АН-ын бүлэг 2015 оны төсвийн тодотголыг дэмжинэ гэв
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Ерөнхий сайд болон УИХ-ын даргын мэдээллийг сонсож, 2015 оны төсвийн тодотгол, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг хэлэлцжээ.
Дээрх хуулийн төслүүдийг АН-ын бүлгийн гишүүд 100 хувь дэмжиж, УИХ-аар хэлэлцэх нь зөв гэж үзлээ хэмээн тус бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж мэдээллээ. Энэ үеэр сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.
-2015 оны төсвийн тодотголыг эдийн засгийн хямралыг давахад нөлөөлнө гэж үзэж байгаа юу. УИХ-ын гишүүд өрийн босгыг 70 хувьд хүргэсэн талаар ярих болсон. Энэ талаар?
-Эдийн засгийн хүндрэлтэй байгаа нөхцөлд тааруулж төсвийн тодотгол оруулж ирсэн. Өрийн босгыг нэмээгүй. Өрийн босгыг өөрчлөх хуулийг УИХ-ын гишүүдийн 66 хувийн саналаар өөрчлөх хуультай. АН-ын бүлэг Засгийн газар бонд гаргаж, яамд өөрсдийн дураар зарцуулах бус тухайн хөрөнгийг хэрэглэх төсөл бүрийг УИХ-аар хэлцдэг байх хэрэгтэй гэж үзэж байгаа.
-2015 оны төсвийн тодотголд хүүхдийн мөнгө, төрийн албан хаагчийн нэг удаагийн тэтгэлэг зэрэг халамжийн мөнгийг танах тухай ярьж байгаа гэсэн?
-Ер нь бол халамжийг танах тухай яриагүй. Хүүхдийн мөнгийг улсын хэмжээнд нийт өрхийн 80 гаруй хувь нь л авдаг. Өөрсдийн гэсэн бизнес эрхэлдэг, амьжиргааны баталгаажих түвшнөөс дээгүүр орлоготой хүмүүс бараг авдаггүй. Тиймээс төрөөс дэмжлэг авахгүйгээр амьдралаа зохицуулж байгаа хүмүүсийн мөнгийг хэмнэх тухай ярьсан юм.
-АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь өнөөдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Түүний оронд нь ямар хүн томилох вэ?
-Дүрмийн дагуу намын дарга Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшигчийг санал болгох ёстой. Үүний дагуу намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, үүрэг гүйцэтгэгчийг томилдог. Үүний дараа Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар үүрэг гүйцэтгэгчийг жинхэлэх эсэхийг хэлэлцэнэ.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
montsame
URL: