МАН-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙГ ХҮЛЭЭЖ АВЧ УУЛЗЛАА

11(1)УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Су.Батболд, УИХ-ын гишүүн, МАН-ын Улаанбаатар бүс хариуцсан нарийн бичгийн дарга Д.Сумьяабазар, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй нар нийслэлийн МАН-ын идэвхтэн сонгуультнуудыг Тусгаар Тогтнолын Ордноо хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд өнгөрсөн бямба гаригт болсон намын бага хурлынхаа шийдвэрийг танилцуулахын зэрэгцээ Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, санал бодлыг нь сонсч иргэдээс ирсэн асуултад нээлттэй хариулсан юм. Тухайлбал, “өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын 17.5 хувийн өсөлттэй байсан эдийн засаг 2.7 дахин буурч хямралд хүргэлээ. Түүнчлэн банкны салбарын хугацаа хэтэрсэн зээл дөрөв дахин, чанаргүй зээл хоёр дахин нэмэгдэж, зээлийн өрийн үлдэгдэл 12.7 их наяд төгрөгт хүрсэн нь банкны системийг эрсдэлд оруулж байна. Монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханш 40 орчим хувиар унасан. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 30-80 хувь өссөнөөр иргэдийн худалдан авах чадвар буурлаа” гэх зэргийг илтгэлдээ дурдсан юм. Үндэсний аудитын газрын дүгнэлтээр улсын өрийн хэмжээ 50 хувиар буюу 5.8 их наяд төгрөгөөр нэмэгдэн 17.7 их наяд төгрөгт хүрчээ. Өнгөрсөн онд зөвхөн “Чингис” бондын хүүгийн төлбөрт 98.9 тэрбум төгрөг төлжээ. Зөвхөн 2013 онд “Чингис”, “Самурай” бонд зэргийг оруулахгүйгээр Шинэчлэлийн Засгийн газар нийт 5 их наяд 818 тэрбум төгрөгийн өрийг шинээр тавьсан гэж Үндэсний аудитын газрын дүгнэлтэд тусгасан байна. Энэ оны есдүгээр сарын байдлаар Монгол Улсад бүртгэлтэй нийт аж ахуйн нэгжийн 49.2 хувь буюу 54337 нь хаалгаа барисан гэсэн тоо гарчээ.

МАН-ын дарга М.Энхболд эдийн засгийн нөхцөл байдлын талаар ийнхүү мэдээлэл өгсний дараа өнгөрсөн бямба гаригт Бага хурлын II хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс УИХ-д суудалтай бүх намуудад хамтарч Засгийн газар байгуулах талаар тавьсан зөвшилцөх санал болон энэ чиглэлээр хийгдсэн ажлуудыг танилцууллаа. МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлэг хэд хэдэн удаа хуралдаж, УИХ-ын гишүүн Су.Батболдоор ахлуулсан зургаан гишүүний бүрэлдэхүүнтэй зөвшилцөх ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа билээ. УИХ дахь намын бүлгээс зөвшилцөх ажлын хэсэгт парламентын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон эдийн засгийн хямралаас гарах арга зам, эрчим хүч, дэд бүтэц, уул уурхайн томоохон төслүүдийг эргэлтэд хэрхэн яаж оруулах, Засгийн газрын өр, зээлийн талаар авч хэрэгжүүлэх бодлого, төлөвлөлт, улс төрийн намын болон сонгуулийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, орон нутгийн түвшинд хамтран ажиллах арга хэлбэрийг тодорхой болгох асуудлын хүрээнд санал солилцож байр сууриа нэгтгэн, зөвшилцөх үүрэг чиглэл өгсөн. Энэ дагуу ажлын хэсгүүд ямар зөвшилцөлд хүрснийг МАН-ын дарга М.Энхболд танилцуулав. Тэрбээр илтгэлийнхээ төгсгөлд “Энэ цаг үед бид зөвхөн намаа, 2016 оны сонгуулиа бодох уу, улс орны тусгаар тогтнол, ард түмний язгуур эрх ашгийг бодох уу гэсэн сонголтын өмнө тулж ирсэн. Бидний шийдвэр эв нэгдэл, бүтээлч байдалд тулгуурлах ёстой” гэдгийг хэллээ. Түүнчлэн МАН-ын удирдлагуудын зүгээс зөвшилцлөөр ямар нэг сандал ширээний асуудал яригдаагүй гэдгийг хариуцлагатайгаа мэдэгдсэн юм. Үнэхээр ч бусад намуудтайгаа Засагт хамтрахаар болсон АН-ынхны дотор санал, ширээ, сайдын суудлын томоохон өрсөлдөөн явж буй энэ өдрүүдэд МАН-ын удирдлагууд иргэдээ хүлээн авч уулзан, санал хүсэлтийг нь сонсч буй явдал нь олон жил төр барьж, улс эх орны ачааныг хүндийг үүрч ирсэн туршлагатай намын хувьд энэ асуудалд нухацтай хандаж буйн нэг илэрхийлэл гэдгийг уулзалтад ирсэн хүмүүс онцолж байлаа. Нийслэлийн есөн дүүрэг, 152 үүрийн нийт 800 гаруй идэвхтэн сонгуультнууд хүрэлцэн иржээ. Иргэдийн зүгээс зөвшилцлөөсөө хэзээ ч ухарч мэдэх эрх баригчидтай хамтарч ажиллахын зэрэгцээ хариуцлага тооцох зарчмаасаа ч ухрахгүй байхыг сануулсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих