China гэж бичдэг С.Баярцогт Монгол Улсын сайд болох ёс суртахууны эрхтэй юу?

39c918f4f9a34065originalОюутолгойн Засгийн газар байгуулагдлаа гэж зарим хүмүүс шүүмжилж байна. Учир нь Оюутолгойн төсөл бараг зогсчихсон. Тийм учраас Оюутолгойн төслийг явуулах гэхээсээ илүү гэрээнд өөрчлөлт оруулах Засгийн газар байгуулагдаж байгаа гэсэн ойлголт олон түмний дунд тарж эхлэв. Үүнийг хэд хэдэн баримтаар баталж болох юм.

Нэгдүгээрт: Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцорсоны дараахан БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо эхэлсэн Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн чуулганы үеэр “Рио Тинто”-гийн захирал  Сэм Уолш   Монгол улсын  Ерөнхий сайд огцорсон асуудалтай холбоотойгоор байр сууриа илэрхийлсэн. Тэрээр  “Блүүмберг” телевизэд ярилцага өгөхдөө “Монгол  улсын Засгийн газрын тэргүүн өөрчлөгдөх гэж буйг Оюутолгой төслийг гацаанаас гаргах боломж,  эерэг шинж тэмдэг байх болно гэдэгт итгэлтэй байна. Мэдээж Монгол улсын ард иргэд Оюутолгойн төслийг үргэлжүүлээсэй гэж хүсч буйг илтгэх олон зүйл бий. Өнгөрсөн цаг хугацаа төслийг ямар хурдан бүтээж чадах байсныг харуулж байна. Би Оюутолгойн төслийг үргэлжлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна. Ажил хугацаандаа явагдахад би дуртай, гэвч Монгол эрх баригчдад энэ асуудлаа цэгцлэх хугацаа хэрэгтэйг ойлгож байгаа. Бид тэвчээртэй хүлээх болно” гэж мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл Н.Алтанхуягийг огцорсоныг баярлан дэлхий дахинд зарласан хэрэг.

Хоёрдугаарт: Шинэ Ерөнхий сайдаар томилогдсон Ч.Сайханбилэг ард түмэндээ хандаж үг хэлэхдээ “Монгол руу хөрөнгө оруулах сонирхол бүхий 180 компаниас авсан судалгаагаар 140 нь “Оюутолгой, Тавантолгойн асуудал хэрхэн шийдэгдэхээс тэдний шийдвэр шалтгаална” гэж хариулсан байна. Бид урт нас, удаан жаргалтай энэ хоёр төслөө улс төрийг нь орхиж, эдийн засаг, бизнесийн утгаар нь хүссэн хүсээгүй шийдэх учиртай. Шинэ Засгийн газар энэ хоёр төслийг хөдөлгөх шийдвэрээ удахгүй УИХ-д танилцуулан, нэг тийш болгоно. Оюутолгой, Тавантолгойн араас Засгийн газар дэлхийн санхүүгийн төвүүд болох Хонконг, Нью-Йорк, Лондонд хөрөнгө оруулалтын чуулга уулзалтуудыг хувийнхантайгаа хамтран зохион байгуулж, Монгол руу чиглэсэн хөрөнгө оруулалтын итгэлийг нэмэгдүүлэх идэвхтэй үйл ажиллагааг явуулна” гэж зарласан. Тэгэхээр Ч.Сайханбилэгийн Засгийн газрын туйлын зорилго Оюутолгойг хөдөлгөхөд оршиж байна.

Гуравдугаарт: Оюутолгойн хөрөнгө оруулагчдын хүсч байгаа нэг зүйл бий. Албан бус эх сурвалжуудын мэдээлж байгаагаар бол Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах. Эсвэл Оюутолгойн 34 хувийг Монголчуудаас худалдаж авах. Ийм хоёр зүйлийг хөрөнгө оруулагчид ярих болсон аж.

Дөрөвдүгээрт: Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх эсвэл Монголын 34 хувийг зарах бодлогыг С.Баярцогтыг хийж магадгүй гэсэн хардлага газар авлаа. Учир нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийсэн С.Баярцогт ЗГХЭГ-ын дарга буюу Монгол Улсын сайд болох нь тодорхой боллоо. Энэ эрхэм гадаадад нууц оффшор данстай байж байгаад баригдсан. Баригдсан ч гэж дээ гадныхан илэрүүлж дэлхийгээр нэг зарласан юм. Тэгээд л Монголчууд мэдэж авсан. Эрэн сурвалжлагчид илрүүлээгүй бол Монголчууд өнөөг болтол мэдэхгүй байсан. Магадгүй С.Баярцогт өдийд Ерөнхий сайд болчихсон байсан байх. Гадаадад данстай нь илэрмэгц ард түмнээсээ уучлал гуйж УИХ-ын дэд даргаа өгч байсан хүн өнөөдөр гэнэтхэн ЗГХЭГ-ын дарга болоод гараад ирэв. Жил хагасын дараа шүү дээ. Нөгөө өндөр албан тушаал хаших ёс суртахууны эрхгүй гэж ярьж явсанаа яагаад мартав. Түүнийг УИХ-аас ч хөөх ёстой гэж олон түмэн үзсээр ирсэн. Одоо ч тэгж бодож байна. Хамгийн хачирхалтай нь С.Баярцогт гадаад дахь нууц дансныхаа мэдээлэл дээр China гэж бичсэн байсан шүү дээ. Энэ ганц мэдээлэл Монгол түмний бухимдлыг өнөөдөрийг хүртэл төрүүлж байна. Өөрийгөө China гэж бичээд явж байгаа хүнд итгэж болох уу? Ийм хүнээр Монгол төрийг удирдуулж болох уу? Тэгээд ч төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүн оффшор данстай байж, түүнийгээ ард түмнээс нууж, өөрийгөө China гэж бичсэн нь хуулийн болоод ёс суртахууны асар том зөрчил. Ийм хүнд төр тэргүүлэх эрх байхгүй гэж ард түмэн үзэж байна.

Тавдугаарт: Оюутолгойтой ямар нэгэн хэмжээгээр холбогдсон олон хүн энэ Засгийн газарт орж ажиллахаар бэлтгэж байна. Энэ юуг хэлж байна вэ гэдгийг ард түмэн сайтар анхаарах ёстой боллоо. Тухайлбал Оюутолгой ТУЗ-ын хоёр ч гишүүнийг Ч.Сайханбилэгийн Засгийн газрын гол яамдын дэд сайд болно гэсэн мэдээлэл эрчимтэй тарж байна. Тухайлбал Оюутолгой төслийн ТУЗ-ийн гишүүн Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулууг тус яамны дэд сайд болгох гэсэн хор найруулагдаж эхэлсэн байна. Бас Оюутолгойн ТУЗ-ын өөр нэг гишүүн Г.Тэмүүлэнг Аж үйлдвэрийн яамны дэд сайд болгохоор яригджээ. Үүний өмнө Оюутолгой төслийн ТУЗ-ын гуравдахь гишүүн Да.Ганболдыг Ерөнхий сайд болгьё гэсэн яриа эрчимжиж байсныг зарим хүмүүс мартаагүй. Эндээс юу анзаарагдаж байна вэ? Хэрэв энэ мэдээлэл үнэн бол Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн хийж олон мянган ам.долларын цалин авдаг энэ эрхэмүүд гэнэтхэн ээлж дараалан яагаад Засгийн газар луу хошуурах болов оо? Үүний цаана ямар ашиг сонирхол байна вэ? Энэ эрхэмүүд өнгөрсөн хугацаанд Оюутолгойн талаар ард түмэндээ нээлттэй мэдээлэл өгч байсан уу? Ард түмэн минь ийм юм болоод байна гэж хэлж байл уу? Бид эх орон,  ард түмнийхээ эрх ашгийг ингэж хамгаалж байна гэж хэдэн удаа ярьсан бэ? Ингэж асуувал тэвдэхээр цагаан захтай эрхэмүүд Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг хүрээлэхээр болсон нь олон хүний анхаарлыг татаж байна. Тэдний үйлдлийг УИХ-д сөрөг хүчний үүргийг гүйцэтгэнэ гэж мэдэгдээд байгаа гишүүд анхааралтай ажиглах болсон гэж эх сурвалж мэдээлэв. Тэр нь ч батлагдаж С.Баярцогтыг сайдаар батлах гэхэд галлаж эхэлсэн билээ.

Зургаадугаарт: Н.Алтанхуягийг огцруулсны дараа УИХ-ын гишүүн Д.Арвин маш ноцтой мэдээллийг задалсан. Тэрээр “УИХ-ын гишүүн С.Баярцогт, Ч.Сайханбилэг хоёр нийлчихээд Н.Алтанхуягийг огцруулах хорыг найруулж байгааг мэдсэн. Тэгээд л дургүй хүрээд Н.Алтанхуягийг огцруулах чуулганы хуралд оролцоогүй” талаараа хэвлэлд яриа өгсөн. Түүний ярианаас харахад АН-ын Засгийн газраа огцруулах хорыг С.Баярцогт гардан зохион байгуулсан болж таарсан. Юуны төлөө огцруулсан бэ? Өөрөө сайд болж, Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах гэж үү? Энэ асуултад С.Баярцогт хариулах ёстой.

    Долдугаарт: Оюутолгойн тухай нэвтрүүлгийг асар их мөнгөөр захиалан хийлгэж байна. Уг нэвтрүүлгийн гол зорилго нь Оюутолгойн 34 хувийг зарах, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөхөд чиглэгдэж байгааа аж. Олон нийтийн тархийг угаах зорилготой энэ нэвтрүүлгийг хэн санхүүжүүлэв гэдэг асуудал ихээхэн анхаарал татна. Тун удахгүй нэвтрүүлэг бүх телевизүүдээр цацагдахаар төлөвлөгдсөн байна.

    Энэ мэтээр Монголын ард түмний хувь заяаг шийдвэрлэх хамгийн том төсөл болох Оюутолгойг тойрсон олон ээдрээт үйл явдал өрнөж байна. Үйл явдал хэрхэн өрнөх, юунд хүргэх, Оюутолгойн маргаан яаж шийдэгдэх зэргээс олон асуудал шалтгаалах боллоо. Хамгийн гол нь Монголд ашигтай гэсэн ганцхан эрх ашиг сонирхолд нийцүүлэн асуудлыг шийдвэрлэж чадах уу? гэсэн асуулт хариулт нэхсээр байна.
24tsag.mn

URL:

Сэтгэгдэл бичих