрэлцэхгүй, хэт их машин овооролдуулахгүйн тулд тодорхой хэмжээний зохицуулалт хийж байгаа хэрэг байх л даа, машинд зөвшөөрөл олгоно гэдэг нь…?
-Наадам бол монголчууд бүгд үзэх ёстой баяр. Монголчуудын наадам болохоос А, Б зөвшөөрөл авсан хүмүүсийн наадам биш биз дээ. Чи А, Ү зөвшөөрөл аваагүй бол наадам үзэх эрхгүй гэсэн бодлого барьж байгаа бол буруу. Энэ бол зохион байгуулалт биш. Ерөнхийдөө соёолонгийн уралдаанд улаанбаатарчуудын 70 хувь нь ирдэг гэдэг. Тэнд 700-гаад мянган хүн 200-гаад мянган машин ирлээ гэхэд чөлөөтэй зогсох боломжтой. Зөв зохион байгуулж чадах юм бол нийслэлчүүд бүгд л хурдан мориныхоо уралдааныг үзэж баясч, наадах боломжтой. Сая бол соёолон уралдаж байгаа өдөр бол цагдаагийнхан зохицуулж дийлэхгүй байсан биз дээ. Нэг эрээн модтой цагдаа дээр 200 машин овоорлоо гэхэд яах билээ? Тэгээд л дийлэхээ байгаад зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй машинуудыг оруулж байгаа биз дээ. Ер нь ямарваа нэг юманд хязгаарлалт хийхэд л улам хүндэрдэг шүү дээ. 15 мянган төгрөгний үнэтэй А зөвшөөрөл 120 мянган төгрөг хүрлээ л гэж байна. А зөвшөөрөл авсангүй гээд авгай нөхөр салах дайны юм болдог гэсэн. Заавал ингэж зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүйгээр нь ялгаж байхаар зөвхөн наадмын өдрүүдэд 22-ын товчооны 500 төгрөгийн зөвшөөрлийг хоёр мянган төгрөг болгоод зохицуулчих ч юм уу боломжууд байгаа шүү дээ. Стадионы гадаа гэхэд А зөвшөөрөлтэй нь машин өдөржингөө хаяад л алга болно. Түүний оронд цагаар нь зогсоолын төлбөрөө аваад зохицуулах туршлагууд ч байна.
-Зочдоо яаж тухлаг байлгах вэ гэдэг дээр их санаа тавьсан юм байна. Эхний жил гэхэд үнэхээр сайн бэлтгэж. Гэхдээ мэдээж хэрэг аливаад шинийг харж, хөгжүүлэхийг зорьж байгаагийн хувьд бас шинэ санаа, оноо төрж л байгаа биз дээ?
-Цэргийн маань найз нар галдаа залсан тугаа хонуулж болохгүй, өглөө ёслол төгөлдрөөр залаад, оройд нь буулгаад байвал хүндэтгэлийн хувьд ч зохимжтой гэсэн гоё санаа хэлсэн. Төрийн далбаа гэдэг хаа нэг газар байлгадаг эд биш. Зарим нэг галынхан зүгээр л зэвтэй төмөрт өлгөөд хатгачихсан ч байх шиг. Би бол яг зориулалтынх нь суурин дээр Төрийн далбаагаа мандуулсан. Дараа жилээс Төрийн далбаагаа өглөө, оройдоо хүндэтгэлтэй залж байя гэж бодлоо. Өглөөн нартай уралдан Төрийн далбаагаа ёслол төгөлдөр зална гэдэг төрт ёсоо хүндлэн дээдэлж байгаагийн нэг илэрхийлэл, бас сайхан мэдрэмж юм даа.
-Түрүүн морьд маань түрүүлбэл хэдэн хүн ирэх юм байна гэдэг тооцоог гаргалаа гэж байсан. Тэгэхээр түрүү атгах нэг бодол байна даа?
-Түрүүлүүлэх л гэж уядаг биз дээ. Монгол хүн чинь өөдрөг л бодож явна. Түрүү аваагүй байсан ч би гомдохгүй. Аливаа юманд бас цаг хугацаа хэрэгтэй. Шууд л аварга болчихдоггүй биз дээ, тэгвэл бас амтгүй. Аварга болохын тулд наана нь хөлс хүч, хөдөлмөрөө гаргах нь тодорхой.
-Энэ удаад санасан бүхэн тань сэтгэлчлэн бүтэх болтугай гэж ерөөе. Нөгөө талаас монгол наадмаа сайхан болгох үүднээс их л олон зүйл хийх урам зориг, санаа бодол өөдрөг байгаа юм байна гэж ойлголоо…
-Хүн нийгэмд нүцгэн ирсэн нүцгэн чигээрээ л буцна. Байгаа энэ үедээ өөрийгөө л болгох гээд бус нийтээрээ сайхан байх сан гэж боддог. Монголчууд цөмөөрөө сайхан наадах ёстой. Монголчууд түүхэн хөгжлийнхээ алхам дээр гарсан байна. Гэхдээ өнгөрсөн 20 жилд цөөхөн баян хүн гарч ирээд Монголд ямар гоё зүйл нэмэгдэв ээ. Юм юмны бай шагналд алалцаад байдаг мөртлөө нэг хүүхдийн цэцэрлэг барьсан, нэг сайхан нийгмийн ажил хийчихсэн хүн байна уу? Гадны том баячууд хандив, хийсэн ажлаараа л уралдаж байна. Гэтэл манайхны уралдаан хувцас, чимэг, машин, алтан баавартай эмээл. Үүнд шинэчлэл хэрэгтэй байна. Энэ шинэчлэлийг залуус л хийнэ. Цөмөөрөө зөв зохистой нийгмээ байгуулахгүй бол хэцүү байна шүү дээ. Улаанбаатар маань дампуурчихлаа. Наадмын сайхан сэтгэгдэл хэвээр байгаа энэ үед шүүмжлэл ярих ч хаашаа юм бэ, хальчихлаа. Гэхдээ бид үүнийг хийх ёстой, би ч хүч чадлаараа зүтгэнэ гэдгээ хэлмээр байна.
URL: