Хоршооны эрх зүйн орчныг сайжруулах иргэдийн хүсэлтийг төсөлд тусгажээ

tosol

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, Н.Номтойбаяр, Б.Болор, Б.Чойжилсүрэн нарын нэр бүхий 16 гишүүн “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид өргөн барилаа. Гишүүдийг орон нутагт ажиллах үеэр малчид хонины ноосоо бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан боловч урамшууллын мөнгөө авч чадахгүйд хүрээд байгаа тухайгаа хэлж, хоршооны эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр төрөөс яаралтай арга хэмжээ авахыг хүссэн аж. Тиймээс гишүүд хөдөөгийн ард иргэдийн өмнө тулгамдаж буй энэ асуудлыг шийдэх зорилгоор дээрх тогтоолын төслийг санаачилсан байна.

“Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх тухай” Улсын Их Хурлын 2011 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 30 дугаар тогтоолын 2.1-д “хоршооны гишүүн” малчин, мал бүхий этгээдийн бэлтгэсэн ноос боловсруулах үндэсний үйлдвэрт тушаасан хонины ноос болон тэмээний ноосны кг тутамд 2000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор заасан. Улсын хэмжээнд ихэнх малчид өнөөдрийн байдлаар хонины ноосоо бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан боловч урамшууллын мөнгөө авч чадахгүйд хүрчээ. Учир нь “Хоршооны гишүүн гэсэн тодотголыг 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр дээр дурдсан 30 дугаар тогтоолд өөрчлөлт оруулсан хугацаа нь дуусаад байгаа аж.

Хоршооны тухай хууль болон хоршооллын талаарх олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сайн дурын нээлттэй, гишүүдийн эдийн засгийн оролцоог хангасан зарчмуудыг ноосны ченжүүд алдагдуулж, зохион байгуулалттай хоршоодыг хөдөө, орон нутагт олноор байгуулж байна. Эдгээр хоршоодын удирдлага ноосны урамшуулал олгох тухай УИХ-ын тогтоолын үйлчлэх хугацаа дууссаныг далимдуулан хуурамч хоршоодыг байгуулж, малчдыг гишүүнээр элсүүлэх, өндөр татвар авах, урамшууллын мөнгөнөөс суутган авах зэргээр хууль зөрчсөн үйлдлүүдийг гаргаж эхэлснээр малчдын хоршоонд нэгдэх сонирхлыг бууруулж байна. Иймд гишүүд “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2011 оны 6 дугаар сарын 3 өдрийн 30 дугаар тогтоолын 4 дэх заалтын “2014 оны 1 дүгээр сарын 1-ний” гэснийг “2016 оны 1 дүгээр сарын 1-ний” гэж өөрчлөн, уг тогтоолыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоолын төслийг боловсруулан өргөн барьжээ.


URL:

Сэтгэгдэл бичих