Д.Цоодол : Миний муусайн найз нар

efwwwwwwwwwwwwwww

Толгойтой болгон мөнгөнд үхэж
Торготой нэг нь хоргой зүүдлэх орчлонд
Шүлгээр өвчилж ардын дуунд уярч
Шүдэнз шиг асч зул шиг унтарч явдаг аа
Миний муусайн найз нар

Цанхаалж оны тэргүүн бүсгүйд сэвж
Цаадах нь тоохгүй бол бүр сайхан бичиж
Цагийн лантуун дор цавтаж явсан ч
Царцанги амьдралын гавал дээр цахиур болон хагарч
Цалгисан хувь заяа Миний муусайн найз нар

Тоонотой гэр нь тэнд ундуй сундуй хэвтлээ чиг
Тоотой насаа олны төлөө задгай мөнгө шиг үрээж
Цэрэг Шандорын унасан тулалдааны талбараас
Цэцэн Ли Бай сар тэвэрч үйсэн мөрний урсгал дундаас

Нацагдоржийн тарчилсан шоронгийн зэвүүн өрөө
Нанчидаа Чойномын хөнтөрсөн дарсны ширээний дэргэдээс
Найрагчид найз нар минь үгээ хэлж нар хүн хоёрыг өмөөрч
Нажид худал хоёрыг наьтаргын цаас шиг базаж хаядаг аа

Гашуун юмны донтой гэж адла
Гар дороос нь гайхамшигт бадаг төрөх л болно
Галзуу согтуу түшмэдүүд хэлэг
Гагцхүү миний муусайн найз нар л
Газар дэлхийн хамаг халууныг
Ганцхан биедээ авч дагжих болно
Сумнаас дор үгээ тэднээс онил
Судсандаа нартай юм чинь дээ бид шатсаар л дуусна

Шоргоолж шиг бужигнах энэ орчлонд
Шорон гяндан, хуримын цагаан өргөөтэй
Шоовдорловч гунихгүй хэдэн найрагчтай
Будда, Христо, Аллах

Бууж ирээд та нартай уулзатлаа хол оо
Бурхнаас дор гэж биднийг битгий гол оо
Будаг үнэн хоёрыг ялгуулая гэвэл
Бусад нь нэмэргүй

Наад хэдэн салбагарыгаа хайрла
Миний муусайн найз нарыг хайрла

1993 оны Болор цомын тэргүүн шүлэг


URL:

Сэтгэгдэл бичих