“АПУ”-гийн гэрээт борлуулагчийн амь насыг хөнөөсөн хэрэг Прокурорт шилжлээ
“АПУ” компанийн гэрээт борлуулагч, “Ариун алтан тэвш” компаний ажилтан Б.Алтанхуягийн амь насыг хөнөөсөн ноцтой хэрэг өнгөрсөн сард гарсан. Түүний унаж явсан “УНК 2983” улсын дугаартай ачааны микро автобусыг Төв аймгийн Зуунмод хотоос олсон юм. Мөн Б.Алтанхуягийг хөнөөсөн байж болзошгүй этгээд нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах хүнсний дэлгүүрийн эзэн Г.Пүрэвсүрэн гэгч байсныг цагдаагийнхан нотлох баримтаар баталгаажуулан саатуулсан билээ. Түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461-р ангид саатуулан шалгаж байгаа билээ.
Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан бөгөөд яллах дүгнэлт үйлдлүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Түүнд холбогдох хэргийг Улсын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байсан бөгөөд Эрүүгийн хуулийн 91.2-т зааснаар шунахайн сэдлээр танхай авирлаж, бусдын амь насанд санаатай халдсан зүйл ангиар эрүү үүсгэсэн юм.
URL: