“БТ” сонин монголын тэргүүн баячуудыг нэрлэж байна

“Бизнес таймс” сонин одоогоос арван жилийн өмнө Монголын тэргүүн саятнуудыг олон нийтэд дэлгэж байсан. Тэгвэл өнөөдөр Монголын тэргүүн баян тэрбумтнуудыг нэрлэж байна. Доорх үзүүлэлтийг бид Татварын ерөнхий газрын тайлан, жил бүр болдог ТОП-100 аж ахуйн нэгжийн шалгаруулалт болон АТГ-т өгөгддөг хөрөнгө орлогын мэдүүлэг зэргийг харгалзан гаргасан юм.

Бидний судалгаагаар Монголын тэргүүн баянд “MCS холдинг”-гийн ерөнхий захирал Ж.Оджаргал орж байна. Түүний удирдаж буй бизнесийн ертөнцөд “Спирт бал бурам”-иас аваад уул уурхайн “Энержи ресурс”, “ММС” зэрэг томоохон компаниуд орж байна. Эдгээрийн дийлэнх нь хувь нийлүүлсэн хэлбэртэй боловч ноён Ж.Оджаргал ихэнх хувийг эзэмшдэг гэдгээр ийнхүү Монголын тэргүүн баян тэрбумтнуудыг тэргүүлэв.

Түүний эзэмшилд багтдаг “Спирт бал бурам” гэхэд улсад 20 шахам тэрбум төгрөгийн татвар төлснөөр төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэр болон “Мобиком”, “Бороо гоулд” зэрэг гадаадын хамтарсан хөрөнгө оруулалттай томоохон аж ахуйн нэгжүүдийн дараа орж байна.

Цаашлаад Монголын тэргүүн баян-тэрбумтнуудын жагсаалтыг эгнээндээ ХХБ, “Улаанбаатар” банк, “Талх чихэр, “Милл хаус”, “Женко тур бюро”, “С1 TV”, “Баянгол зочид буудал”, “Max импекс” зэрэг аж ахуйн нэгжүүдийг нэгтгэсэн “Женко групп”-ийн ноён гэгдэх, УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, уул уурхайн вант улсыг бүрдүүлэгч “МАК”-ын Б.Нямтайшир, “АПУ”, “Шунхлай”-г эзэмшигч Г.Батхүү, П.Батсайхан, П.Батчимэг нарын ах дүү нийлсэн гэр бүл, шатахуун импортлогч “Петровис”, “НИК”-ийг эзэмшигч хатагтай Ж.Оюунгэрэл, “Номин холдинг”-ийн А.Шагдарсүрэн болон “Монос групп”-ын ноён Л.Хүрэлбаатарын гэр бүлийн төлөөлөл удаалж байна.

Мөн энд “Таван богд”, “Говь”, ХААН банк, “Айр линк”, “Кемпински” зочид буудал зэрэг аж ахуйн нэгжүүдийг эзэмшигч Ц.Баатарсайханы гэр бүл, “Голомт” банкнаас үүдэлтэй “Бодь групп”-ын Л.Болд, “Макс”-ын Д.Ганбаатар, “Жигүүр гранд”-ын Д.Баттөр, “Гацуурт”-ын Л.Чинбат, “Наран групп”-ын С.Болдхэт, удаалаад “Боса”, “Жаст”, “Сод Монгол”, “Нью прогресс”, “Бриж” групп болон “Шижир алт”-ын эзэд хөрөнгө, чинээ, орлого, татвар төлөлтөөр орж байна.

Жишээ нь, “Алтан тариа”-гийн эзэн П.Цэнгүүн гэхэд тэрбумын татвараар толгой баячуудын эгнээнд орж иржээ.

Дээрх үзүүлэлтээс харахад Монголд гэр бүлийн бизнесийн “бүлэглэл” толгой цохиж байна. Бас нэг онцлог нь Монголын толгой баячуудын ихэнх нь одоогийн төрийн дээд байгууллагын сэнтийд сууцгааж байна. Үүнийг төрийн өндөр албан тушаалтнуудын гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгээс харж болохоор.

Энд тусгаснаар толгой баян-УИХ-ын гишүүдийг Б.Чойжилсүрэн, Д. Зоригт, Х.Баттулга, Ж.Энхбаяр, Д.Батбаяр, Д.Загджав, Ш.Сайхансамбуу, С.Бямбацогт, Ц.Дашдорж, Д.Ганхуяг, Ерөнхий сайд С.Батболд, Ерөнхий сайд асан С.Баяр нар тэргүүлж байна. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн гэхэд 4,2, Д.Зоригт 2,6 тэрбумын орлогоороо Монголын баячуудын эгнээнд оржээ. Б.Чойжилсүрэнгийн эзэмшилд
сантехник угсралтын “Хүрд” болон барилгын 1-2 компани багтдаг бол “Монголшуудан” банкны ТУЗ-ын дарга байсан Д.Зоригт өнгөрсөн жил 1,2 тэрбумын орлого мэдүүлж байв. Тэгвэл эрчим хүчний “Нью-прогресс” группын эзэн С.Бямбацогт парламентдаа хамгийн их орлоготой гэр бүлийн өрхийн тэргүүнээр тодроод байна.

Монголын тэргүүн баячууд-тэрбумтнуудын орлогын хэмжээг хөрөнгө орлогын мэдүүлгээс бусад эх үүсвэрээс нэрлэхэд хүндрэлтэй байв. Энэ нь манайд аж ахуйн нэгж, компаниуд анхнаасаа хязгаарлагдмал эрхтэйгээр байгуулагдсан нөхцөл байдалтай холбоотой юм. Уг нь зах зээлд шилжсэн улс оронд компаниудын үзүүлэлтүүд нээлттэй, ил тод байдаг. Чухам үүнийг харгалзан нэр хүнд бүхий “Форбс” сэтгүүл дэлхийн баячуудыг зарладаг уламжлалтай билээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих