О.Чулуунбат, Л.Цог нар АН-д, Д.Тэрбишдагва МАН-д элсэхээр болж, Н.Энхбаяр шинэ холбоотон хайж эхэлжээ
Солонгос улсад эмчилгээ хийлгэж буй Монгол улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр Монгол улсад түр хугацаагаар буцан ирж, улс төрийн амьдралд “гал асаагаад” одсон билээ. Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуягтай хамтран ажиллах гэрээ байгуулж, МАХН-ын бага хурлыг зарлан хуралдуулж одсон түүнээс болж, Н.Алтанхуягийг огцруулах хөдөлгөөн АН дотор үүссэн ч гэж хэлэх хүмүүс бий.
Юутай ч 2020 он хүртэл Засгийн эрхэнд байх түүний төлөвлөгөө биелэх боломжгүй болсон ч тэрээр улс төрийн амьдралд улам идэвхтэй оролцох хүсэлтэй байгаа бололтой.
Гэхдээ түүний 2012 онд бүрдүүлж байсан команд үндсэндээ тараад байна.
М.Энхсайхан нарын МҮАН-ынхан АН-ын түнш болж, тэр бүү хэл өөрийнх нь намын О.Чулуунбат, Л.Цог нар АН-д элсэхээр ярилцаж эхэлсэн аж. Мөн МАХН-ын дэд дарга асан Д.Тэрбишдагва нарын зарим гишүүд нь МАН-тай намаа нэгтгэх уриалга гаргаад, элсэх нүүдлийг ч боловсруулж буй тухай эх сурвалж өгүүлж байна. Өөрөөр хэлбэл Н.Энхбаяр улс төрийн холбоотонгүй болж, илтэд ганцаардах болжээ. Мөн хэдийгээр уучлагдсан ч Н.Энхбаярын ялын хугацаа хараахан дуусаагүй тул өөрөө биечлэн өдөр тутмын ажлаа хийх боломж нь хязгаарлагдмал.
Иймээс ч 2016 онд УИХ-ын сонгуульд хамтран оролцох улс төрийн шинэ холбоотноо хайх ажлыг тэрээр хийж буй аж. УИХ-ын гишүүн, МоаХ-ы дарга Х.Баттулгатай тэрээр уулзаж, 2016 оноос урьтаж шинэ намаа байгуул, хамтрая гэсэн санал тавьсан ч одоогоор шийдэлд хүрээгүй байгаа гэнэ. Уг нь МАН-АН дамнасан “М-Си-Эс” бүлэглэлийн эсрэг байр суурь нь тэднийг нэгтгэдэг. “Ганцаардаж” буй Н.Энхбаяр мөн С.Ганбаатар нарын шинээр байгуулах гэж буй Монгол хүний төлөө намынхантай ч холбогдоод буй ажээ.
Ч.Явуу sonin
URL: