Сантагийн бэлэг-Тавантолгойн сайн нөхцөл
ХУГАЦАА ДАГАСАН ХОЕР МЭДЭЭ
Тендерийн хугацаагаар бол Тавантолгойн хөрөнгө оруулагч энэ долоо хоногт тодрох учиртай. Тэгэхдээ тендерийн хугацааг муу, сайн хоёр мэдээ дагаж буй. Муу нь, саяхан сайд болсон хэсэг улстөрчид тендерийн ажлын хэсэгт орсон. Тэд хувийн сонирхлоо шингээхийн тулд “танилцаж амжаагүй” гэдгээр тендерийн хугацааг сунгаж болзошгүй. Мэдээж, энэ шалтгааных нь цаана “надад ямар унацтай юм” гэх шантааж явж ч болзошгүй. Сайн нь, шилжсэн утгаараа сайн болохоос бас л муу мэдээ л дээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн баасан гаригт УИХ-д үг хэлж, сангийн авдар мөнгөгүй болсон, энэ эрчээрээ удаан явбал удахгүй улсаараа дампуурч болзошгүй гэж мэдэгдлээ. Түүний энэ мэдэгдэл, өөреер хэлбэл, өнөөгийн санхүүгийн хүндрэл нь Тавантолгойг яаралтай эргэлтэд оруулахын тулд тендерийн хугацааг сунгахгүй байхад сайн мэдээ болж байна.
Энэ хамтарсан түншлэл бол Тавантолгойн хөрөнгө оруулалтын 49 болон 51 хувийг цогцоор эзэмших боломжтой хөрөнгө оруулагчид юм. Тэд Засгийн газрын 268 дугаар тогтоолд заасан “хөрөнгө оруулалтын 49 хувьд гаднын хөрөнгө оруулагч, 51 хувьд нь үндэсний компанийг шалгаруулах” нөхцөлд нийцэж байгаа.
“Туршлагатай менежментийн багт удирдлагыг шилжүүлнэ” гэж Засгийн газрын тогтоолд тодорхой заажээ. Хятадын “Шенхуа Энержи” нь уул уурхайн салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа үндэсний нөлөө бүхий компанийн нэг. Хятадын нүүрсний зах зээлийг тэргүүлдэгийн дээр улсынхаа эдийн засгийн толгой компаниудын нэг юм. Мөн төмөр зам болон цахилгаан станц барих туршлагатай, энэ чиглэлийн эзэмшилтэй. Цагаан хадны боомтоос Ганц модны боомт хүртэлх 18 км төмөр замыг “Шенхуа Энержи” компани хөрөнгө гаргаж барьж байгаа. Цаашдаа Гашуунсухайтаас Тавантолгойн хүртэлх 247 км төмөр замыг барих ажилд хамтран ажиллах магадлал өндөр байгаа. Өөрөөр хэлбэл, “Шенхуа Энержи” төмөр зам барихад туршлагатай, хөрөнгөтэй компани гэдгээ эртнээс л харуулж эхэлсэн нь энэ юм. Тавантолгойн нүүрсийг худалдах гол, бараг л ганц зах зээл Хятад гэдэгтэй хэн ч маргахгүй. Тийм учраас Хятадын компани менежментийн багт орж ирвэл эерэг тал нь олон. “Шенхуа Энержи” хэдийгээр төрийн өмчийн оролцоотой ч зах зээлийнхээ зарчмаар эдийн засгийн ашгаа л харна. Тэр нөхцөлд Тавантолгойн нүүрсийг ганц нутагтаа зараад байхгүй, гуравдагч зах зээлд зарахад манай нүүрс хил, гааль татварын онцгой нөхцөлтэйгөөр Хятадын нутгаар явахад “ногоон гэрэл” нь “Шенхуа” болох бололцоотой. Бас “Шенхуа Энержи” Хятадын засгийн газар болон эрх баригчдад нөлөөлж чадахуйц байр суурь эзэлдэг үндэсний томоохон хөрөнгө оруулагч компани учраас борлуулалт. болон бага үнээр нүүрсээ худалддаг асуудал шийдэгдэх боломж харагдаж байгаа.
Энэхүү хамтарсан түншлэлд гурав дахь хөршийн компани оролцож байгаа нь мөн давуу тал болж байгаа. Дамжин өнгөрөх транзит тээврийн асуудал шийдэгдсэнээр гурав дахь зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулах боломж нээгдэнэ. Энэхүү худалдан борлуулах ажилд “Сумитомо” корпорацын туршлагыг ашиглаж болно. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн нүүрсийг хоёроос доошгүй орны нийлүүлэх Засгийн газрын 268 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд зуучлагчийн үүргийг тэд хамгийн сайн гүйцэтгэж чадна. Мөн японуудад Тавантолгойд хөрөнгө оруулах сонирхол эртнээс бий болсон. Өнгөрсөн жил 30 тэрбум иентэй тэнцэх Самурай бондыг гаргахад ч, хөнгөлөлтэй зээл тусламж олгохдоо ч ил болон далд утгаар Тавантолгойд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн байдаг. Харин энэхүү гурвал дунд “Сумитомо”-гийн хувь оролцоо ямар байгаа нь тодорхойгүй. Нэр төдий, нөлөөгүй, монголчуудын хятадуудад дургүйцдэг бухимдлыг зөөлрүүлэх зорилгоор “Сумитомо” энэ гурвалд багтаагүй бол маш сайн.”Сумитомо” Тавантолгойд орж ирэхийн гол давуу тал нь япон чанар, япон технологи.
Энэхүү хамтарсан түншлэл шалгарвал хөрөнгө оруулалтын 51 хувийг эзэмших боломжтой үндэсний цорын ганц компани. “Энержи ресурс” компанид 18 мегаваттын цахилгаан станцыг “Шенхуа Энержи” барьж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, “Шенхуа”-тай хамтарч ажиллахад ойлголцлын зөрүүтэй асуудал гарахгүй харагдаж байна. Мөн “Энержи ресурс” компанийн нэг давуу тал нь нүүрс угааж баяжуулах үйлдвэртэй, цаашид үйлдвэр барих туршлагатай. Гурван модуль бүхий, жилд 15 сая тонн нүүрс угааж баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Гэхдээ үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахгүй, “Эрдэнэс-Тавантолгой” компанитай гэрээ байгуулж хамртан ашиглаж байгаа. Засгийн газрын тогтоолд зааснаар бол хөрөнгө оруулагчдад 2.5 жилийн дотор нүүрс угааж баяжуулах үйлдвэр барих шаардлага тавьсан. Тэгэхээр хөрөнгө оруулагч шинээр барина гэвэл 2.5 жилд яавч амжихгүй. Учир нь, “Энержи ресурс” компани 15 сая тонны угааж баяжуулах үйлдвэрийг гурван жилийн хугацаанд барьсан байдаг. Тэгэхээр 30 сая тоннынхыг хурдан барилаа гэхэд дөрвөн жил шаардана. Харин “Энержи ресурс” компанийн үйлдвэрийг түшиглэж хүчин чадлыг өргөтгөж 30 сая болгоно гэвэл 2.5 жилд амжина. Энэ бол “Энержи ресурс” компанийн гол давуу тал. Ер нь ганц нүүрсний салбар гэлтгүй уул уурхайн компаниуд дундаас Монголдоо, өртөг шингээх гэж, үйлдвэр барьж хүнд аж үйлдвэрийн хөгжилдхувь нэмрээ бодитой оруулж, монголчуудаа түлхүү ажиллуулж, тухтай орчныг нь цогцоор нь бүрдүүлдэг нь “Энержи ресурс” юм.
Хамтарсан түншлэл болж оролцож буй компаниудын хувьд 130 жилийн туршлагатай Америкийн “Пибодй энержи” компанитай өрсөлдөхөд амаргүй байгаа нь мэдээж. Тавантолгойн ордыг 10 гаруй жилийн өмнөөс сонирхож, тендер зарласан цагаас нь оролцож, энэ удаа ч мөн орхисонгүй. Учир нь өнгөрсөн арван жилийн хугацаанд нүүрсний салбар уналтад орж, Тавантолгойн үнэ цэн буурсан. Гэхдээ л Тавантолгой орд ашигтай, үнэ цэнтэй хэвээрээ байгаа гэдгийг хөрөнгө оруулагчдад “Пибоди энержи” харуулж байна. Энэ удаагийн тендерт “Пибоди” 49 хувийн гаднын хөрөнгө оруулагчаар дангаар оролцож байгаа. Мэдээж дангаараа оролцож байгаагийн цаана нэг сул тал бий. Тэр нь үндэсний компани хөрөнгө оруулалтын 51 хувийг эзэмших заалт.
URL: