Хятад улс өвчтэй гахайн мах борлуулж байсан 110 хүнийг баривчилжээ
Хятадын цагдаа нар өвчтэй гахайн мах болон бусад зөрчилтэй бүтээгдэхүүн борлуулж байсан 110 хүнийг баривчлан саатуулжээ. Тэд өвчнөөр үхсэн гахайг 2008 оноос хойш фирмүүдээс хямд үнээр худалдан авч, борлуулдаг сүлжээг бий болгосон байжээ. Тус улсын Олон нийтийн аюулгүй байдлын яамны мэдээлснээр, өвчтэй гахайн махыг 11 мужийн зах зээлд борлуулж байсныг олж тогтоогоод байгаа аж. Энэ нь Хятадын хүнсний аюулгүй байдлын стандартад итгэх олон нийтийн итгэлийг бууруулсан анхны тохиолдол биш юм. 2013 онд Шанхай хот Хятадын зүүн бүс нутгийн хотууд руу урсдаг голын усанд 10 мянга гаруй үхсэн гахай хийж, урсгасан байсныг олж тогтоож байсан юм.
“ХОРИОТОЙ” МАХЫГ ЗАХ ЗЭЭЛД БҮТЭЭГДЭХҮҮН БОЛГОЖ БОРЛУУЛЖ БАЙЖЭЭ
Олон нийтийн аюулгүй байдлын яамны мэдээлснээр, 11 сүлжээ бүлэглэл хүнсний хорио цээрийн бичиг авахаар хүнсний хяналт тавих эрх бүхий байгууллагын ажилтанд хахууль өгснийг тогтоожээ. Өөрөөр хэлбэл энэхүү сүлжээ бүлэглэлүүд “хүнсэнд хэрэглэхэд аюулгүй” гэх шалгалтын бичгийг худалдан авч, хуурамчаар үйлддэг байсан аж. Дээрх бүлэглэлүүдийн борлуулсан өвчтэй гахайг худалдан авагчид гахайн утсан мах, хиам, ургамлын тос зэргийг хийж зах зээлд борлуулсан байгаа юм. Тус яамны мэдэгдэлд ийм төрлийн бүлэглэлийн 75 хувийг баривчилж, яллаад байгаа аж. Түүнчлэн хэд хэдэн хуурамч бичиг үйлдсэн хүнсний хорио цээрийн ажилтнуудыг холбогдох хэрэгт татан шалгаж байгаа юм байна. Хятадын цагдаагийн алба 1000 гаруй тонн хориотой мах, өвчтэй гахайгаас гарган авсан 48 тонн ургамлын тос болон хэрэглээгүй махыг хураан чвч устгалд оруулсан байна. “McDonads” бохир махаар хоол хийж байсан болон хүүхдийн халдвартай сүү зэрэг хүнсний аюулгүй байдлыг зөрчсөн олон шуугианы дараа Хятад улс хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж, стандартыг мөрдүүлэхээр хичээж ажиллаж байгаа юм.
ҮНДЭСНИЙ ШУУДАН
URL: