Ерөнхий сайд аа, шинэ жилээр хүн хохирвол та хариуцлага хүлээх үү
Энэ оны шинэ жилийн баяраар ямар ч хяналт шалгалтгүйгээр хүнсний бүтээгдэхүүн худалдаж, мөн баярын хүлээн авалт зохион байгуулж буй аж ахуйн нэгжүүд чанар, аюулгүй байдлыг хангасан эсэх нь тодорхойгүй зүйлсээр үйлчилж, эрүүл мэндэд чинь эрсдэл учируулж болзошгүй байна гэвэл та яах вэ. Мэдээж бүгд таатай хүлээж авахгүй ч бодит байдал тийм болсныг олон хүн мэдээгүй яваа байх. Тэгвэл, энэ жил бид амь нас, эрүүл мэндэдээ илүү анхаарал тавьж, хяналт шалгалтыг өөсрдийнхөө хэмжээнд хийхээс аргагүй байдалд хүрлээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 2-нд МХЕГ-ын дарга Д.Батмөнхөд “Шалгалт олон хийж, торгууль их ногдуулснаар эдийн засгийн хүндрэлээс гарахгүй. Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Хяналтын тухай шинэ хуулийг баталтал хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд руу чиглэсэн хяналт шалгалтаа бүрэн зогсоо” хэмээн үүрэгдсэн. Учир нь, Засгийн газраас хувийн хэвшлийн үйл ажиллагааг бодлогоор дэмжин эдийн засгаа сэргээх гэж байхад нь хяналт шалгалт саад болоод буй аж.
Тиймээс “Аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг битгий шалгаад бай” гэж МХЕГ-ын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус бүх шалгалтыг зогсоожээ. Энэ нь иргэдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалд хэрхэн нөлөөлөх нь Ерөнхий сайдад огт хамаагүй бололтой. “Эдийн засгаа сэргээхийн тулд” гэсэн энэхүү шийдвэрийнх хор уршгаар хэн нэгэн хоол, хүнсэнд хордох, хугацаа дууссан бүтээгдэхүүнээр үйлчлүүлэх, салютыг зөвшөөрөлгүй газраас худалдан авч ашиглах, зарим нь тэсэрч дэлбэрэн хүний амь нас хохироох нь сонин биш аж. Уг нь баяр ёслолын энэ үед хяналт шалгалтыг зогсоох нь бүү хэл харин ч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллуулах ёстой. Өмнөх онуудын шинэ жилийн баяраар олон хүн эрүүл мэнд, амь насаараа хохирч, насан туршдаа тахир татуу болсон тухай баримт ч бий. Тиймээс л МХЕГ, ОБЕГ, ЦЕГ шинэ жилийн баяраар хамтран ажиллаж, өөр өөрийн үүрэг чиглэлийн дагуу өндөржүүлсэн хяналт, шалгалтыг хийдэг болсон. Нийтийн хоол хүнсээр дамжих элдэв өвчин, хордлого, хүнсний бараа бүтээгдэхүүнтэй холбоотой аливаа эрсдэл гарахаас урьдчилан сэргийлж, тогтмол шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, чанаргүй бүтээгдэхүүнийг устгадаг. Үүний үр дүнд 2013-2014 онд эрсдэл бараг гараагүй гэхэд болно. Энэ сар гарсаар зарим сургууль, цэцэрлэг, албан байгууллага шинэ жилийн баяраа хэдийнэ тэмдэглээд эхэлжээ.
Гэтэл яг энэ оргил үеэр хяналтын ажлыг зогсоох тушаалыг Ерөнхий сайд өгсөн нь зарим худалдаачдад аз болоод байгаа гэхэд хилсдүүлсэн болохгүй. Өөрөөр хэлбэл, тэд “Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнээ одоо л шахдаг цаг” хэмээж буй. Хяналтгүй байгаа дээр хурдхан шиг борлуулаад авахыг бодох нь дамжиггүй. Харамсалтай нь, иргэд тэр бүр худалдан авч буй бүтээгдэхүүнийхээ дуусах хугацаа, чанар, хоол хүнснийхээ эрүүл ахуйд анхаардаггүй. Худалдааны томоохон төвүүдээс гадна шинэ жилийн үеэр гудамж талбайд ч элдэв янзын жимс, чихэр, бялуу, ундаа, оргилуун дарс худалдаалж эхэлдэг. Ресторан, зоогийн газрын олонхи нь баярын зоогийг хугацаа нь дууссан, чанаргүй, муудсан, хадгалах горимыг нь зөрчсөн бүтээгдэхүүнээр бэлтгэж байгааг ч үгүйсгэх аргагүй болоод байна. Энэ бүхнээс сэргийлж, хүнсний аюулгүй байдлыг тодорхой хэмжээгээр хангаж ажилладаг байгууллага бол МХЕГ. Гэтэл энэ жил мэргэжлийн хяналтаас албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөө, сэрэмжлүүлэг, анхааруулга өгөх төдийд л ажиллаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, “Чанаргүй, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлж болохгүй шүү” гэж л алсаас хэлж, албан бичиг хүргүүлж буй. Үүнийг нь үйлчилгээний газрууд тоож, хариуцлагаа ухамсарлана гэдэг юу л бол. Учир нь өнгөрсөн жилүүдэд хяналттай байхад л зөрчил, хууль бус үйл ажиллагаа олноор илэрдэг байсан шүү дээ. Одоо ч “Нарантуул”, “Хархорин”, “Бөмбөгөр” зэрэг томоохон худалдааны төвүүдэд наймаачид салют, бенгалын галыг нууцаар худалдаалж эхлээд байгааг иргэд хэлж байна. Үүнийг МХЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Санжрагчаа ч хэлсэн нь бий.
Тэрбээр “Ерөнхий сайд хяналт шалгалтаа зогсоох үүрэг өгсөн ч бид үйлчилгээний газруудад зөвлөгөө өгч ажиллаж байна. Харин иргэд гадуур худалдаалж буй салютын талаар ч юм уу ямар нэгэн гомдол гаргавал очиж шалгана” гэсэн юм. Харамсалтай нь, иргэд энэ талаар гомдол гаргахгүй байгаа аж. Тиймээс мэргэжлийн хяналтынхан дур мэдэн өөрсдөө шалгаж, хариуцлага тооцохгүй нь бололтой. Үнэндээ тэгэх ч эрх тэдэнд байхгүй л дээ. Түүнчлэн НМХГ-ын Хүнс хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Д.Энхбат “Цагдаагийн болон Онцгой байдлын ерөнхий газартай хамтран нийтийн хоол, худалдааны байгууллагуудад, мөн перотехникийн хэрэгсэл оруулж ирэх тусгай зөвшөөрөлтэй хоёр компани /“Очир Ундраа”, “Протик”/-д зөвлөгөө өгч байгаа. НИТХ-ын 2011 оны 27 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны байгууллагуудын байр, соёл, боловсрол, эрүүл мэндийн байгууллага, гэр хороолол, нийтийн эзэмшлийн орон сууц, түүний ойр орчинд, барилгын зоорийн давхар, задгай талбай, худалдааны төв, хүнс, барааны зах болон гар дээрээс пиротехникийн хэрэгслийг худалдахгүй, ашиглахгүй байх” тухай захирамжийг гаргасан шүү дээ. Одоогоор ямар нэгэн гомдол манайд ирээгүй байна. Харин дүүргүүдийн мэргэжлийн хяналтын байгууллагад ирсэн эсэхийг мэдэхгүй. Хэрэв гомдол ирвэл шалгана гэв. Тэгэхээр энэ хүн “Захирамж гарсан учраас одоо иргэд гар дээрээс салют худалдаалахгүй” гэж ойлгож буй аж.
Харин НОБГ- ын Урьдчилан сэргийлэх хяналтын хэлтсийн дарга Н.Нямхорлоо “Энэ сарын 3-20-ны хооронд аж ахуйн нэгж, байгууллагуудын, тэр дундаа шинэ жилийн хүлээн авалт хийж буй газруудын галын аюулгүй байдалд шалгалт хийж байна. Перотехникийн хэрэгслийн хувьд зарим худалдааны төвд нууцаар худалдаалж эхэлсэн юм шиг байна” гэлээ. Түүний хэлснээр голчлон галын аюулгүй байдлыг хангах үүднээс цахилгааны монтаж, залгуур зэргийг нь шалгаж, заавар зөвлөгөө өгч байгаа аж. Тэгэхээр иргэд шинэ жилээр хэнд итгэж үйлчлүүлэх вэ. Ерөнхий сайдын хэлээд буй Хяналтын шинэ хуулийг батлах эсэх нь ч тодорхойгүй байна. “Намрын чуулганаар хэлэлцэнэ” гэж тусгасан ч өнөө хэр хэлэлцсэнгүй. Үүнээс үзэхэд шинэ оныг бид ямар ч хяналт шалгалтгүй угтах нь тодорхой болж байна. Харин хэн нэгэн эрүүл мэнд, амь насаараа хохирвол хариуцлагыг хэн хүлээх вэ. Хяналт шалгалтыг зогсоох үүрэг өгсөн Ерөнхий сайд та хүлээх үү. Эсвэл тухайн аж ахуйн нэгжийг, үгүй бол иргэнийг буруутгаад өнгөрөх үү. Яг яах вэ Ерөнхий сайд аа.
М.НАРАНБОЛД
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
алиалагч дүрдээ оржчээ