Төв Хорооны “Ардын дайсан”
“Ардын дайсан” хэмээгчид 1938 оны байдлаар эсэргүүний төрөл садан, лам нар, цагааны үлдэгдэл, дүрвэгсэд буюу гадаадад гараад эргэж ирэгсэд, айж эмээхдээ тайван газар нутгийн тухай яриа үүсгэгчид буюу оргохыг хүсэгчид багтаж байв.
Коминтернээс МАХН-ын Төв Хороонд “… сүм, жас, ноёдын хөрөнгө малыг хураах”, “ван, гүн, лам нар, сүм, жас, жич хувьсгалыг эсэргүүцэгч этгээдийн хөрөнгийг албадан салгах” санал 1927 оноос тавьж тэр нь эсрүүцэлтэй тулгармагц 1928 онд Шмераль, Макдональд, Амгаев нарыг томилон илгээж МАХН-ын долдугаар их хурлыг хуралдуулан “санал зөвөлгөө”-гөө тулган хүлээлгэснээр өмчид шууд халдах нөхцлийг бүрдүүлжээ. 1932 оны 12 дугаар сард МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын хурлаар “Феодлыг цаашид хэрхэн устгах тухай” тогтоолыг гаргаж, “Дотоодыг Хамгаалахын газруудаас феодлыг олноор устгах тухай бэлтгэл нь дутагдалтай байсан ба Төв Хорооны феодлыг устгах тухай гаргасан 1931 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гаргасан зааврыг ёсчлон гүйцэтгэж байсан боловч мөнхүү зааврын улс төрийн чанар нь буруугаар өөрчлөгджээ” хэмээгээд “феодлыг устгахад Дотоодыг Хамгаалах газар нь Шүүх таслах газруудад шилжүүлж байхыг заагаад: “феодлыг устгах явдалд олон нийтийн саналыг дайчлан … ард олныг шуудаар оролцуулах тухай заавруудыг аймгуудын нам, эвлэлийн байгууллагуудад өгөх явдлыг чухал”-д үзжээ. Мөн 1931 оны 12 дугаар сарыйн 10-ны өдрийн Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор: “Дорнод, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Алтай аймгуудын хар, шар феодлуудыг цөмийг аймгуудын төв дээр нүүлгэн ирүүлэх ажлыг гүйцэтгэх, харгис нударган баячуудыг ба цагааны үлдэгдлүүдийг баривчлан авах явдлыг кампани болгон явуулж үл болох тул Дотоодыг хамгаалах газруудаас өдөр тутмын хэрэг дээр биелүүлэн … баривчлан авч гүйцэтгэх”-ийг заажээ. Мөн 1937 оны 9 дүгээр сард Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн 45 дугаар хурлаар : “Лам нарын асуудлын тухай” тогтоолыг гаргаж, Дотоод Явдлын Яамны дэргэд далан хүүхдийн сургуулийг байгуулж 18 нас хүрээгүй хүүхдүүдийг татан суралцуулах, Хилийн зурваст ойр сүм хийдийг дотогш татах асуудлыг боловсруулах, лам нарын бүртгэл үйлдэх, тэдгээрийг бүртгэлжүүлэхийг тус тус даалгажээ.
Намын Төв Хорооны тогтоол зааврын дагуу ажиллаж байсан ДХГ, ДЯЯ нь 1932-1939 он хүртэл “Ардын дайсан”-ыг дарах даалгавар, үүргийн дагуу ажиллаж, буруутай үйл ажиллагааг шүүмжилснээр тус газар, хэлтсийн дарга, ажилтан албан хаагчид нь өөрсдөө “Ардын дайсан” болж байв. Тухайлбал: Маршал Х.Чойбалсанд: “ лам нарыг олноор нь хавтгайруулан баривчилж, устгасан явдлыг зөвшөөрөхгүй, хамтрал байгуулагдаагүй цагт ардын хөрөнгийг хурааж авсны хэрэггүй, мөн хөдөөд лам нарыг бариад хөрөнгийг нь хурааж байна. Энэ буруу …” хэмээн удаа дараа захидлуудыг бичиж өөрөө хэлмэгдсэн Дотоод Явдлын Яамны Шинэ хүчний /Боловсон хүчин/ хэлтсийн дарга Х.Нямаа зэрэг нэг зуун тавин дөрвөн “Ардын дайсан”ыг нэрлэж болох ажээ. ДЯЯ-ны ажилтан албан хаагчдыг “Ардын дайсан”-тай харилцаатай байхыг хориглосон тушаалыг 1938 онд ДЯЯ-ны сайдаар гаргуулж, уг тушаалдаа харилцаатай байх ахул шүүхэд шилжүүлэх заалтыг оруулжээ.
Лам нар, нударган, буриадууд, японы тагнуул зэргээр үргэлжилсэн “Ардын дайсан”-уудыг устган дарах үүрэг, даалгаврыг гүйцэтгэхэд ДЯЯ-ны ажилтан, албан хаагчдаас түүнийг буруугаар ашиглах, хувийн асуудлаас болж зохиомол хэргийг бий болгон гэм зэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлэх явдал ч гарч байжээ.
Ж.Лхүмбийн хэргийн Хэнтий чиглэлийн хэрэг энэхүү явдлын тод гэрч билээ. Мөн Дорнод аймгийн ДЯЯ-ны ажилтны үйлдсэн холбогдлоор хэлмэгдүүлэхээр зохион зурсан схемийг мөн дурьдаж болно.
Гэвч хилийн ойролцоо сүм хийдийг ашиглан конторбанд үйлдэх, цэргийн нууц баримт бичиг, зэр зэвсгийг авч оргох, хорлон сүйтгэх, эх орноосоо дүрвэх асуудлуудыг тус байгууллага амжилттай таслан зогсоож байжээ.
МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн 1939 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хуралдсан хурлаас гаргасан 15 дугаар тогтоолоор: “Гэндэн, Дэмид нарын хувьсгалын эсэргүү байгууллага, мөн Амар, Дамба, Довчин нараас эрхлэн байгуулагдсан хувьсгалын эсэргүү байгууллага ба үндэсний үзлийн тагнуул бослогын байгууллага хийгээд дээд ангийн лам нар феодлын байгууллагуудыг бут цохисон явдал бол өөрийн эх орны өмнө Дотоод Явдлын Яамны байгууллагуудын их гавьяа мөн болой. Үүний зэрэгцээ ДЯЯ-ны төвийн ба орон нутгийн аппаратуудад хувьсгалын эсэргүү ажил явуулга үл холбогдох хүмүүсийг ямарч баримтгүйгээр үлэмжхэн дайчлах явдлыг гаргаж, ардын хувьсгалт цэргийн дарга, цэргүүд хийгээд албан хаагчдыг дайчлан баривчилж, дайсагнасан ажил хэргийг таслан зогсоохын оронд өөрсдийн гараар үргэлжлүүлж, гүнзгийрүүлэхэд хүргэсэн байна” хэмээгээд тус яамны ажилтануудыг халах, хорих арга хэмжээнүүдийг авч эхэлжээ.
МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчид 1931 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гаргасан “Ардын дайсан”-тай эрчимтэй тэмцэх зааврыг ёсчлон гүйцэтгэж байсан Дотоодыг Хамгаалах Газрыг Япон, Манж-гогийн асуудлаас үүдсэн ЗХУ-ын харилцаанаас шалтгаалж, БНМАУ-ын Засгийн газар, МАХН-ын Төв Хороо улс төрийн бодлогоо өөрчлөн ДЯЯ-ыг хэлмэгдүүлэлт үйлдэж байсан “Ардын дайсан” болгож, ажилтан албан хаагчдыг нь халах, хуулийн дагуу шийтгэх арга хэмжээнүүдийг авч эхэлжээ.
Хэдий “Ардын дайсан”-г устгаж, “Ардын дайсан” болсон ч ДЯЯ нь байгуулагдсан цагаас эхлэн тухайн цаг үеийн төр, засгийн бодлогыг гүйцэлдүүлэн Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг тагнуулын аргаар хамгаалсаар иржээ.
“Монголын мэдээ” сонин 2014.09.08 №171 (4024)
ТЕГ-ын Тусгай архивын судлаач На.Батболд
URL: