И-мэйлээр илгээсэн Ягаахан сарнай (Өгүүллэг)
Өвлийн нэг буүдгэрхэн өдөр. За байз, эмийн сангаас “Читамон” авчихаад интернет кафед сууя байз. Маргааш философийн семинартай. Удахгүй реферат шалгуулна. Долоо хоног яасан ч хурдан өнгөрдөг юм бэ? Удахгуй шинэ жил болох нь чөтгөр ав,..” хэмээн бодсоор би Сүхбаатарын талбайн арын цэцэрлэг дундуур хурдалж явлаа. Би бол нэг хувийн дээд сургуулийн англи хэлний орчуулагчийн ангийн оюутан, байдаг л нэг охин. Овоо өндөр нуруутай, царайлаг ч гэхэд хэцуү, бас үзэшгүй муухай ч төрөөгүй хүн. Найзуудтайгаа элдвийг хаман чалчих, FМ сонсох дуртай. Ердөө л нэг тийм дундаж хүн дээ. Хаа очиж нийтэч зантайдаа тэр юм уу, ганцаардана гэж байхгүй шүү. Харин ямар ч онцлоггүй Энхцэцэг нэрэндээ ёстой дургүй. Гэвч яая гэхэв, едий хүрчихээд нэрээ солилтой биш. Гэрлэн дохио хүлээх гэдэг бас миний дургүй юмны нэг дээ. Би тэгэхээс тэгэх гэсэн шиг улаан гэрлэн дундуур зам хөндлөн гүйж цагаан “ элентра “-гийн жолоочийн сүнсийг зайлтал тоормослуулаад зам хөндлөн гарлаа.Жолооч над руу ууртайгаар гараа зангидан занаад давхин одов. Би ч мөчөөгөө өгсөнгүй араас нь долоовороо чамархайдаа хүргэн “тэнэг” хэмээн дамшиглаад эмийн сангийн хаалгыг татав. Эмийн сангийн цэмцгэрхэн танхимд жавар дагуулан ороход минь элдэв эм тангийн үнэр, анир чимээгуй орчин угтлаа. Хоёр боодол “Читамон” бас хамрын дусаалга гээд халаасаа тэмтэртэл түрийвч минь байсангүй. Үүргэвч хүрэм, өмднийхөө бүх халаасыг тэмтрээд би түрийвчээ олсонгүй. Автобусанд суугаагүй болохоор суйлуулаагүй гэсэн үг. Сүхбаатарын талбайн арын цэцэрлэгээр явж байхдаа халааснаасаа бохь гаргаснаа санаад эргэн гүйлээ. Сандрахдаа толгой минь санах ойтой машин шиг л ажиллаж байлаа. “Одоо хүн олоод авчихсан биз. Ээжийн өгсөн арван мянгат. Бас түрийвч. Наддаа л ванлий эд байж. Чөтгөр…”
- Хүүе охион, чи юм аа хаяагүй биз гэх тун ялдамхан дуугаар сэхээ орох шиг. Цасанд дарагдсан нохойн хошууны бутны дэргэдэх намхан сандал дээр сууж буй цагаан өдөн хүрэм, ноолууран малгайтай охин намайг дуудсан нь тэр байж. Бурхан минь ямар хөөрхөн охин бэ? гэж би дотроо дуу алдаад: Харин тийм мөнгөө хаячихаад… гэхэд минь: Энэ мөн байхаа. Уначихсан хэвтэж байсан юм гээд тэр жижигхэн хар түрийвчийг минь гаргаад ирлээ.
- Хүүе мөн байна. Азны юм. Чамд ёстой их баярлалаа. гэж би дуу алдаад гараа сарвайв. Зүгээр зүгээр гээд тэр охин бослоо. Ингээд салан одох харамсалтай санагдсан тул би:
- Хоёулаа танилцах уу? Намайг Энхцэцэг гээд гар сунгахад:
- Халиун гээд үүргэвчнээсээ нэрийн хуудас гаргаж өглөө.
- Өө баярлалаа. Надад нэрийн хуудас алга. Ер нь байхгүй л дээ. Би гэрийнхээ утсыг бичээд өгчихье. Чи байгаагүй бол би дүүдээ эмгүй харих байлаа.
Яг энэ үеэр Халиуны гар утас жингэнэн бидний яриа тасарчихав.
-За баяртай Энхээ. Би чамайг ингэж дуудаж болно биз дээ. Утасны дугаарыг чинь санамжиндаа хийчихье гээд бослоо. Сэтгэл татам хөөрхнөөс гадна цаанаа нэг эрхэмсэг охин юм
- Баяртай. Утсаар яриарай. Ингэж би нэг шинэ танилтай боллоо. Хэд хоногийн дараа Халиуны гар утас руу залгав.
- Байна. Хэн бэ? гэх нөгөө хонгорхон дуу сонсогдоход:
- Энхээ байнаа. Юу байна? Би дөнгөж номын сангаас орж ирээд байна.
- Өө сайн уу, чи үдийн хоолоо идсэн үү? Амжаагүй ээ.
- Номын санд сууж байгаад орж ирлээ. Ходоодонд зэвсэгт бослого гарах гээд байна шүү. Тэр миний үгэнд баясан инээд алдаад:
- Тэгвэл чамайг хоолонд урья. “Виннерс” кафед уулзах уу. Мэднэ биз дээ?
- Мэднээ, мэднэ
- За тэгвэл хорин минутын дараа тэнд уулзъя
Намайг хувцасаа солих гэж мунгинасаар нэлээд хоцорч очиход Халиунаа хэдийнээ ирчихсэн цонхны дэргэдэх ширээнд сууж байв.
- Би жаахан хоцорчихлоо. Уучлаарай гэхэд минь тэр:
- Зүгээрээ. Суугаач. Юу захиалах вэ? гээд гоёмсог хүрэн хавтастай цэс дөхүүлэв. Би гүнцэг сонгох гэж намбаганасангүй. Хамгийн эхэнд байснаар нь хонины махан шницель, “Кола” – тай захичихлаа. Харин Халиун үхрийн гол мах мөөгтэй, усан үзмийн шүүс сонгов. Хоолны дараа Халиун намайг гэртээ урилаа. Орцондоо тавхан айлтай тансаг сууцанд тэднийх байдаг, аав ээж нь гадаадад суудаг тул үеэл дүүтэйгээ хоёул амьдардагийг нь сая л мэдлээ. Бурхан минь, ёстой цэмцгэр айл юм. Нил цэнхэр өнгө голлон тохижуулсан зочны өрөөнийх нь буйдангийн өмнөх шилэн ширээ. Дээр нь тавиастай болор савтай ягаан сарнай шууд нүдэнд туслаа.
- Чи ягаан сарнайд дуртай юм уу? Хэн өгөө вэ? Найз залуу чинь үү? гэж би дүлий хүнтэй ярьж байгаа юм шиг чанга асуугаад буйдан дээр суун нөгөө цэцгийг үнэрлэв. Тийм шулуухнаар болдоггүй юм асуусандаа би сүүлд нь их харамсаж билээ. Халиун жижиг тавагтай самар авчирч тавиад суухдаа урт сормуусаа буулган харцанд нь гуниг тодроод ирэв. Тэгээд доод уруулаа хазсанаа хацар руугаа орж ирсэн үсээ илээд:
- Энхээ би чамд өөрийнхөө тухай илэн далангүй ярьчихуу. Дөнгөж танилцахад л чи надад нэг тийм … итгэл даамаар охин шиг л санагдсан. Би ер нь багаасаа их ганцаардмал хүн л дээ. Одоо л гэхэд ингээд дөрвөн хананы дунд ганцаархнаа. Надтай хамт амьдардаг үеэл дүү маань гэртээ харихаар Дархан руу явчихсан. Ягаан сарнайн хувьд бол их урт яриа болно доо гээд шүүрс алдав.
Би чинь Голландад аав, ээжтэйгээ арваад жил амьдарсан айлын ганц охин. Аав Маастрихтэд сурч, дараа нь тэндээ ажилласан. Ангидаа би ганцаархнаа ази охин байлаа. Намайг тэнд Хэлли гэж дуудна. Би зөвхөн Сью гэдэг америк охинтой л үерхдэг байсан.
Уржнан юм л даа. Би и-мэйлээр Дөл гэдэг хүүтэй танилцсан юм. Нэгдүгээр сарын 10-нд төрсөн өдрөөрөө монгол оюутны вэб хуудсанаас нэг захидал уншиж яагаад ч юм хариу биччихлээ.
Амьдарлыг олон талаас нь бясалгах дуртай .18 настай монгол залуу мөрөөдлийн гүнжээ эрж байна. Тэгэхдээ төр барьж байсан монгол хатдын нэгийнх нь нэрийг таах, нас надаас хөгшин биш, яс угсаа монгол байх гэсэн гурван хатуу болзолтой. /Хатны нэр долоон үсэгтэй шүү/ Ингээд болзлыг биелүүлэх мөрөөдлийн гүнждээ энэхүү сарнайг барья” гэж англиар бичсэн захидал, ягаан сарнайтай байсан. Би хариуд нь “Төр барьж байсан хатныг Турьхан гэж таагаад өөрөөс чинь нэг насаар дүү мөрөөдлийн гүнжид нэр дэвшигч төрсөн өдрөөрөө ягаан сарнайг хүлээн авлаа” гэсэн захидал бичиж танилцсан. Интернетээр аль дүрсгүйтэхийг тэр гэхэв. Эхэндээ би ганцаардлаа хуваалцах гэж захидал бичдэг байснаа утсаар ярьж зургаа солилцсоноос хойш дандаа л түүнийг боддог болчихлоо. Нилээд бодлогшронгуй харцтай нүд нь их таалагдсан. Харин Дөлөө миний царайг зураг явуулахаас өмнө таасан гэж зүтгэдэгсэн. Зургаан сарын дотор бид хоёр бие биедээ үнэхээр хайртай болчихлоо.
Хавар нь би дунд сургуулиа төгсөөд хаана сурах талаар манайд бөөн яриа боллоо. Аав Парист намайг эхлээд коллежид элсүүлж дараа нь Сорбоннын их сургуульд сургах бодолтой байдаг. Харин би мөрөөдлийн хан хүүгийнхээ дэргэд Монголдоо сурмаар байдаг. Би зүрх сэтгэлийнхээ нууцыг зөвхөн ээждээ л ярьсан байлаа. Ээж миний талд бат зогсч: Охин маань олон жил бидэнтэй гадаадад суулаа. Монголдоо очиж сураг. Хэл ахуйгаасаа ч их төсөөрөх нь гэсээр аавыг буулгаж авсан. Буянт -Ухаа дээр намайг Дөл маань амьд ягаан сарнайн баглаа барьсаар угтсан юм. Байдгаараа догдлоод инээчихсэн зогсож байсныг нь мартахын аргагүй. Зургаадугаар сарын бороотой өдөр байсан. Би ирээд л Санхүү эдийн засгийн дээд сургуульд элсчихлээ. Дөлөө бол МУИС-ийн хэрэглээний математикийн нэгдүгээр курс төгсчихсөн байсан. Тоонд үнэхээр толгойтой доо. Би наадмаар гэрийнхэнтэй нь танилцлаа. Аав нь салчихсан болохоор ээж, жаахан дүүтэйгээ гурвуулаа амьдардаг байсан. Ээж нь дээд сургуулийн багш. Хүүтэйгээ адилхан нүдтэй. Намайг ямар хөөрхөн охин бэ? Миний хүүг яаж тоосон юм бол доо гээд л. Харин нэгдүгээр ангийн ДҮҮ нь:
- Та манай ахтай суух юм уу гэхэд нь үхтлээ ичиж Дөлөө: ;
- Очко миний дүү альбомоо аваад ир гэж намайг аварсан юм. Намар нь ээж ирж энэ байрыг тохижуулж өгөөд явахдаа: Чи миний охиныг халамжилж яваарай . Чамд эгч нь итгэж байна. Халиун миний газар дээрх ганц охин шүү гэж учирлах захихын хооронд хэлж хоёуланг минь үнсээд онгоцондоо суусан. Бид хоёр яг хүүхэд шиг үерхэж байсан. Дөл комьютер засч, гэрээр тооны хичээл заагаад олсон мөнгөө тэнцүү хоёр хувааж хагасыг нь ээждээ өгнө. Үлдсэнийг нь надад зориулна. Сургалтын төлбөрөө ч өөрөө олдог байсан. Миний философийн шүүлэгт бэлтгэсээр байгаад бид хоёр оройтчихоод манайд нэг удаа хоносон юм. Намайг нэг үнсчихээд л зочны өрөөний буйдан дээр унтаж билээ. Би чамдаа жинхэнэ очир алмастай бөгж бэлэглэж сүй тавьчихаад хамт унтана. Бас хадаг тавьж охиныг нь гуйж байгаагаа Маастрихт руу ирээдүйн хадмууддаа интернетээр мэдэгддэг юм билүү гэнэ. Мэдээж бие биедээ хайртай хоёр залуу хүнд бол амаргүй л байна биз дээ. Тэр шөнө хоёр ч удаа миний өрөөний үүдэнд ирээд буцахыг нь би мэдсэн л дээ.
Сар бүрийн 10-нд бид хоёр танилцсан өдрөө тэмдэглэж “Виннерс”-т суугаад Дөл надад ягаан сарнай бэлэглэдэг байсан юм. Халиун яриагаа таслан:
- Чи юм уух уу? Миний энэ урт яриа залхууг чинь хүргэх шиг боллоо гэхэд энэ гайхам хайрын түүхэнд бүр автагдчихсан байсан би сэхээ орж:
- Зүгээр ээ харин ч сонин байна гээд ширээн дээрх ягаан сарнайг ширтэнгээ “Өнөөдөр чинь нээрээ 12 дугаар сарын 10 юм байна шүү дээ” гэж бодлоо.
Мартын наймнаар би ээжтэйгээ утсаар ярьж, баяр хүргэчихээд Дөлийнд очиж ээжид нь цэцэг, ноолууран цамц бэлэглэлээ. Тэр орой бид тавуул яг нэг гэр бүлийнхэн шиг үнэхээр сайхан байсан. Дөлийн дүү Оч надад зураг зурж бэлэглээд л. Нэг гэхэд ээж нь бага хүүгээ дагуулан нөгөө өрөөнд орж, бид хоёр хоёулхнаа үлджээ. Дөлөө намайг үнсээд үсийг минь илж – Ээжийг баярлуулсанд чинь их баярлалаа. Чамайг насаараа хайрлаж явна. Бүх насаараа шүү гээд хос хунгийн домог ярьж өгөөд хөгжим дуугаран эргэлддэг хунтай тоглоом бэлэглэсэн юм. Домог нь их гунигтай. …Буудуулсан эм хунгийнхаа хойноос гашуудсан эр хун нь элгэн хад руу унаж үхдэг. Тэгээд надад:
- Халиун аа! Чи намайг хэрэв үхчих юм бол тэр хун шиг миний хойноос үхэж болохгүй шүү гэж захисан. Яг ирээдүйгээ мэдсэн юм шиг. Нэг жил хачин хурдан өнгөрсөн. Зургадугаар сард оюутны амралт эхэлсэн өдөр бид хоёр Сараагийн концертыг үзчихээд харих замд Дөлөө миний гараас атган:
Ийм гоё хуруунд Диана гүнжийнх шиг чамин бөгж зүүлгэх юмсан . Чамд амласнаараа хоёулаа сүй тавина. Одоо бол би чамайг үнсэх л эрхтэй гээд хоёулаа удаан үнсэлцсэн. Тэр өдөр юм бүхэн сүүлчийнх байсан ч үхэл гэдэг хүнд тийм ойрхон байдгийг би даанч мздээгүй. Маргааш нь Дөл минь нэг найзынхаа машинаар гадаадын хэдэн жуулчинд үйлчлэх гэзд Тэрэлж явчихсан юм. Шөнө манайх руу ээж нь утасдаж зангирсан хоолойгоор: Халиун аа, миний охин шинэ гэмтлийн эмнэлэгт хүрээд ирээч. Дөл осолд орчихлоо. Чамайг дуудаад байна гэсэн… Би яаж эмнэлэг хүрснээ одоо ч санадаггүй. Үүдэнд нэг сувилагч цагаан нөмрөг өгснийг л санаж байна. Түүнийг нь мөрөндөө углаад л сэхээн амьдруулах тасаг руу эрчээрээ гүйсэн. Тэгсэн чинь…тэр минь орныхоо цагаан даавуунаас ч илүү цонхийгоод цайчихсан ухаангүй хэвтэж байсан. Өглөөхөн инээгээд амьдралын баяр баясгалан дүүрэн явсан тэр залуу гэхэд хэн ч итгэмээргүй. Дөл өө! гээд намайг уйлахад нүдээ нээж хөнжил доороос гараа арай ядан гаргаад миний үсийг илж: – Чи миний төлөө …урт удаан амьдарч …намайг дурсч яваарай, нөгөө хунгийн домгоо санаж байна уу? миний мөрөөдлийн гүнж гээд л ухаан алдсан. Тэгээд л… тэр шөнийнхөө үүр гэгээрэх хүртэл үхэлтэй тэмцсэн дээ. Дөлийг нас барснаас хойш зургаан сар өнгөрчихөж. Эртүүд миний сууж байсан сандал дээр бид хоёр хичнээн оройг хамт өнгөрөөснийг мэдэхгүй. Тэр нохойн хошууны бут. Ж.Самбуу гуайн булш, намхан хайс бүгд л бид хоёрын хайрын гэрч. Ягаан сарнайд дуртай юм уу гэж чи асуусан. Тийм ээ дуртай. Хүний нутагт ганцаардаж явахад минь хайрын сайхныг амсуулаад од шиг харвачихсан түүний минь надад өгдөг байсан бэлэг. Одоо би сар бүрийн 10-нд өөртөө энэ цэцгийг авдаг юм гээд савтай цэцгийнхээ дэлбээнд аяархан хүрч: Өөр хүнийг би яг тийм хайраар хайрлаж чадах болов уу даа. Ямар ч гэсэн би монгол хүнтэй сууна гэж боддог шүү. Үхсэний хойноос үхдэггүй гэж манай монголчууд ярьдаг. Түүнийхээ алхаж явсан гудамжаар өдөр бүр явж Богд уулын мод ногоорох, шарлахыг үзнэ гэдэг сайхан. Тэгээд л би аав ээж рүүгээ яваагүй . Ер нь тэгээд ч Монголдоо амьдрах хичнээн сайхан гэдийг гадаадад байхдаа хүн илүү мэддэг байх. Би ирээдүйд НҮБ-д ажиллах сан гэж хүсдэг гээд гэнэт Халиуны хоолой зангирлаа. Цоргисон харцтай нүднээс нь нэгэн том нулимс тасран бөмбөрөх аж. …ЁСТОЙ л мөрөөдлийн хайр байж дээ. Би ийм хайрыг үлгэр, кинонд л байдаг гэж боддог байлаа. Халиунаа чи харин ч их азтай охин юм. Ийм сайхан хайр амссан чинь надад бол үнэхээр атаархмаар л санагдаж байна шүү гээд би тавагнаас самар атган авч амандаа хийгээд санаа алдчихав. Халиун нэг самар авснаа: – Энхээ чи оройтчихлоо. Би чамайг гаргаж өгье дөө, гээд боссв. Энэ үеэр хүзүүндээ зүүсэн утас нь нэг жингэнээд таг болчихлоо. – Чиний утас ямар тансаг эд вэ? Ийм утастай болчмхвол би утаа гартал нь ярина даа гэж намайг дуу алдахад Халиун инээмсэглэн: – Чи хөгжилтэй охин юм аа. Миний үеэл Золоо над шиг битүү хүн болохоор бид хоёр өрөөндөө ороод л таг болчихдог улс. Жаахан уйтгартай шүү. За хоёулаа гаръя гэхэд нь би: – Та хоёр тэгээд ерөөсөө унтаагүй гэж үү? гэж асуух гэснээ амаа барив. Үүнээс хойш бид хоёр ёстой салшгүй найзууд боллоо. Халиуны нөлөөгөөр би гэдэг хүн номын хорхойтон болж хувираад Ж.Жойс, А.Камью, С.Моэм гээд том том зохиолчдын фен боллоо. Англи хэлэнд нөгөө нойл амьтан чинь ангидаа толгой цохих болж, Карл Поппер, Жон Локкийн номуудыг эх хэлээр нь уншчихлаа. Энэ охинтой танилцсанаас хойш өөрийн мэдэлгүй өмнөө зорилготой, ирээдүйдээ санаа зовдог хүн болж “томоожиж” байлаа. Би гэдэг хүн. Миний зүгээс гэвэл өөр шигээ үймээн шуугианд дуртай найз охидоо дагуулан тэднийд очиж хөргөгчийг нь “цэвэрлэж” өгнө дөө. Нэг өдөр бид хоёр тэднийд цайлж суулаа. Нөгөө хайртай хунтай тоглоомоо оролдож суусан Халиун гэнэт: Энхээ чи наад уснаасаа балга даа. Аан хаан төвөнх чинь их хөдөлж байна. Чиний бамбай булчирхай томорчихож. Эмчид заавал үзүүлээрэй гэлээ. Орой энэ мэдээг ээжид дуулгаснаар би гэдэг хүн маргааш нь гэхэд “баривчлагдаж” эмнэлэгт хэвтчихлээ. Зуны амралт эхэлчихсэн болохоор найзууддаа ч хэлж амжсангүй. Арав хоног эм тарианд бөмбөгдүүлсээр “Шим тэжээлтэй, иодын найрлага ихтэй хоол идэж, тайван амгалан байх заавартай эмнэлгээс гарлаа. За ингэзд эрх чөлөөтэй боллоо гэхэд минь ээж: Шоронд орсон амьтан шиг юм ярих нь ээ. За ёстой чамайг нэг хэсэг яаж гэрт тогтоодог юм билээ гзсээр машинд суув. Таксигаар ийн харих замд аав: – Миний охины найз Халиунааг аав, ээж нь дуудаад хэд хоногийн өмнө явчихсан шүү дээ. Чамтай уулзаж амжсангүй гэж их л санаа зовж байна лээ. Захидал, бэлэг нь гэрт бий. Аав нь чамайг эмчилгээтэй байгаа болохоор хэлээгүй юм гэж пал хийтэл хэлдэг байгаа. Гэртээ иртэл миний дэрний хажууд цэнхэр туузаар уясан жижигхэн хайрцаг хүлээж байлаа. Туузны завсар хавчуулсан зурваст “Энхээ! Чамайг энэ захидлыг уншиж байхад би Парист сууж байна. Ээж, аав хоёр намайг тэнд сургуульд оруулахаар болсон. Гар утсаа чамд дурсгал болгон үлдээе. Чамд таалагддаг байсан шүү дээ. Би өдөр бүр и-мэйл бичнэ ээ. Халиун” гэжээ. Хайрцагнаас мөнгөн гинжин оосортой гялалзсан жижигхэн “Мotorolla” утас гарч ирлээ. Бас камертай гээч. Бид хоёр хэзээ уулзах бол доо гэж би бодож суув. – Аниа эмнэлэгээс гараа юу гэж миний дүү Тулгын дуу үүдэнд хадаж бодлын шувуудыг минь үргээчихлээ. Маргааш. нь надад Халиунаагаас «Энхээ, англи хэлээ улам сайжруулаад бас франц хэл сурч эхлээрэй. Хоёулаа Сорбоннд хамт сурна шүү гэсэн! захидал ирүүлсэн байлаа. Бас ягаан сарнайтай.
Б.Шүүдэрцэцэг
URL: