Оюутолгойн гэрээнээс 2,9 тэрбум ам.долларын хахууль авчихсан
УИХ-ын нэр бүхий гишүүд Оюутолгойн ордыг ашиглах гэрээнээс асар их хэмжээний авлига авч, эх орноосоо урвасан тухай бусад асуудлаар өчигдөр “Ард түмний хянан шалгах хороо” ТББ-аас мэдээлэл хийлээ. Энэ тухай тус хорооны тэргүүн Д.Нинжтэй ярилцсан юм.
-Оюутолгойн гэрээнээс авлига авсан улстөрчдийг нэг бүрчлэн нэрлэж чадна гэснээ тодруулахгүй юу?
-Манай улс одоогоос жилийн өмнө Оюутолгой хэмээх асар том ашигт малтмалын ордоо ашиглуулахаар “Айвенхоу Майнз”-тай гэрээ байгуулж байсан. Тэр үед ТЭЗҮ-гүй, хууль бус, боловсронгуй бус гэрээ байгууллаа гэж хоолойгоо сөөтөл хашгираад нэмэр болоогүй, батлаад, үзэглэчихсэн. Гэтэл үнэн хэрэгтээ Фрийдландаас 2.9 тэрбум ам.долларын авлига аваад, хуваагаад идээд уучихсан байж.
-Гэрээ байгуулалцсан эрхмүүд гэсэн үг үү?
-Хэн хэн авсныг овог нэртэй нь хэлээд өгье. Энэ мөнгөнөөс 1.9 тэрбум ам.долларыг С.Баяр, С.Батболд, С.Баярцогт, Л.Гансүх, Д.Зоригт, Д.Лүндээжанцан тэргүүтнүүд хуваагаад халаасалчихжээ. Харин үлдсэнийг нь Ц.Элбэгдорж тэргүүтэй АН-ын нэр бүхий гишүүд хуваагаад авсан.
-Энэ баримтыг хаанаас авсан юм бэ?
-“Айвенхоу Майнз”-д ажилладаг монголчууд өөрсдөө бидэнд өгсөн. Угаасаа энэ гэрээг батлагдсаны маргааш зэсийн үнэ тэнгэрт тултал өсч байсан. Эртнээс бэлдсэн явуулга байгаа биз дээ. Одоо бүр ил тод болж байна. Энэ компанийн гар хөл болсон МАН-ыг бүртгэсэн нь өөрөө авлига авснаа гэрчилж буй хэрэг болсон.
-Дээд шүүх авлига авсан гэж үү?
-Саяхан Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр Ц.Зоригыг Ерөнхийлөгч хүлээн авч, томилсон. Үүнийхээ дараахан эрх баригч намаас 500 мянган төгрөгийн авлига авч, хууль зөрчин МАН-ыг бүртгэж авсан юм. Ер нь угтаа эрүүгийн хэргийг дагнан ажиллах ёстой шүүх улс төрийн намыг бүртгэж авах асуудал байж болохгүй.
-МАН-г бүртгэж авсныг яагаад хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм бэ?
-Энэ нам бол Монгол улсыг бүхэлд нь “Алтан Дорнод”, “Айвенхоу Майнз”-ын мэдэлд өгч байгаа. Үүнээс хойш манай улсыг удирдах бүх эрхмүүдийг эдгээр гадны компанийнхан шийдэж, нэрийг нь “зоож” байх болно. Ард иргэд бидний санал энд ямар ч хамаагүй болох юм. Ардын нам гэсэн хэрнээ тэнд нэг ч ардын төлөөлөл байхгүй. Энэ мэтчилэн эрх баригчдын яаж, хэрхэн улсаа худалдан халаасаа түнтийлгэж байгаа олон баримт бидэнд байна.
-Тодруулбал?
-Захын жишээ гэвэл Оюутолгойг барьцаалан гаргасан хууль бус хувьцаагаараа Канадын хөрөнгийн биржээс асар их ашиг авч байна. Тухайлбал, хамгийн их буюу 7 хувийг С.Баяр эзэмшиж, 5 хувийг Д.Зоригт, Ц.Элбэгдорж, 3 хувийг Л.Гансүх, С.Баярцогт нар авч байдаг юм байна. Тийм их хөрөнгө идсэн нь багадаад байгаа юм байх. Энэ мэт олон баримт ТЕГ, АТГ-т хадгалагдаж байдаг юм байна. Гэхдээ ил гаргуулахгүйд учир нь байж. Манай улсын эрх баригчид өөрсдөө гадаадын тагнуул болчихсон байж шүү.
-Хэн нь тэр вэ?
-Бараг бүгд. Эрх баригчид тэр чигээрээ тагнуулын сүлжээнд орсон байгаа. Н.Багабанди, С.Баяр гээд Оросын тагнуул, Ц.Нямдорж гээд Хятадын тагнуул. Зарим өөрсдөө ч монгол хүн биш гэдэг нь тогтоогдсон. Д.Зоригт сайд бол Австралийн тагнуул байж байгаад Орост шилжсэн. Ц.Жаргалсайхан ч Оросын тагнуул байж байхдаа Хятадад элссэн юм билээ.
-Үүнийг юугаар нотлох вэ?
-Орос, Хятад зэрэг орнууд тагнуулуудаа ашиглаж дуусаад эсвэл өөр оронд урвангуут нь бүх баримт сэлттэй нь манай ТЕГ-д өгчихдөг юм байна. Манайхан өөрсдөө тэднийг илчилсэн зоригтнууд нь алуулаад дуусдаг учир одоо “дуугарах” хүнгүй болсон. Одоо энэ бүхэнтэй тэмцэж, толгой дараалан илчлэх цаг болсон.
-Яаж тэр вэ?
-Нэн даруй Ард түмний онц их хурал зохион байгуулж, ардын түмний шүүхээр улсаа худалдаж идсэн дээрх нэр бүхий хүмүүсийг шүүж, ялын тогтоол үйлдэн, цаазлах хэрэгтэй. Эс бөгөөс бидэнд тусгаар тогтнол, ирээдүй гэж байхгүй болоод байна. Тэд байдал иймд хүрснийг мэдсэн учир цаазын ялыг халах гээд зүтгээд байгаа. Гэхдээ тэгсэн тэгээгүй хийсэн хэргийнхээ ялыг үүрэх өдөр ирнэ. Бид он гарахаас өмнө Ард түмний Түр хурлыг зарлан хуралдуулж, энэ ажлаа эхлүүлэх гэж байгаа.
-Ийм мэдээллүүдээс үүдэн ямар нэг дарамт, шахалт ирж байгаа юу?
-Аль эрт дарамтлаад эхэлсэн шүү. Бидний ажлыг дэмжсэн 84 настай хөгшний тэтгэврийг юу ч үгүй хасчихсан байгаа. Одоо биднийг У.Хүрэлсүх тэргүүтнүүд оффисоос минь хөөж гаргахаар ажилдаа орчихсон.
URL: