Дэд сайдын томилгоо анхаарал татаж эхэллээ
Өчигдөр шөнөжин үргэлжилсэн сайдуудын томилгоо мөн тамга тэмдэг гардсан үйл явц өнөөдөр өглөө яамдуудын өрөө бүрийг ажил бүрийг шалгасан ажлаар одоог болтол үргэлжилж байна.
Харин дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоо ахин ажлын хэсэг гарч мөн л дээрээс өгсөн чиглэлийн дагуу хийгдэж мэднэ.
Эх сурвалжаас авсан мэдээллээр бол хэн дэд сайд болох нь бүдэг бадаг ч парламент дахь суудлынхаа тоогоор намуудад квот ногдох нь тодорхой болсон гэх.
Мэдээж ил болсон нэг зүйл нь Засгийн газрын бүрэлдэхүүнээс хасагдсан ИЗНН-д дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарын суудлыг хамгийн түрүүнд бараг л хүссэнээр нь шийдвэрлэж өгнө.
Тэгвэл дэд сайдуудын одоогийн явж буй бор шувуу жиргээний тухай дурдъя.
Барилга хот байгуулалтын дэд сайдаар АН-ын ҮЗХ-ны гишүүн Барилгын инженер, НИТХ-ын тэргүүлэгч Л.Наранбаатар Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж ажиллах мэдээлэл байна. Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрыг удирдан, ажилласан О.Магнай дэд сайдаар ажиллахаар бэлтгэлээ хангаж эхэлсэн сураг дуулдана.
Харин Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаярыг Эрчим хүчний дэд сайд болгох тохироо хийгдсэн тухай дуулдаж байна.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-аар батлах үед Цөмийн энергийн газрыг татан буулгах шийдвэр гарснаар цацрагийн хяналт нь Мэргэжлийн хяналтын газарт, ураны асуудал Уул уурхайн яаманд шилжих нь тодорхой болсон.
Хуулиараа агентлагийг удирдаж байсан албан тушаалтныг шууд “лааз өшиглүүлдэггүй”, дүйх албан тушаалыг санал болгодог учраас дэд сайд болохыг үгүйсгэх газаргүй юм.
Тэгвэл Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган хуучин албаа залгуулна гэх яриа хүчтэй түгэж байна.
Харин Хөдөлмөрийн дэд сайдаар тус яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал Б.Баттүвшинг, Батлан хамгаалахын дэд сайдаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх байсан М.Хүдэрбаатарыг болгох сурагтай.
Харин МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн дэд сайд нарын тухайд нэр нь хараахан тодроогүй байна. МАХН-ынхан хоёр сайдын нэрсийг тодруулах гэж багаггүй төвөг удсан шигээ дэд сайдын асуудалд хандвал өмнө нь дэд сайдын алба хашсан эрхмүүд зайгаа тавьж, өгч магадгүй юм.
www.medeelne.mn
URL: