Лукашенко Орост “мөргөхөө” зогсоохыг уриаллаа
Белоруссийн Ерөнхийлөгч Александр Лукашенко ямар ч үнээр хамаагүй шинэ зах зээл олох зорилтыг Засгийн газрынхаа өмнө тавьжээ.
“Орос улс хэдийгээр бидний ахан дүүс ч гэсэн цаг үргэлж ганцхан түүнд мөргөөд байх нь зохимжгүй. Яагаад гэвэл, та нар харж байгаа биз дээ? Ганц энэ зах зээл хөмрөхөд бид араас нь хэрхэн “нисч” байгааг” хэмээн төрийн тэргүүн өгүүлээд, өмнө нь бүтээгдхүүний 85 хувь оросын зах зээл дээр худалдаалагддаг байсан бол өнөөдрийн байдлаар ердөө л 40-45 хувь хүрэхтэй үгүйтэй байна гэж тэрээр тэмдэглэсэн аж.
Энэ үед тэрээр, “Белорусс улс нэг зах зээлээс хамаарах байдлаа багасгасан ч яг бодит байдал дээр санаанд хүрэхгүй байна гээд, Оросоос гадна Украин нэмэгдэж байна, бас Казахстанд ч сайн нөхцөл байдалд хүрнэ гэж бодохгүй байна. Ийм учраас бид ямар ч хамаагүй үнээр өөр шинэ зах зээл дээр гарах ёстой, ингэх ч болно” гэж итгэл төгс өгүүлсэн байна.
Төрийн тэргүүний зүгээс экспортын чиглэлийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч, америкийн зах зээл дээр гарч чадсан белоруссийн хэд хэдэн компанийг жишээ болгож авч үзжээ. “Тэдний /АНУ/ зүгээс элдэв хоригийг цуцлаад, бид тэдэнтэй арилжаа хийж байна. Энэ үүднээс харвал бидэнд боломж их байна” гээд Белорусст урьд өмнө хэзээ ч байгаагүй тийм нөхцөл байдал тулгараад байгааг онцолсон аж.
“Энэ нь та биднийг сайн цаг ирэхийг хүлээгээд гараа хумхиад суу гэсэн үг биш. Бид чухам ийм л үед өөрсдийн жинхэнэ чадвараа харуулах ёстой. Ирэх жил бол бидний хувьд хүндхэн шалгалт л гэсэн үг” хэмээн Лукашенко үгээ өндөрлөсөн байна.
Д.Мягмарсүрэн
zaluu.com
URL: