Бүсээ чангалах жил болох нь

olloo_mn_1420425782_2015

2014 он улиран одож, 2015 он айлчлан ирлээ. Энэ онд бид их зүйлийг хүлээх хүлээлттэй эхлүүлж байна. Хамгийн эхний хүлээлт бол энэ оны төсвийн тодотгол. Өнгөрсөн намар УИХ 2015 оны төсвийн зардлыг 7.4, орлогыг 7.2 их наяд төгрөг байхаар баталсан. Харин 2014 оны төсвийн орлого нэг их наядаар тасарсан нь тодорхой болсон. Тиймээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 оны төсвийн тодотголын талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахдаа бүсээ чангалах жил ирж буйг сануулж, хөрсөн дээрээ бууж, хүндрэл, хямралыг хүлээн зөвшөөрөх ёстойг хэлсэн юм. Түүнчлэн 2015 оны төсвийг тодотгохдоо юуны өмнө орлого, зарлагыг нэг их наяд төгрөгөөр танана гэдгээ мэдэгдсэн. Ингэхдээ эцэг, эх нь нэг сая төгрөгийн орлоготой бол хүүхдийн мөнгийг олгохгүй байх, олон хүүхэд төрүүлсэн ч хүүхдүүд нь насанд хүрсэн бол одонгийн мөнгийг олгохгүй байх, оюутны 70 мянган төгрөгийг сурлагын дүнгээс хамаарч олгох гэх зэргээр халамжийн бодлогуудыг багасгана. Түүнчлэн малчдаас малын хөлийн татвар авах, төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдын цалингийн нэмэгдлийг нэг жилийн хугацаанд тэвчих гэх зэргээр бүсээ чангалах бодлогуудаа танилцуулсан юм.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат 2015 оны Төсвийн тодотголын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан. Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сан, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан ч УИХ, Сангийн яамныхан албан ёсны цахим хуудсандаа задаргааг нь мэдээлсэнгүй. Шинэ оны эхний ажлын өдрөөс эхлэн УИХ 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэж эхэлнэ. Засгийн газар хэрвээ өмнө нь танилцуулж байсанчлан төсвийн тодотголоо оруулж ирсэн бол 2015 он монголчуудын хувьд бүсээ нэлээд хэмжээгээр чангалсан жил байх нь.

gonews.mn


URL:

Сэтгэгдэл бичих