Тансаглалаас ямаа завшиж, популизмаас улстөрчид л хождог
1. Оноор нь тоолбол жилийн, өдреөр нь хөөвөл арваадхан хоногийн өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-д хаалттай мэдээлэл хийсэн билээ. Шинэ жилийн уур амьсгалд нийгэм автчихсан, оргилуун дарс оволзсон баярын дундуур УИХ бараг хагас өдрөө Ерөнхийлөгчийн энэхүү мэдээлэлд зориулсан юмдаг. Гэвч энэ тухай хэвлэлүүд төдийлөн дуугарсангүй, твиттерт байсан хэдэн хүн л цагийг нь “бүртгээд” өнгөрсөн байх. Иймээс хаалттай хаалганы цаана чухам юу өрнөсөн тухай тодрууллаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд улс орны эдийн засаг хүнд байгааг, Оюутолгойн гэрээ гацаж буйг, Тавантолгой төслийг урагшлуулах хэрэгтэйг энэ хурлын үеэр голчлон ярьжээ. Мөн Сонгогдсон болон томилогдсон өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг УИХ нэн яаралтай батлан гаргах шаардлагатайг ч энэ үеэр хэлсэн байна. Ер нь бол Ерөнхийлөгчийн хэлсэн гол санаа нь популизмд хориг тавих тухай байсан аж. Улс орны эдийн засаг хүндэрсэн гол шалтгааныг ч тэрээр улстөрчдийн бодлогогүй алхамтай холбон тайлбарлажээ. Тиймээс цаашид гадна ертөнц рүү нэг амаар ярих хэрэгтэйг Ерөнхийлөгч сануулсан байна.
Төрийн ордонд утасны сүлжээ унагаж, интернэт сүлжээг хязгаарлан байж хийсэн энэхүү хаалттай мэдээлэлд дурдсан гол санаа нь дээр өгүүлсэнчлэн популизм л байв. Популизмд хориг тавих тухай, популистуудыг хазаарлах тухай мэдээллийг зориуд хаалттайгаар УИХ-д хийсэн нь ч учиртай. Яагаад гэвэл тэр дугуй танхимд сууж буй 76 хүнээс, тэдний мэдэгдлээс шалтгаалж эдийн засаг хэлбэлзэж байдаг нь нуух аргагүй үнэн. Санаж байвал С.Баяр Ерөнхий сайдын албаа эрүүл мэндийн шалтгаанаар өгөхөө мэдэгдсэний маргааш л Оюутолгойн хувьцаа Лондонгийн хөрөнгийн бирж дээр зургаан хувиар унаж байлаа. Энэ бол улстөрчдийн мэдэгдлийн үнэ цэн. Үүн шиг өдөр бүр Оюутолгойн гэрээг муулсаар байвал нэгэнт хөрөнгөө оруулчихсан “Рио Тинто”-гоос илүүтэй дараа, дараагийн төслүүдийг санхүүжүүлэх гэж байсан хөрөнгө оруулагчид л үргэнэ. Үүнийг л Ерөнхийлөгч хэлжээ. Яагаад гэвэл, манай УИХ дотор дахин сонгогдохын тулд зөвхөн Оюутолгойгоор л улс төр хийсэн нэг бус, нэг хэсэг гишүүн байгаа нь үнэн. Бас дараагийн сонгуулийн гол хөзрөө Оюутолгой болгочихсон гишүүд ч энэ парламентад байгаа. Тиймээс популистуудыг эелдгээр бол тэвчихийг уриалж, тойруугаар бол “эргүүлэн татах хуулийн төсөл”-өөр Ерөнхийлөгч “айлгажээ”.
2.
Ерөнхийлөгчийн мэдэгдлийн үргэлжлэл болгон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-нд төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа. Хавтгайрсан халамжаас татгалзах, үрэлгэн зардлаа хумих зорилготой энэ төсөл нь одоо УИХ-ын шүүлтүүрээр орох гэж байна. Төсөв дотор анхаарал татсан олон тоо, шийдэл байгаагийн нэг нь хүүхдийн мөнгийг зорилтот хэсэгт нь олгох Засгийн газрын санал. Одоо хүүхэд бүрт Хүний хөгжил сангаас олгож буй 20 мянган төгрөгийг нийгмийн ядуу буюу зорилтот хэсэгт өгөх саналыг Засгийн газар гаргажээ. Тэдний тооцсоноор Хүний хөгжил санд буй хүүхдийн мөнгөнд төлөвлөсөн эх үүсвэр болох 246 тэрбум төгрөгийг 151 тэрбум болтол буулгах аж. Өөрөөр хэлбэл, өрхийн сарын дундаж орлого нь нэг сая төгрөгт хүрэхгүй айлын хүүхдэд сард 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгож, үлдсэн 40 хувийг нь энэ мөнгөнөөс хасах санал гаргажээ. Үүнийгээ ч “Хүүхдийн мөнгө бол халамж” гэж тайлбарлаж байгаа юм байна. Харин бодит байдал дээр энэ мөнгө үнэндээ АН-ын популист амлалтаас эхтэй шүү дээ. Тиймээс ч одоо өөрчилж чадахгүй болов уу гэдэг нь эргэлзээтэй. Учир нь, анх хүүхдийн мөнгийг нийгмийн эмзэг хэсгийн хүүхдэд 3000 төгрөгөөр олгож эхлэх үед иргэд Цэцэд гомдол гаргаж заргаа авсан байдаг. Өөрөөр хэлбэл, энэ бол халамж биш, ирээдүйдээ оруулж буй хөрөнгө оруулалт учир хүүхэд бүрт өгөх ёстой гэсэн Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр одоо ч хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Тиймээс энэ удаа хүүхдийн мөнгийг халамж гэж үзэх боломж УИХ-д ч, Засгийн газарт ч байхгүй. Хасвал хүүхэд бүрийнхийг, хасахгүй бол хүүхэд бүрт л олгох ёстой.
3.
Популизмаас хэн хождог вэ. Хүүхдийн мөнгийг санаачилсан АН тэргүүтэй “Эх орон ардчилал” эвсэл сонгуулиар ялалтын туг намируулж байсан гэхээр тэд хожжээ. Иргэн бүртээ нэг сая, 1.5 сая төгрөг амлаж байсан АН, МАН-ынхан одоо засаглаж байна гэхээр тэднээс хожил холдоогүй л бололтой. Оюутолгойн гэрээг муулж, стратегийн ордуудыг иргэн бүрт хувааж өгнө гэж амлаж байсан “Шударга ёс” эвслийнхэн ч УИХ-д бүлэгтэй болж хожиж чадсан. Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай, “Урт нэртэй” хууль зэргийг батлуулж, үүнийгээ ярьж явсан хүмүүс УИХ-д бүгд шахуу дахиад ороод ирсэн гэхээр тэд ч бас хожжээ. Оюутолгойг өдөр бүр ярьж, үргэлж муулж явдаг гишүүн ч топ-10 улстөрчийн жагсаалтад одоо үргэлж толгой цохиж яваа гэхээр тэр хүн ч бас хожсон байна. Нээрээ бас уул уурхайн асар их мөнгөө барж ядсан үедээ УИХ-ын гишүүд яаж популизм хийхээ олохгүй ямаанд хүртэл мөнгө өгсөн гэхээр тэд ч бас хожсон байна. Харин улс орны эдийн засаг муудаж ард түмэн хохирлоо. Төгрөгийн ханш суларч, юмны үнэ нь өссөн гэхээр иргэд бас л хохирчээ. Ядаж л сая, сая таван зуугаа сар бүр 21 мянгаар хувааж авсан болохоор иргэдэд ч энэ мөнгө нь наалдсангүй. Шинэ гэр бүлүүдэд өгсөн 500 мянга төгрөг нь зохиомол гэр бүлүүдийг л нэмсэн гэхээр нийгэм тэр чигтээ бол хожиж чадаагүй. Харин хүн бүртээ хүргэж байсан хүүхдийн мөнгө нь л оновчтой гэж улстөрчид тайлбарладаг байснаа одоо больж байх шиг байна. Тэгэхээр хүүхдүүд ч хожсонгүй дээ.
Ч.ГАНГЭРЭЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: