Эрдэмтэд Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг их, дээд сургуулиудтай нэгтгэх шийдвэрийг гаргажээ. Тэгвэл уг шийдвэрийг ихэнх эрдэмтэд эсэргүүцэж байгаа юм.
Тэд өнөөдөр Монголын хэвлэлийн хүрээлэнд хэвлэлийн бага хурал зарлаж уг асуудлаар байр сууриа илэрхийлэн, арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Чингисийн талбайд жагсах гэж буйгаа мэдэгдлээ.
Ч.Сайханбилэг сайд энэ сарын 19-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Тоо томшгүй олон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг их, дээд сургуулиудтай нэгтгэнэ. Ингэхдээ, Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн судалгаа, Нэхмэлийн хүрээлэн, Дулааны техник үйлдвэрлэлийн экологийн болон Ой модны сургалт судалгааны хүрээлэн зэрэг байгууллагуудыг төсвөөс гаргаж, ШУТИС-ийн харьяанд шилжүүлнэ” гэсэн байна. Тэрээр “Ийм олон хүрээлэнг төсвөөс санхүүждгийг байтугай, ийм байгууллагууд байдгийг ч олон хүн мэдэхгүй гэдэгт би хувьдаа эргэлзэхгүй байна” гэжээ.
Харин сайдын хэлсэн энэ үгийг эрдэмтэд монгол эрдэмтдээ басан доромжилсон, хэн нэгний увайгүй үйлдэлд итгэсэн ирээдүйгүй шийдвэр гэж үзэж байгаа аж. Тэд “Эрдэмтэн, судлаач хүний ажлын орчин бусдаас өөр. Тэдний сэтгэл зүй, ажилд гадны хүчин зүйл нөлөөлж эхэлмэгц судалгааны ажилд ахиц гарах нь бүү хэл ажлаа хийж чадахгүйд хүрдэг. Мөн 30 гаруй байгууллагад 1000 орчим эрдэмтэд ажилладаг. Үүнийг тоо томшгүй гэж үзэн 60 орчим орон тоог хасч 600 сая төгрөг төсвөөс хэмнэнэ гэдэг нь эдийн засгийн хямралыг зогсоох гарц биш” гэв. Тиймээс дээрх шийдвэрийг огт тооцоолоогүй, увайгүй шийдвэр гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
Шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо Ч.Сайханбилэг Ерөнхий сайдад дээрх шийдвэрээ цуцлахыг шаардсан мэдэгдэл хүргүүлэх бөгөөд тэдний энэ шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлийн бүхий л хэлбэрийг ашиглана гэдгээ мэдэгдлээ.
П.Жаргал
URL: