Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ

Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсаны 805 жилийн ой, Тусгаар тогтнолоо сэргээсний 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмыг нээж Ерөнхийлөгчийн хэлсэн үг-

Эрхэм хүндэт ард иргэд наадамчид аа, хүндэт зочид, хатагтай ноёд оо. Эх сайхан нутаг дэлхийн олон газар наадамлаж байгаа Монголчууддаа болон нийт зочиддоо Монгол наадмын сүр жавхланг билэгдсэн халуун мэндчилгээ өргөж, нийт наадамчин олондоо сайхан наадахыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.

Энэ жил Монгол нутаг даяар олон жилийн ган зүдгүүрийг тайлсан аргагүй сайхан зун болж байна. Хүн арддаа ойр, байгаль дэлхийдээ ээлтэй байвал түмний үйлс тэгширч, уул ус баясан цэнгэж өлзий буянаа хайрладаг. Азай буурлуудын магнай тэнийсэн, хүүхэд багачуудын цолгин дуу хуур цуурайтсан Монгол наадам тэнүүн сайхан болох нь дамжиггүй.

Энэ жилийн наадам олон жилийн наадмаас онцгой содон юм. Монгол түмний их түүхийн бахархалт мөчлөгүүд давхцаж байна. Монголын тулгар төрийн 2220, Их Монгол Улсын 805, Үндэсний эрх чөлөөний болон Ардын хувьсгалын 100, 90 жилийн их ойнууд энэ цаг мөчид тохион учирч байгаа нь гүн билэгдэлтэй, нэн бахархууштай юм.

Эрх чөлөөт, эх түүхт тусгаар Монгол түмний өндөр өвөг дээдсээсээ уламжлан наадаж ирсэн их баяр цэнгэл эхэлж байна.

Эгэлгүй сайхан өнтэй зун, их түүхт ойнууд ижилссэн ард түмний маань бүтэн жил хүлээсэн Үндэсний их баяр наадмын сүр жавхлан төгөлдөр ёслолыг ийнхүү эхлүүлж байгааг өндөр төрийн  их цагаан сүлд заларсан энэ хүндэт хоймроос даяар олноо тунхаглан зарлаж байна.

Сайхан наадаарай.


URL:

Сэтгэгдэл бичих