Хакухо Японы оны шилдэг тамирчны шалгаруулалтад аман хүзүүдэв

6d97636a1340ee9agreatЯпоны 2014 оны шилдэг тамирчнаар 24 настай теннисчин Кей Нишикори шалгарлаа. Япондоо хамгийн нэр хүндтэйд тооцогддог Japan Professional Sports Grand Prize буюу монголчилбол оны мэргэжлийн спортын оны шилдэг тамирчны жагсаалтын аман хүзүүнд ёкозүна Хакухо М.Даваажаргал нэрлэгджээ.

Кей Нишикори нь өнгөрөн одож буй жилд “Их дуулга”-ын цуврал дөрвөн тэмцээний нэг US Open-ийн финалд шалгарсан бөгөөд ATP-ийн дөрвөн тэмцээнд түрүүлж, чансаагаараа дэлхийд тавд бичигдээд байгаа юм.

Харин ёкозүна Хакухо М.Даваажаргалын хувьд мэргэжлийн сумогийн оргил амжилт ёкозүна Тайхогийн 32 түрүүтэй эн зэрэгцсэн билээ. Японы оны шилдэг тамирчны гуравт бэйсболч Чихиро Канеко бичигдсэн байна.

Japan Professional Sports Grand Prize шагналыг 1968 оноос эхлэн гардуулж эхэлсэн юм. Тус шагналыг бэйсболчид 23 удаа, сумочид 7 удаа, хөлбөмбөгчид 5 удаа хүртэж байсан юм.

Хакухо М.Даваажаргал 2010 онд тус шагналын эзэн болж байлаа. Үүнээс өмнө Асашёорюү Д.Дагвадорж 2004, 2005 дараалан хоёр удаа тус шагналыг гардсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих