“Самруулж” ханалаа

gwwwМонгол Улс хөгжихгүй байна, эрүүл мэнд, боловсролын салбар уналтад орчихлоо, энэ оронд болж, бүтэж байгаа нэг ч зүйл алга хэмээн ард түмэн ярьж байна. Магадгүй нэг талаасаа энэ нь тухайн хүний амьдралыг харах өнцгөөс шалтгаалах асуудал мэт боловч нөгөөтэйгүүр үнэний ортой гэдгийг уншигчид маань хүлээн зөвшөөрөх биз ээ. “Шийдлийн” гэх тодотголтой Засгийн газрын шинэхэн тэргүүн агентлагуудыг татан буулгаж, бүтцийг цомхон, цэгцтэй болгосноор төсөв хэмнэж, улмаар эдийн засгийн хямралаас гарна гэж үзэж байгаа ажээ. Бүтцийг цомхон, цэгцтэй болгоно гэсэн түүний санаа зөв. Гэвч үйлдэл нь байгаа оносонгүй.

Тухайлбал, Тахарын албыг татан буулгах тухай хуулийн төсөл оруулж ирсэн нь олон хүний эгдүүцлийг хүргэсэн. Бодохоос л гомдоод байх юм гэгчээр гишүүд, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, салбарын мэргэжилтнүүд Тахарын албыг байгуулах гэж хэчнээн өдөр хэлэлцэж, хэрэлдэж, нойргүй хоносноо энэ өдрүүдэд хэлж, бухимдлаа илэрхийлцгээв. Арга ч үгүй биз. Гишгэсэн мөр нь хатаагүй шахам байхад Тахарын албыг татан буулгах асуудал хөндөгдсөн учраас. Үүнээс гадна Хилийн боомтын тухай хуулийг хүчингүй болгож, газрыг нь татан буулгах асуудал ч хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. Улсын торгон хил, цаашилбал, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал хэмээн Б.Эрдэнэбат гшнүүн хатуухан шүүмжилж байлаа. Тэр ч бүү хэл газрыг нь татан буулгах болсонд гомдсон Л.Гүндалай намаасаа гарахаар шийдсэн тухай ч “бор шувуу” нисч байгаа юм. Намаасаа гарахаас өөрөөр гомдлоо тайлах шийдэл олоогүй Л.Гүндалайг бухимдалтай яваа талаар цахим ертөнцөд жиргэж байна. Өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн үйл явдлыг цухас дурьдвал ийм.

Агентлгуудыг татан буулгах, яамдыг нэгтгэх, салгах сургаар тамга, тэмдэг, тэр ч бүү хэл нэрийн хуудсаа хүртэл сольчихсон байсан гэх. Энэ бүхэнд тодорхой хэмжээний өртөг, зардал гарна. Харин асуудал эргэснээр дахиад л хуучин хэвэнд нь оруулж, цэгцлэх шаардлага тулгарчээ. Хайран мөнгө. Ямар ч хүн эхлүүлсэн ажлынхаа эцсийг, үр шимийг үзэхийг хүсдэг, хичээдэг. Хавар нь үр цацсан бол намар нь ургац хураахыг хүсэх нь тодорхой. Тиймээс ч тариачид намар болтол хяруу битгий унаасай, байгаль дэлхий хур, бороогоо хайрлаасай, цаг агаар тайван, тогтуун байгаасай гэж хүсдэг. Өнгөрсөн хугацаанд тэдэнд алдсан нь бий, оносон нь бий. Нэгэнт байгуулаад ажилласан бол дөрвөн жилийн дараа “За энэ бол үнэхээр шаардлагагүй агентлаг юм байна” гээд татан буулгавал нэг өөр. Гэтэл цацсан үрнээсээ ургац авах, эсэх нь ч тодорхой болж амжаагүй байтал хална, солино, татан буулгана гэх нь хэр оновчтой юм бэ. Хамгийн гол нь өмнөхөө үгүйсгэсэн, төрийн залгамж, халаа гэдэг зүйл үгүй болчихоод байгаа нь улсын хөгжилд тушаа болж байгааг хүлээн зөвшөөрөх ёстой.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын аж, амьдрал сонгуулийн дөрвөн жилээр хэмжигдэж, хайрцаглагдах явдлыг хэзээ таслан зогсоох юм бэ. Нэг сайд томилогддог. Өмнөх эхлүүлсэн зөв зүйтэй ажлыг яагаад үргэлжлүүлж, мөрөөр нь орхиж болохгүй гэж. Яагаад заавал шүүмжилж, буруутгаж, таслан зогсоож байх ёстой юм бэ. Иргэд туршилтын туулай болж ханалаа. Шинэчилнэ, шийднэ, туршина, хэрэгжүүлнэ. Тэгснээ төд удалгүй өөрчилнө, хална, солино, энэ бүтэхгүй, болохгүй, буруу, муу, муухай гэх. Яагаад эхлүүлсэн ажлынхаа эцсийг үздэггүй юм бэ. Овоо цэгцрээд, “За одоо л нэг” хэмээн амьсгаа авахын даваан дээр халж, сольж, зогсоож, самардаг байдлаа хэзээ болих юм бэ, эрх баригчид аа. Улс орон тогтвортой хөгжлийг хүсч байна гэх атлаа, улс төрийн залгамж, халаа байхгүй. Хэлэх нь бодохоосоо өөр, ярих нь үйлдлээсээ тэс ондоо. Агуулга, хэлбэрийн зөрчил явагдаад байна шүү дээ, та минь.

Монголын мэдээ
Х.Жаргал

URL:

Сэтгэгдэл бичих