“Амжилт хүсье”
Улаанбаатараас Дархан-Уул аймаг орох замд “Хурд-Үхэл” гэсэн анхааруулгатай сампирсан автомашины сэг тааралддаг даа. Энэ нь хурд хэтрүүлэн давхих нь юунд ч хүргэж мэдэхийг анхааруулсан хэрэг биз. Тэгвэл Монгол Улсын төр, засаг тэр аяараа сагсуу жолооч болж хувирсныг анзаарах хүн байгаа болов уу?
“Эдийн засаг түүхэнд байгаагүй өндөр хурдаар өсөж байгааг тэмдэглүүштэй. Энэ оны эхний улиралд 9.7 хувиар өссөн байна” хэмээн Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун Хөгжлийн банкны нээлтийн үеэр онцолж байв. Гэвч энэ хугацаанд иргэдийн амьжиргаа 9.7 хувиар дээшилж чадсан гэж үү? Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзэхэд нэгдүгээр улиралд Монгол өрхийн сарын дундаж мөнгөн орлого 453.5 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 15.4 хувиар нэмэгджээ. Гэтэл мөн хугацаанд өрхийн сарын дундаж зарлага 28.9 хувиар өсөж, 487.2 мянган төгрөгт хүрсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, эдийн засаг хурдтай өссөн ч иргэдийн амьжиргаа улам доройтжээ. Долоон буудлын Доржийн гэр бүл хоногийн хоолоо аргацаахын тулд ах дүү, төрөл төрөгсдөө царай алдаж, бүр болохгүй бол байдгаа ломбардаж, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөн амь зуусан хэвээр.
“Би 1958 онд төрсөн. Намайг сургуульд орох үед долоо хоногт ганц удаа халуун усанд орохын тулд гэр бүлийнхэн маань нэг л банн руу цувардаг байсан юм. Тэр үетэй харьцуулахад Нидерландад амьжиргааны түвшин өнөөдөр асар сайжирсан. Гэхдээ манай эдийн засаг хэзээ ч 10 хувиар өсөж байгаагүй юм шүү” хэмээн Дэлхийн банкны тэргүүлэх эдийн засагч Рожер ван дэн Бринк ярьж байна.
Нидерланд улсын эдийн засаг жилдээ 3-4 хувиар өсдөг бөгөөд таван хувийн өсөлт тохиоход “бүүм” болж байна гэж иргэд нь гайхширдаг ажээ. Гэсэн ч энэхүү тогтвортой өсөлт нь хүмүүсийн амьдралд бодит өөрчлөлт авчирч чадсаныг Рожер тайлбарлав. Голланд өвчнийг дэлхийд таниулсан хэдий ч түүнийгээ эмчилж чадсан Нидерланд улсад төрж, өссөн тэрбээр монголчууд энэ зовлонг дайрч биш, тойрч гараасай гэсэндээ зөвлөгөө өгч, туршлагаасаа хуваалцсаныг уншигчдадаа хүргэх гэсэн юм. Яагаад манай эдийн засгийн байдал түүний санааг зовоох болов?
Нидерландчууд 1959 онд байгалийн хийн асар их нөөцтэй болохоо мэдэж, 60-70-аад онд түүнийгээ олборлон экспортолсноос төсвийн орлого нь үлэмж ихээр нэмэгджээ. Тэр үеэс Засгийн газар нь яг л монголчуудын адил хүүхдийн мөнгө, ажилгүйдлийн тэтгэмж, цалин, тэтгэврийн хэмжээг өсгөж, боловсрол эрүүл мэндийн салбарт татаас өгч эхэлсэн байна. Гэтэл үүнээс болж Нидерландын экспортод томоохон байр суурь эзэлж байсан усан онгоц болон автомашины үйлдвэрлэл, нүүрсний уурхайнууд хүнд байдалд орж, олон ажлын байраа алдсан юм билээ.
“Бодит эдийн засагт ийм өөрчлөлт гарч байхад Засгийн газар орлого ихтэй хэвээр л байв. Хүнийг төрсөн цагаас нь авсанд орох хүртэл нь төрөөс бүхнийг дааж байсан болохоор манайх халамжийн улс болсон байлаа” хэмээн Рожер тэмдэглээд, энэ бүхнийг санхүүжүүлэхийн тулд Засгийн газар нь бэлэн мөнгөө зараад зогсохгүй газрын хэвлийд байгалийн хий байгаа юм чинь ирээдүйд орлого олох нь гарцаагүй гээд зээл авч байсан тухай ярилаа. Нидерланд улсын төсвийн хэмжээ тэлж, инфляци гаарч, тэр хэрээр өр нь ч талийсан байна. Энэ замаар 20 жил явсны эцэст 1980-аад онд гэнэт уналтад орж баларчээ. Тэгээд Нидерландын хүн бүхэн бодит байдлаа харсан бөгөөд ийм замаар үргэлжлүүлэн давхиж болохгүйгээ ойлгосон байна. Ингээд 1982 онд Нидерландын Засгийн газар, хувийн хэвшлийн төлөөлөл, үйлдвэрчний эвлэлтэйгээ хамтарч ажиллахаар шийдээд, ширээний ард сууж гурван талт түүхэн пакт байгуулсан байдаг. Энэхүү бичиг баримтын гол зорилго нь инфляцийг бууруулах, халамжийн хөтөлбөрүүдийг багасгах, хүмүүсийн ажил хийх хүсэл эрмэлзлэлийг дэвэргэх чиглэлийг дэмжихэд анхаарах явдал болой.
“Би тэр үед оюутан байсан. Үнэ төлбөргүй сураад л, тэтгэлэг аваад л, зах дээр очоод цагийн ажил хийлээ гэхэд өндөр цалин авчихна. Ажил хийх шаардлагагүй, хүн бүхэн энэ байдалдаа дуртай байсан нь мэдээж. Гэтэл Засгийн газар зардлаа бууруулж эхлэх үед маш их хэмжээний улстөржилттэй тулгарч билээ” гэж Рожер дурсаж байна. Гэхдээ ингэснээрээ нидерландчууд алдаагүй ажээ. Эдүгээ тус улс Европын нөлөө бүхий эдийн засагтай орнуудын нэг бөгөөд 2008 оны хямралыг ч ажралгүй давсан билээ. Монголчуудын өнгөрсөн онд баталсан Төсвийн тогвортой байдлын тухай хууль бол Нидерландын 1982 оны пакттай утга нэгтэй болохыг Рожер тэмдэглэсэн юм.
Уг нь 2005 он хүртэл Монгол Улсын төсөв нэлээд тогтвортой байж ирсэн. Үүнээс хойш дэлхийн зах зээл дэх эрдэс баялгийн үнэ өсөж, манай төсөвт орох орлого ч нэмэгдсэн. Энэ хэрээр эрх баригчид зарлагаа нэмж, 2007 онд бэлэн мөнгө эрчимтэй тарааж эхэлснийг Та санаж байгаа байх. Гэтэл хямралын үед яалаа даа? Хуримтлуулсан юмгүй цөхөрч, тив дамнан бадар барьж явсан нь саяхан даа, манай эрх баригчид. Дахиад ийм байдалд орохгүйн тулд УИХ Төсвийн тогтвортой байдлын тухай хууль батлаад бүтэн жилийн нүүр үзэж байна. Гэтэл нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцох, тухайн жилийн төсвийн зарлагын өсөлтийн хэмжээ ДНБ-ий хоёр хувиас хэтрэхгүй байх, улсын өрийн үлдэгдэл ДНБ-ий 40 хувиас бага байх зэрэг уг хуулийн амин судас болсон шаардлага 2013 оноос л үйлчилж эхлэхээр байгаа юм. 2012 оны сонгууль өнгөртөл назгайрч, бэлэн мөнгө тарааж, ахиад төрийн эрхэнд гарч ирчихээд л ажил хэрэг болгоё хэмээн бодлого боловсруулагчид сэтгэл шулуудсан бололтой.
“Яагаад энэ хуулийн хэрэгжилтийг 2013 он хүртэл хүлээх ёстой гэж? Яагаад өнөөдрөөс хэрэгжүүлж болохгүй гэж? 2010 онд төсөв таван хувийн алдагдалтай гарсан бол энэ онд 9.9 хувийн алдагдалтай байхаар баталсан. Энэ хэмжээг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу 2013 оноос хоёр хувь болгох боломжгүй шүү дээ” хэмээн Рожер анхааруулаад, энэ нь яг л архи, тамхинд донтсон хүн маргаашнаас гарчих юм шиг ярьж явдагтай ижил хуурамч сонсогдож байгааг тэмдэглэсэн юм. “Иргэнийхээ хувьд би энэ хуульд маш дуртай байна, улстөрчийнхээ хувьд бол үзэн ядаж байна” гэж Монголын нэгэн улстөрч хэлж байсныг Рожер санагалзав. Эрх баригчид олсныхоо хэрээр зарцуулж, өрөнд баригдан, өтөнд идэгдэх нь байдаг л зүйл мэт болсон. Сонгуульд нэр дэвшигчид эдийн засаг, санхүү, төсвийн бодит боломжоос хэтэрсэн мөнгийг хүн бүрт амлаж, оноо цуглуулан, төрийн эрхэнд гарах нь хэвийн үзэгдэл болчихсон цагт бид амьдарч байна шүү дээ.
“Монголчууд зэс, нүүрсний үнэ өндөр байгаа дээр бэлэн мөнгө тараах биш, хуримтлал үүсгэх хэрэгтэй” хэмээн Рожер зөвлөж байгаа юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгө ДНБ-ий таваас доошгүй хувьтай дүйхүйц байх ёстой. Төсвийн тэнцвэржүүлсэн орлогоос давсан орлогыг дээрх санд төвлөрүүлэх учиртай. Гэтэл энэ шаардлагыг 2018 оноос өмнө л биелүүлнэ гэж зөөлрүүлжээ. Товчхондоо, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль жинхэнэ утгаараа хэрэгжиж эхэлтэл зай ч байна, лай ч байна. Тэр хооронд харин дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнэ өндөр хэвээр байгаасай гэж залбирах л үлджээ. Яагаад гэвэл Монголын өнөөгийн эдийн засгийн нөхцөл 2008 оны хямралын өмнөх үетэй яг ижил байгааг Дэлхийн банкны улирлын тоймоос харж болно. Төсвийн орлого, зарлага асар ихээр нэмэгдсэн, бэлэн мөнгө тараасан, банкуудын олгосон зээлийн хэмжээ үлэмж өссөн, инфляци гаарсан гээд л… Яг энэ үед зэс, нүүрсний үнэ унах юм бол манай эдийн засаг 2008 оных шигээ хямраад өнгөрөх биш, жинхэнэ сүйрэлд орж мэдэхээр байгааг сануулах юун.
Инфляци бага л байгаа шүү дээ хэмээн Та гайхаж магадгүй. Хэрэглээний үнийн улсын индекс буурч байгаа гэх статистик мэдээлэл дуулдаж байгаа ч махны үнийг салгаад үзэхээр суурь инфляци 10 хувьд хүрсэн бөгөөд цаашдаа 20 хувьд ч хүрч мэдэхийг Олон улсын валютын сангийн Ажлын хэсгийн ахлагч Стивен Барнетт онцолсон билээ. “Инфляци доогуур, ханш тогтвортой байсан тохиолдолд л хувийн хэвшлийнхэнд тусах ашиг өндөр байна. Гэтэл сүүлийн хоёр жилд төгрөгийн бодит ханш 35 хувиар чангарчээ. Энэ нь экспортын бараанд 35 хувийн татвар ногдуулчихаж байгаагаас өөрцгүй дарамт шүү дээ” хэмээн Рожер анхааруулав. Эрх баригчид орлогоо хадгалах бус, олсныхоо хэрээр зарцуулж байгаагаас л энэ бүх савлагаа үүдэлтэй билээ. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзэхэд энэ оны эхний таван сарын байдлаар улсын нэгдсэн төсвийн тэнцэл 89 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Гэсэн ч энэ нь зэс, нүүрс тэргүүтэй ашигт малтмалын үнэ өндөр байгаатай холбоотой зуурдын үзэгдэл буюу. Дэлхийн зах зээл дэх үнэ өсдөг шигээ буурдгийг 2008 оны зун тонн нь 9000 ам.долларт дөхөж оччихоод, хагас жилийн дотор 2770 ам.доллар болтлоо шалдаа буусан зэсийн ханш гэрчлэх билээ. Монголын эрх баригчид бэлэн мөнгө тараахаа зогсоохгүй бол горьгүйг Рожер сануулаад, “Эрсдэлтэй гэхээс өөр тодотгол алга. Маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ” хэмээн онцлов.
Хүний хөгжил сангаас иргэдэд бэлэн мөнгө тараахад 805.2 тэрбум төгрөг төсөвлөсөн байгааг сануулах юун. Тэгсэн атлаа улс орны хөгжилд чухал хувь нэмэртэй төслүүдийг санхүүжүүлэхийн тулд Хөгжлийн банк байгуулж, бонд гаргах нь манай засгийн жижигхэн заль юм уу даа. Өнөөдөр монголчуудын хувьд ус агаар шиг хэрэгтэй байгаа газрын тосны үйлдвэр, Их бүтээн байгуулалт хөтөлбөр зэргийг хэрэгжүүлэх мөнгөө иргэдэд 21 мянган төгрөг тараахын тулд үрчихсэн юм болохоороо эрх баригчид Хөгжлийн банкны нэрээр зээл авч, түүнийгээ батлан даах төлөвлөгөө боловсруулсан нь энэ ажгуу. “Нүглийн нүдийг гурилаар хуурна” аа гэж…
Гэвч Хөгжлийн банк 800 тэрбум төгрөгийн бонд гаргаж, томоохон төслүүдийг хэрэгжүүлж чадна гэдэгт итгэхгүй байгаагаа Рожер нуусангүй. “Хөгжлийн банкны хувьд санхүүжүүлж болох төслүүдээ эхлээд ялгах хэрэгтэй. Гэхдээ би үүгээрээ зүгээр л төслийн санааг хэлээгүй юм шүү. Ашгаа өгнө гэдгийг нь тогтоосон, ТЭЗҮ нь бэлэн болсон төслүүдийг ярьж байна. Шинээр байгуулагдсан Хөгжлийн банк нэг төслийг зохих ёсоор нь үнэлж, дүгнэж гаргахад хэр хугацаа шаардагдахыг мэдэхгүй. Олон жилийн туршлагатай, чадварлаг ажилтнууд бүхий Дэлхийн банкаар жишээ авахад нэг төслийг хэрэгжүүлэхэд бэлэн болгоход дор хаяж нэг жил шаардлагатай байдаг юм. Хөгжлийн банк өнөөдөр бонд гаргаад, мөнгөтэй болчихлоо гэж бодъё. Тэрүүгээрээ юу хийх гэж? Тооцоог нь хийчихсэн, бэлэн төсөл алга байна шүү дээ” хэмээн тэрбээр тайлбарласан юм. Төсвийн зарлага хэт тэлсэн, зах зээл дэх мөнгө илүүдээд инфляци гаарах нөхцөл бүрдсэн энэ үед Хөгжлийн банк хэдэн зуун тэрбум төгрөг нэмж асгах юм бол өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаад, эргэж буухаа байж ч мэдэх ажээ.
Нидерландчууд алдаанаасаа суралцаж, зөв замаар хөгжилд хүрч чадсан ард түмэн. Харин Монголын эрх баригчид 2008 оны алдаанаасаа огтхон ч суралцаагүйгээр үл барам улам л гүн ангал руу орохоор тэмүүлээд байх шиг. Одоо бүр оюутнуудад хавтгайрсан тэтгэлэг өгөх талаар ч яриад эхэлчихлээ. Бэлэн мөнгө тараалаа гээд иргэдийн амьдрал дээрдэх биш, дордоод байгааг харсан ч хараагүй юм шиг суух уу? Энэ бодлогоо буруу гэдгийг мэдсээр байж хэтэрхий хурдтай зүтгүүлсээр байгаа нь биднийг юунд хүргэх бол оо? Үнэхээр маргааш юу болохыг хэн ч тааж мэдэхгүй шүү дээ. “Амжилт хүсье гэхээс өөр хэлэх үг алга даа” хэмээн Рожер эцэст нь тэмдэглэсэн юм.
URL: