А.Мишигдорж:Н.Алтанхуяг даргыг огцрооч ээ гэж шаардаагүй
“Ардчилсан намаа сэрээх” клуб, “Хүрээ дугуйлан” залуучуудын байгууллага, “Ээлжит бус их хурлын төлөө” хөдөлгөөнүүд хамтран өчигдөр “Шинэчлэлийн индэр” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт клуб, хөдөлгөөнүүдийн удирдлага, гишүүд дэмжигчдээс гадна Ардчилсан намын анхан шатны байгууллага болох намын үүрүүдийн төлөөлөл хүрэлцэн ирсэн байв. Намын анхан шатны үүр хороодод ажиллаж байгаа гишүүдийн хувьд “Ирэх баасан гаригт хуралдах Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар намын үзэл баримтлалыг тодотгох шаардлагатай гэж үзэв. Тэд энэ тухайгаа манай намын удирдлагууд МАХН-ынхантай нэг хөнжилд орчихоод мөнгө амлаад сууж байдаг боллоо. Ард түмэнд бэлэн мөнгө тараахаас илүү, ажил хэрэгтэй байна. Ажил хийгээд авсан цалин амьдралд хүрэлцдэг баймаар байна. Ийм нийгмийг байгуулах гэж 20 жилийн өмнө Ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн. Нийгмийг шинэчлэхийн төлөө манлайлахын төлөө явж ирсэн манай нам одоо нам унтлаа. Сэрэх хэрэгтэй байна. Зөвхөн Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан болсноор нам доторх хурцадмал асуудал шийдэгдэхгүй, ээлжит бус их хурлыг зарлан хуралдуулах ёстой” хэмээн мэдэгдэж байлаа.
Иймд бид “Ардчилсан намыг сэрээх” клубын зохицуулагч, нийслэлийн Баянзүрх дүүргийн намын хорооны гишүүн А.Мишигдоржоос дараах тодруулгыг хийсэн юм.
-Клуб хөдөлгөөнүүд хамтарсны зэрэгцээ намын анхан шатны байгууллагын төлөөллийг оролцуулсан арга хэмжээг зохион байгуулж байна. Зорилго юу вэ?
-Манай намын анхан болон дунд шатны байгууллага удирдлагаасаа хэт тасарчихсанаас хоорондын уялдаа холбоо гэж алга. Ардчилсан намын үүрүүд өнөөдөр үйл ажиллагаагаа явуулах орон байр алга, санхүү төсөв ч байхгүй, нэг үгээр хэлбэл, дээрээсээ зохицуултаа алдчихаад байна. Намын хөл нь болсон анхан шатны үүрүүдийн дарга, гишүүд хэзээ удирдлагуудад хэрэг болдог бэ гэхээр зөвхөн сонгуулиар л… Гутлынх нь улыг цоортол явуулж, ажиллуулчихаад сонгуульд ялж, гарч ирснийхээ дараа бүгдийг нь мартчихдаг.
Үндсэн хуульд нэг заалт байдаг, УИХ-ын гишүүн бол ард түмний элч гэж… УИХ-ын 2008 оны сонгуулиар Ардчилсан намаас сонгогдсон намын дарга, бусад гишүүдийг намын гишүүд, дэмжигчид сонгогчид бид бүхэн “Хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд ор” гэж сонгоогүй. Тиймээс энэ үйл ажиллагааг бас эсэргүүцэж байгаа.
Мөн бид Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд ээлжит бус Их хурлаа хуралдуулаач ээ. Намынхаа байр суурь хаана байгааг тодорхой болгооч ээ” гэдгийг шаардаж байна.
-Яагаад заавал, намын ээлжит бус их хурлыг хуралдуулах ёстой гэж… Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар асуудлыг шийдвэрлэж болдоггүй юм уу?
-Намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар эдгээр асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна л даа. Жишээ нь манай Баянзүрх дүүргийн Ардчилсан намд хоёрдмол байдал үүсчихээд байна. Хан-Уул дүүрэг ч мөн адил. Хоёр удирдлагатай, түүнийгээ дагаад гишүүд нь ч хоёр хуваагдчихсан байх жишээтэй. Тиймээс Ардчилсан намын энэ мэт хоёрдмол асуудлыг нэгмөр шийдвэрлэж, намаа нам шиг болгож эмхлэхэд их хурал хуралдуулах шаардлага байгаа юм. Бидний гол зорилго намаа нам шиг болгох.
Манай “Ардчилсан намаа сэрээх” клубын хувьд Н.Алтанхуяг даргыг огцрооч ээ гэдэг том тулган шаардалт тавиагүй. Ямар ч байсан их хурлаа хуралдуулаач, асуудлаа шийдээч л гэдэг шаардлагыг тавьж байгаа.
-Үндэсний зөвлөлдөх хорооны хурал хэр үр дүн авчрах бол?
-Бидний энэ үйл ажиллагаа тодорхой үр дүн дагуулах байх гэж бодож байна. Гэхдээ Ардчилсан нам олон фракц, бүлэгт хуваагдсан байдаг болохоор цаагуураа ямар тохироо хийж байгааг мэдэхгүй юм даа. Тэгэхдээ ардчиллын төлөө 20 жил зүтгэсэн энэ хүмүүс маань зөв шийдвэр гаргах болов уу л гэж найдаж байна.
-Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаас Их хурлыг хуралдуулах шаардлагагүй гэсэн шийдвэр гарвал яах вэ?
-Манай клубээс зохион байгуулсан “Унталт”, энэ хөдөлгөөнүүдийн арга хэмжээ, намын үүрүүдийн дарга нарын хэлж байгаа үгийг үл тоомсорловол дараагийн арга хэмжээ буюу идэвхтэй тэмцэлд орно.
-Идэвхтэй тэмцэл гэдгийг юу гэж ойлгох вэ. Жагсана гэсэн үг үү, өлсөнө гэсэн үг үү?
-Нийслэлийн хэмжээн дэх дүүргийн үүрүүдийн дарга нарыг бүгдийг цуглуулж, хөдөлгөөнд оруулна даа.
-Ардчилсан нам улсын хэмжээнд хэчнээн анхан шатны байгууллагатай юм. Тэдний хэд нь нийслэлд байдаг юм бэ. Хэр олон хүнийг хамарч чадах юм?
-Анхан шатны үүрүүдийн дарга, гишүүд, ахмад үеийн дэмжигчид гээд оруулбал олуулаа шүү дээ. Сүхбаатарын талбай дүүрнэ шүү.
-Та дээр анхан шатны байгууллага байргүй, санхүүгийн хувьд бэрхшээлтэй байна гэж хэлсэн. Намын хөл болсон анхан шатны байгууллагыг бэхжүүлэх нэн тэргүүний авбал зохих арга хэмжээ юу байгаа вэ?
-Жишээ нь Ардчилсан нам тэр 20 давхар байраар яах юм. Өнөөдөр энэ намын тулгуур түшиг болсон бүх дүүргүүдийн үүрүүд нэг нь ч байргүй байна. Зөвхөн Баянзүрх дүүргийн Ардчилсан намын хороог авч үзэхэд нэг подвольд 24 хороо бүгдээрээ суудаг байх жишээний. Баянзүрх дүүргийн Ардчилсан нам түрээсийн байранд байдаг. Ядаж Баянзүрх дүүргийн 24 хорооноос долоог нь байртай болгоод өгчихөж болно шүү дээ. Сонгууль болохоор л дуудаад, өдөр шөнөгүй ажиллуулдаг. Бусад үед нь мартчихдаг. Насаараа Ардчилсан намын төлөө явсан манай ахмад үеийнхэн өнөөдөр өмсөөд элэгдчихсэн гутал шиг нь Анхан шатны үүрүүдээ өөд нь татаач ээ гэж л хүсч байна.
Г.Дарь
URL: