БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг энэ сарын 26-28-нд бүртгэнэ

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг энэ сарын 26-28-нд орон даяар явуулахаар болсон юм. Бүртгэлийг 09.00-13.00, 14.00-18.00 цагийн хооронд 21 аймаг, есөн дүүргийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсээр дамжуулан зохион байгуулах юм.

Иргэд бүртгүүлэхдээ гадаад паспорт, иргэний үнэмлэхний хуулбар, сүүлийн зургаан сард авахуулсан 3.5×4.5 хэмжээтэй хоёр хувь өнгөт цээж зураг, бүртгэлийн хураамж 30 мянган төгрөгийг “Хадгаламж” банкны 10210022222 тоот дансанд төлсөн баримтыг бүрдүүлэх шаардлагатай ажээ.

Түүнчлэн Солонгос хэлний мэддэгтэй, 18-39 насны, тус улсаас албадан гаргах захирамж гаргуулж байгаагүй, элэгний В, С вирүс, ДОХ, тэмбүү, сүрьеэ өвчнөөр өвдөөгүй байх зэрэг шаардлагууд тавьж байгаа аж.

Харин бүртгэл дууссаны дараа хэлний шалгалт хэзээ авахыг ирэх сарын 18-нд олон нийтэд мэдээлэх юм байна.

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэд болон өмнө нь Гадаадад ажиллах хүч илгээх төвд бүртгүүлсэн иргэд холбогдох мэдээ, мэдээллийг Хөдөлмөрийн төв биржийн www.labornet.mn буюу www.hudulmur.mn вэбсайтын баруун дээд буланд байрлах “БНСУ-д ажиллах” цэснээс авч болох юм байна.

Дашрамд дурьдахад Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтын бүртгэл явагдах гэж байгаатай холбогдуулан “Бүртгүүлж өгнө, солонгос хэлний төвшин тогтоох шалгалтад оруулж тэнцүүлж өгнө” гэсэн хувь хүнд хууран мэхлэгдэхгүй байх, өөрийгөө хохироохгүй байхыг анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих