С.Баярцогт дарга аа, Улс орноо аврахын тулд “Нууц данс”-аа хоослооч!

7660_552      Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга гэх том местэн дээр заларч чадсан эрхэм бол Ч.Сайханбилэг сайдын найз С.Баярцогт. Түүнийг энэ албан тушаал дээр очно гэсэн яриа гарангуут л татгалзах байх, нэрээ татах байх гэсэн хүлээлт нийгэмд бол байсан юм. Нийгэмд битгий хэл төрийн ордонд, түүнтэй мөр зэрэгцэн суугаа эрхэм гишүүд ч арай л Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болчихгүй байлгүй дээ хэмээн ам амандаа ярьж яваа тухай мэдээлэл гарч байв.  Ийм яриа гарах болсон нь ч учиртай.

Тэрбээр харийн оронд “нууц данс” нээж нэг сая доллар оруулж гаргасан гэдгийг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэг олж тогтоосон байдаг. Дэлхийн улс орноор нэг цацагдсан учраас Монголчуудыг ч энэ тухай мэдээлэл цочироосон юм. Тухайн үед С.Баярцогт УИХ-ын дарга байсан бөгөөд яаран сандарч сэтгүүлчдэд хандахдаа, манай найзууд л тийм данс нээчихсэн байсан, би мэдэхгүй байна, сая доллар л орж гарсан гэх мэт элий балай юм ярьж байсныг сонссон хүн бүр мартаагүй. Тэгээд болоогүй хэвлэл мэдээллийн байгууллагуудаар явж мөнгө цаас тарааж энэ тухай мэдээллэхгүй байхыг сануулж байсан билээ.

Ийнхүү С.Баярцогтын “ нууц данс”-тай холбоотой мэдээлэл нэг хэсэгтээ намжив. Харин мань хүн  дээрх мэдээллээс болж УИХ-ын даргын албан тушаалаасаа сайн дураараа татгалзаж, сул гишүүн болчихсон билээ. Өөрийнх нь ам хэлээр бол түүний “нууц данс”-тай холбоотой асуудлыг хуулийн байгууллагынхан шалгаад ямар нэг “Но” илрүүлээгүй юм билээ. Харийн улс орны сэтгүүлчид ч бас буруу зөрүү мэдээлэл тараажээ, уучлаарай гэсэн гэдэг. Үнэхээр тийм бол тэр бүхнийг гэрчлэх баримтуудаа ард түмэн, сонгогчиддоо харуулах хэрэгтэй гэдгийг сануулах нь зүйтэй биз.  Харин баримт сэлт нь байхгүй бол энэ удаа “нууц данс” аа хоосолж, байгаа мөнгийг нь улс орондоо хандивлавал С.Баярцогт таны нэр хүнд ч сэргэж мэднэ.

Яг өнөөдөр бол Монгол Улс эдийн засгийн хямрал гээчээс бултаж зугтаж чадахгүй болчихоод байна. Тав арван цаас ч байсан хандивлах хэрэгтэйг таны найз Ч.Сайханбилэг Ерөнхий сайд сануулж буй. Өөрөөр хэлбэл ээжүүдийн , эмэгтэйчүүдийн ламбарданд хадгалуулж байж үр хүүхдээ хоолтой хонуулж байгаа ээмэг бөгжийг авсаны оронд тань мэтийн хүмүүсийн “нууц данс”-ыг хоосолж, улс орноо хямралаас гаргах нь ардад ч таалагдана. Жил зургаахан сарын дараа та бүхэн ард түмэн рүүгээ харж “Намайг сонгоорой” хэмээн гуйх өдөр ирнэ. Өнөөдрөөс эхлээд дахин нэр дэвшвэл сонгогдох боломжоо эрэлхийлж , хөрс суурийг нь бэлтгэх хэрэгтэй гэдгийг хэлэх байна.

Эцэст нь хэлэхэд, төрийн харалган бодлого, та бүхний хайр найргүй идэж ууснаас болж энэ улс орон, ард түмэн ядуурч, эдийн засгийн хямралын өмнө элгээрээ хэвтэж байна. Иймээс өөрсдөө давж гарах замыг эрэлхийлж, цөөхөн Монголчуудыгаа ажлын байраар хангаж, амьдралд нь хүрэлцэхүйц цалин мөнгө олгож, идэх хоол өмсөх хувцасныхаа төлөө хулгай хийж, худал хэлэхгүй байлгаач гэж л хүсмээр байна.

Ж.Батхишиг /Hunnu.mn/


URL:

Нэр: маерпва Огноо: 13 January 2015

Уих ын дэд дарга бсан новш шуу дээ

Сэтгэгдэл бичих