Эх нялхаст амиа хорлосон этгээд өмнө нь тэнд ажилладаг байжээ
ЭХЭМҮТ-д хүн амиа хоролжээ гэх таагүй мэдээ шинэ оны дараахан гарсан. Бяцхан үрс хорвоод мэндэлдэг ариун газар ийм муухай хэрэг гарсанд олон хүн эмзэг хүлээж авсан. Тиймээс яг юу болсон талаар тус эмнэлгийн тусламжийн төвийн менежер Б.Надмидаас дараах зүйлийг тодрууллаа.
-Шинэ он гараад удаагүй байхад танай төвд таагүй хэрэг гарчээ. Энэ талаар тодруулаач?
-Тийм ээ. Юуны өмнө хэлэхэд нэг хүн хорвоогоос жаахан эвгүй байдлаар явжээ. Нэгэн аав ээж гэр бүл өнчирсөн байж таараа. Манай төвийн сантекникийн инжинер, ерөнхий инжинер нарын мэдээлснээр төвлөрсөн дулаан хангамжийн (ЦТП) хэсгээс газар доогуур төвийн таван блок барилга байгууламжийн халаалт, цэвэр бохир усны шугман хоолойн хэвтээ, босоо шугмууд тойруу замаар бараг нэг км. Зарим блокийн шугман хоолой цоорч гэнэтийн эвдрэлд ойр ойрхон ордог тул газар доорхи байгууламжийн хяналтыг сайжруулах зорилгоор тус төвийн инженер техникийн тасгийн хамт олон тойрон үзлэг хийж ажилладаг юм. 2015 оны нэгдүгээр сарын 6-нд 10.00 цаг орчимд төвийн инженер техникийн тасгийн слесерь Д.Цогбаяр ажил үүргийн дагуу дулааны шугам сүлжээг шалгаж, тойрон үзлэг хийх явцдаа хонгилд байрлах хоосон ашигладаггүй салхивчны өрөөний хаалганы цоож нь эвдэрсэн байгааг мэдэн онгойлгоход шугман хоолойноос хүн дүүжлэгдэж үхсэн байхыг харж айн цочирдон төвийн харуул, албаны даргадаа мэдэгдсэн байна. Төвийн харуул А.Мөнхбаатар 102-т дуудлага өгч улмаар 11.00 цагт БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс бүрэн бүрэлдэхүүнээр ирж холбогдох арга хэмжээ авсан. Уг харамсалтай үйл явдал болсон газар нь хүүхдийн эмнэлгийн хонгилд байрлах ашигладаггүй салхивчны цоожтой өрөө юм билээ.
-Амиа алдсан гэх хүний талаарх мэдээлэл танд бий юу. Өмнө нь танай төвд ажиллаж байгаад гарсан гэх мэдээлэл гарсан байсан. Энэ үнэн үү?
-Амиа алдсан хүний хувьд манайд өмнө нь богино хугацаанд ажиллаж байгаад 2012 онд ажлаасаа гарсан. Ажиллах хугацаандаа ямар нэг зөрчил гаргаж байгаагүй юм билээ. Цалин өндөр хөдөө ажилд орохоор боллоо гээд ажлаасаа гарсан гэсэн. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа. Тиймээс тэд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх.
-Танай төв ч төөрдөг байшин шиг толгой эргэмээр шүү?
-Тийм ээ. Манай төвд эргэлтийн хаалгаас гадна орж гарах долоон хаалгатай. Газар доогуур бас дээрх шигээ маш том байгууламж бий. Эмнэлэг үйлчилгээний ажлууд хоол, эм тариа, угаалгийн зөөлөн эдлэл хэрэглэл бүгд хонгилоор бараг 500-800 м газар явна. Нийт дулааны, цэвэр бохир усны, салхивчийн гэсэн хаалга хонгил зам эргэх холбоогоор бараг 1.5 км байна.
polit.mn
URL: