Байгаа олоогүй шийдвэр, мэдэгдлүүдээр хаврын чуулган дүүрэн байв
УИХ-ын хаврын чуулган амжуулсан ажил багатай хаалтаа хийлээ. 19 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 20 гаруй тогтоол хэлэлцэн баталж, олон улсын найман гэрээ хэлэлцээрийг соёрхон батламжилжээ.
Эрүүл мэндийн тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай, Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай, Дээд боловсролын санхүүжилт, нийгмийн баталгааны тухай зэрэг бие даасан хууль батлагдсан ч хамгийн чухал хуулиудаа “мартаж” орхив.
Гишүүд УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар талцаж Тавантолгойн талаар ам нээсэнгүй. Талцсан асуудлаа ч шийдэж чадалгүй намрын чуулган хүртэл хойшлуулж, бардамнах хэрэггүйг нотлоод авлаа. Ингээд энэ удаа Сонгуулийн хууль ч үгүй, Тавантолгой ч үгүй хоцров.
Хамгийн их хугацаа зарцуулсан хуулийн төслөөр яах аргагүй УИХ-ын Сонгуулийн хууль тодорч байна. Гэхдээ хамгийн үр дүнгүй болсон гэдгийг онцлох хэрэгтэй. Хоёр намын бүлэг санал зөрөлдөж, зөвшилцлийн ажлын хэсэг байгуулж гурван долоо хоног хуралдсан ч шийдэлд хүрсэнгүй дэмий л төрийн ажлыг гацаалаа. МАН-ын бүлгийнхэн Сонгуулийн хуулиар ард нийтийн санал асуулга явуулах санал гаргасныг АН-ынхан дэмжсэн. Гэтэл маргааш нь АН ард нийтийн санал асуулгаас буцлаа хэмээн улстөрчдөд итгэж болохгүйг нотлосон бол МАН Тавантолгойгоор барьцаална гэдгээ “илэрхийлэв”.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл Ерөнхий сайд С.Батболдыг огцруулна гэдгээ мэдэгдсэн. Мөн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг суудлаас нь ховхлох “ажлын хэсэг” байгуулж, удаа дараа асуудал тавьсан нь хүчирсэнгүй. Иймэрхүү байгаа олоогүй улс төрийн ороо, бусгаа шийдвэр, мэдэгдлүүдээр хаврын чуулган дүүрэн байлаа.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2012 оны төсвийн хүрээний мэдэгдлийг долоодугаар сарын 1-ний дотор хэлэлцэж эхлэх хуультай ч УИХ үүнийг огоорч, хуулиа зөрчив. Үүний шалтгаан нь АН-ын бүлгийн УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанаас авсан завсарлага хоёр долоо хоног үргэлжилсэнтэй холбоотой. УИХ хуулиа зөрчвөл хариуцлага хүлээх заалт байхгүй нь харамсалтай.
Жилийн жилд арванхоёрдугаар сарын 1-ний өмнө дараа оны төсвийн төслөө амжиж батлах гэж УИХ хэрэндээ л түргэн авдаг. Сонгуулийн хуулийн тогтолцооны асуудлыг намрын чуулганы эхэнд УИХ-д оруулж батлуулахаар тохирсноор намрын чуулганаар хэлэлцэх асуудал нэгээр нэмэгдэв.
УИХ-д Сонгуулийн хуулиас гадна санаа тавих олон асуудал бий. 2012 оны төсвийн төсөл, ирэх оны мөнгөний бодлого, дээр нь Монгол Улсын Үндсэн хууль. УИХ-ын гишүүдэд намрын чуулганаар толгой өөд татах завгүй ажиллахаас өөр сонголт үлдсэнгүй.
Б.Мягмансанж http://niigmiintoli.mn/
URL: