Түрийвчний төрд теором хэрэггүй
Би сонгогч. 2000 оноос хойш Их хурлын, Ерөнхийлөгчийн, Орон нутгийн сонгуульд тус бүр дөрвөнтээ санал өгчээ. Гэсэн атлаа мөн ч олон Засгийн газар унахыг үзлээ. Эмээ минь гурван төрийн нүүр үзсэн гэж гайхуулдаг байлаа. Харин би хэдэн төрийн нүүр үзсэнээ яг одоо хэлж мэдэхгүй юм. Тоолбол тоо нь гарах биз.
Ч.Сайханбилэг Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд болов. Ер нь АН-ын засаглалын үед Ерөнхий сайдын тоо сүмогийн аваргууд шиг явж өгдгийг манайхан мэднэ. Тэр л жишгээр 27-гоо унагаж 28-аа тодруулсан хэрэг.
Ч.Сайханбилэгийн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн өнөөдрийн хамгийн халуун сэдэв болоод байна. Ерөнхий сайд МАН-д санал тавьж, нөгөөдүүл нь хүлээж авснаар МАНАН дахин бий болов.
МАН-ын хувьд АН-аас ийм санал ирэхийг хоёр жил гаруй хүлээсэн. Тиймээс АН-ын ҮЗХ-ноос Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад сонгож байхтай зэрэгцээд л “сурталчилгаа”-гаа хийж эхэлсэн. Н.Алтанхуягийн Засгийн газар шиг бүтцээр, өөрсдийг нь оролцуулалгүй явчих вий гэж үхтлээ айсан шинжтэй. Нэг тахианы онигоо байдаг даа. Эр тахианд хөөгдсөн эм тахиа “ханд”-тай байгаагаа яаж илэрхийлэхээ мэддэггүй.
Зугтаж явахдаа “…Шууд баригдахаар дуртай гэнэ. Энэ чигээрээ гүйцэгдэлгүй зугтчихаар харамсмаар юм болно. Яадаг юм билээ. Ерөөсөө бүдрээд уначихъя” гээд санасандаа хүрдэг. МАН энэ онигооны эм тахиа байв. Гэхдээ шууд баригдсан уу, бүдрээд унасан уу бүү мэд. Юутай ч санасандаа хүрсэн.
Хөндлөнгөөс харахад маш их гуйлгаж түйлгэж байж засагт орж байгаа юм шиг. Эсвэл ард түмнээ, улс орноо бодож энэ засагт хамтарч байгаа юм шиг. Ард түмнээс санал асуухад засагт орж, улс орноо өөд тат гэлээ гээд л.
МАН-ынхан өөрсдийгөө ингэж л сурталчилж байна. Хоёр нам баахан зөвшилцөв. Зөвшилцөл уг нь тодорхой шийдэлтэй, нийгмийн том асуудал дээр хийгддэг гэж томъёолсон байдаг юм байна. Харин хоёр намын зөвшилцөл нь наанаа улс оронд нүүрлээд байгаа эдийн засгийн, засаглалын хямралыг ярьж байгаа ч цаанаа шинэ Засгийн газар дахь эрх мэдэл, албан тушаалын тохиролцоо явагдаж байна. Өөрөөр хэлбэл, энэ зөвшилцлөөс ард түмэн ихийг хүлээх хэрэггүй гэсэн үг. Бас нэг онигоо хэлье. Нэгэн эр:
-Өнөөдөр би даргадаа “Та миний цалинг нэмж өг. Тэгэхгүй бол танай байгууллагаас гарна…” гэсэн тулган шаардалт тавьсан.
- Тэгээд ямар үр дүнд хүрэв?
- Бид харилцан зөвшилцөлд хүрсэн. Тэр миний цалинг нэмээгүй, би ч ажлаасаа гараагүй гэжээ.
Тиймээс олон жилийн өмнө Айн Рэндийн хэлсэн “Зөвшилцөл бол фашизм…” гэдэг л үнэн болж таарч байх шиг. Мөн “Форум” Д.Энхбат гурван жилийн өмнө УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга байхдаа “…Зөвшилцөл бол фашизм. Фашизм гэдэг хуулиас дээгүүр дарга нар Засгийн эрхийг тохирохыг хэлдэг юм. Фашизм бол дарангуйлал. Тэгэхээр хуулиас дээгүүр дарга нар тохирч, засгийн эрхийг хувааж авах нь дарангуйлал юм.
Монголд фашизмын дарангуйлал эхэлчихсэн” гэж байв. Бас АН-ын гишүүн, ардчиллын анхдагчдын нэг Д.Сосорбарам “..Айн Рэндийн хэлдгээр эвсэл, зөвшил гэдэг бол чимээгүй фашизм юм. Чимээгүй фашизм гэдэг нь юугаар анзаарагдаж байна гэхээр төрийн сэнтийгээр мөнгө угаадаг том толгойтой хүмүүс эвсээд байдаг” гэж нэгэн ярилцлагадаа хэлжээ.
Ер нь бол фашист улс төрийн дэглэмийн үндсэн 14 хэв шинж байдаг байна. Улс төр судлаач, доктор Лоренс Бритт Германы Гитлер, Италийн Муссолини, Индонезийн Сухарто болон Чилийн Пиночетийн фашист дэглэмүүдийн талаар судалгаа явуулжээ. Үүнийхээ үр дүнд фашизм нь үндсэн 14 хэв шинжийг агуулдаг тухай нийтлэлийг 2004 онд бичиж байж.
Фашистууд үндсэрхэг үзлийг маш хүчтэйгээр, тасралтгүй сурталчилдаг. Фашистууд хүний эрхийг үл тоомсорлодог.Дайснууд болоод золионд гаргах этгээдүүдийг тодруулдаг. Зэвсэгт хүчинд давуу эрх олгоно. Хүйсээр ялгаварлан гадуурхах явдал газар авдаг.Олон нийтийн мэдээллийн хэрэгслийг хянана. Үндэсний аюулгүй байдлын асуудлыг хэт дөвийлгөдөг.
Шашин болоод фашист эрх баригчдын хоорондын холбоо сүлбээ ихэсдэг. Фашист дэглэм нь томоохон корпорациудын ашиг сонирхлыг хамгаалдаг. Үйлдвэрчний эвлэлүүдийг шахан хавчих буюу бүрмөсөн устгах бодлого баримтална. Сэхээтнүүд болон урлагийг басамжилж, нухчин дарна. Гэмт хэрэг ба ял шийтгэлийн талаарх улигт үзэл бодол бий болно.
Тал тохой харах явдал хийгээд авлига газар авна. Сонгуулийг будлиантуулна. Энэ 14 шинжийн ихэнх нь Монголд хэдийнэ бий болжээ. Тэгэхээр фашизм манайд байна гэсэн үг болж таарах нь. Гэхдээ үүнийг зөвшилцлийг гардаж байгаа хүмүүс хүлээн зөвшөөрөх дургүй байна. Тэд “Энэ бол парламентын зөвшилцөл” гэж байна. Түүнчлэн “Зөвшилцөл бол фашизм биш. Улс төрийн соёл” гэсэн тайлбаруудыг зогсоо зайгүй хийж байгаа.
Энэ зөвхөн бодит байдлыг өнгөлөн далдлах гэсэн арга гэдгийг ард түмэн мэддэг болсон нь тэдний хувьд харамсалтай хэрэг. Үнэн хэрэгтээ зөвшилцөл парламентад биш намуудын дунд явагдаж байгаа бөгөөд туйлын зорилго нь албан тушаал, эрх мэдлийн хуваарилалт юм. Хэд хоногийн өмнө зөвшилцөлтэй холбоотойгоор хүчний байгууллагуудад томилгоо, сэлгээ хийв.
ЦЕГ-ын газрын даргаар Р.Чингисийг, Тагнуулын ерөнхий газрын даргаар Б.Хурцыг, ШШГЕГ-ын даргаар Б.Билэгтийг, Татварын ерөнхий газрын даргаар Б.Ариусанг томилжээ. Даргыг дагаад энэ байгууллагуудын удирдлагын аппарат тэр чигээрээ солигдож байна. Зарим нь халагдаж, үлдсэн нь хэзээ ээлж нь ирэх бол гэсэн айдастай өдөр өнгөрөөж байна. Төрийн байгууллага, тэр тусмаа хууль хүчний байгууллага ингэж улстөржиж, нэг нэгнээ намнан, хөлөө жийлцэх нь яавч сайны ёр биш. Томилгоо, халаа сэлгээ цаашид эх захгүй үргэлжилнэ.
Зөвшилцөл фашизм мөн, биш гэж маргахаас илүүтэй санаа зовох асуудал бол хяналт алга болж байгаа хэрэг. Улс орон бүрэн бүтэн, амар тайван байхад хяналт хамгийн чухал байдаг. Хамгийн том нь парламент дахь сөрөг хүчний хяналт ажээ.
Араас нь парламентын хяналт, мэргэжлийн хяналт, институцийн хяналт, хэвлэл мэдээллийн хяналт, иргэний хяналт ордог. Гэвч энэ хяналтууд үндсэндээ мөхчихсөн. Дээр дурдсан фашист аргаар бүгдийг нь нухчин дарсан гэхэд болно. Миний хамгийн сайн мэддэг хэвлэл мэдээллийн хяналтыг эрх баригчид үндсэнд нь мөхөөх бодлого баримтлаад багагүй хугацаа өнгөрсөн.
Бусад нь угаасаа байгаагүй. Уг нь парламент дахь сөрөг хүчний хяналт төгс төгөлдөр ажиллаж байж бусад хяналтаа сэрээх учиртай байв. Гэвч 2012 оны сонгуулиар сөрөг хүчний байранд очсон МАН эрх баригч АН-ын өвөрт гүйгээд орчихсон нь улс төрийн онолын хувьд ихээхэн төвөгтэй байдалд орж байгааг учир мэдэх хүмүүс хэлж, ярьж байна.
С.Баярын үед хийгдсэн стандарт бус засаглал улам төгөлдөржөөд өнөөдөр ийм заваан төвшинд хүрч байгааг олон хүн ярьж байна. Онолгүй практик гэж үгүй. Гэвч С.Баярын бий болгосон онолын бус, дэлхийн хаана ч байхгүй Засгийн газар дахин бүрэлдэж байна. Сөрөг хүчний хяналт үгүй болсноор ямар хор уршиг дагуулах нь тов тодорхой асуудал. Нийлээд л иднэ гэсэн үг. Хэн нь ч хэнийгээ хянахгүй.
Яамаа хуваахдаа хүртэл аль нь хэдий хэрийн төсөвтэй, хэр зэрэг хөрөнгөтэй зэргийг ярьцгааж байгаагаас үүнийг ойлгож болно. Сөрөг хүчний үүргийг бие даагчид биелүүлнэ гэх мэтийн улс төрийн шоунууд үүнтэй зэрэгцээд гарч ирлээ. Бие даагчид мөн л МАН-тай адил Ч.Сайханбилэгт сээтэн хаяж буй нь тэр бололтой.
Энэ бүхний эцэст сонгогч миний, бидний өгсөн санал хаана явна вэ гэсэн асуултын тэмдэг томоос томоор тавигдах болж байна.
Нээрэн 2012 онд өгсөн сонгуулийн дүн хаачив. Ард түмэн АН-ыг бусадтайгаа нийлж засгаа барь, МАН-ыг тэдэнд хяналт тавьж, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэ гэж сонгосон бус уу. Нэг хөнжилд ор гэж лав санал өгөөгүй. Сонгогч санал өгдөг. Гишүүн болсон нөхөд Их хуралд орж ирээд нам дамжиж гүйдэг. Сүүлдээ бүр намаараа тэр чигээрээ эрх баригчийнхаа өвөрт гүйж ордог “моод”-той болов. Жил гаруйхны дараа сонгууль болно. Тэр үед энэ хоёр нам юу ярих бол.
Ерөөс 2008 оноос улбаатай МАНАН нэгэнт олны танил болсон шиг үүний цаана нэг л танил технологи яваад байгаа юм. С.Баяр АН-д санал тавьж, хамтарсан засаг байгуулж, үүнийг нь Сү.Батболд үргэлжлүүлж байлаа. Тэр үед МАН-ынхан АН-ыг “үхлийн тэврэлт”-д орууллаа гэж байв. Тэр нь эрх баригчийн хатавчинд суух нь мөнхийн өрсөлдөгчийн хувьд харамсмаар ялагдал.
Сөрөг хүчний байр сууриасаа ухарна гэдэг сонгуулийн ялалт байтугай намын ирээдүйг устгасан хэрэг гэж хэн ухаантан зөвлөсөн байдаг. Тэр үед АН-ын дарга, Шадар сайд байсан Н.Алтанхуяг энэ мессэжийг авсан даруйдаа, дараагийн сонгууль болохоос хэдхэн сарын өмнө хамтарсан засгаас гарч байгаагаа мэдэгдэж байлаа. Тэр нь ч оносон байж магад.
Түүнийхээ буянаар л 2012 онд олон суудал авсан ч юм билүү. АН-ыг засгаас гарахад “Унаж яваад морио…” гээд буурин дээрээ үлдэж байсан тэр үеийн МАН-ын дарга, Ерөнхий сайд Сү.Батболдын нулимс хатаагүй л байгаа. Тиймээс 2016 оны сонгуулийн өмнө МАН засгаа орхиод буцахыг үгүйсгэх аргагүй. Учир нь их л танил технологи шүү дээ. МАН өмнө нь чадуулж байснаа амархан мартах нам биш.
Өсөрхөг, өс хонзон авахдаа гаргууд гэдгийг бүгд мэднэ. Жилийн дараа ийм явдал болж засаг тарж гэмээнэ хоёр нам хожоо, алдаа л ярина. Харин ард түмэн, Монгол Улсын төр хохирч үлдэнэ. Харж л байя.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: Зууны мэдээ
URL: