ХҮЛЭЭЛТ БА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, АНХААРАХ АСУУДЛУУД

УУЛ УУРХАЙ2012 оноос хойш уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татарч, эрдэс баялагийн салбараас хамааралтай Монголын эдийн засаг гадаадын зээл тусламж дээр тулгуурлахаас өөр аргагүй байдалд хүрсэн юм. Гэхдээ төр засаг энэ байдалд дүгнэлт хийж бодит байдлыг тооцож үзсэний үр дүнд 2014 оны 7 дугаар сарын 2-нд УИХ Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсан билээ. Энэ хууль ямар ч байсан уул уурхайн салбарын хөгжилд мэдэгдэхүйц нөлөөлөхүйц баримт бичиг болж чадсан гэдэг үнэлэлтийг мэргэжлийн хүмүүсээс авч чадсан. Гэхдээ хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш бараг хагас сарын хугацаа өнгөрөөд байна.

Нөхцөлд байдалд нааштай өөрчлөлт ажиглагдаж байгаа, эсэх болон энэ чухал салбарыг хөгжүүлэхэд юун дээр анхаарах ёстой талаар уул уурхайн мэргэжлийн хүрээний хүмүүсийн байр суурийг тоймлон хүргэе.


Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат: Монгол уул уурхайн салбараараа зах зээл дээр өрсөлдөх чадвартай

-Монгол Улс заавал бүх салбар дээр ажлын байр бий болгоод бүхий л салбарыг хөгжүүлэх нь зөв бодлого биш. Яагаад гэвэл дэлхий нийт нэг зах зээлтэй болж байна. Бид юугаар зах зээл дээр өрсөлдөж чадах вэ гэдэг дээр монголчууд анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй. Бид гутал хувцас оёод Хятадын зах зээлтэй өрсөлдөж чадахгүй, компьютер, гар утас үйлдвэрлээд Солонгостой өрсөлдөж чадахгүй. Тэгэхээр чадахгүй зүйл дээрээ илүү зардал гаргаж, шал дэмий хүн хүч, санхүүгийн нөөц зараад хэрэггүй. Өнөөдрийн хувьд манайх уул уурхайн салбараараа зах зээл дээр өрсөлдөх чадвартай байна. Тиймээс уул уурхайн салбараа эхний тав, арван жилдээ анхаарч, түүгээрээ орлогоо сайн бүрдүүлье. Ингээд Монгол Улс хуримтлалтай болчихвол хүүхдүүдээ боловсролтой, эрүүл болгоно. Сүүлийн үед хөгжсөн Сингапур, Хонгконгийн жишээг ярьвал тэд маш хатуу хүнд хөдөлмөр дээр анхаарлаа хандуулж, томоохон хөрөнгө оруулагчдыг татаж, өдөртөө 8-12 цаг ажиллуулаад хөлсийг нь гаргаж байгаад хуримтлалтай болж, улс орноо хөгжүүлсэн. Бид түүн шиг тэргүүлэх салбараа тодорхойлчихрод хөрөнгө оруулалтаа хийж, орлогоо хуримтлуулна. Манай тэргүүлэх салбар бол уул уурхай.

Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган: Уул уурхайн салбарын аж үйлдвэрийн өсөлт 20 гаруй хувьтай гарсан
-Энэ оны эхний улирлын статистик мэдээллийг харахад тодорхой эерэг үзүүлэлтүүд гарч байна. 2014 оны эхний улирлын байдлаар гадаадын хөрөнгө оруулалт 540 сая ам.доллар болсон байна. Уул уурхайн салбарын аж үйлдвэрийн өсөлт 20 гаруй хувиар, экспортын хэмжээ мөн оныхоос 20 орчим хувиар нэмэгдсэн байна. Гадаад худалдааны алдагдал буурч байгаа нь нийт эдийн засагт эерэг нөлөө үзүүлж эхэлж байна. Манай улсын нийт экспортын 90 орчим хувийгуул уурхайн салбар дангаар бүрдүүлдэг. Энэ өсөлтөд зэс, түүхий газрын тосны үйлдвэрлэл, экспорт нэмэгдсэн нь нөлөөлсөн. Хэдийгээр манай уул уурхайн салбарын экспортын голлох түүхий эдийн үнэ буурсан ч гэсэн нүүрсний экспортын биет хэмжээ өмнөх оныхоос өссөн. Өнөөдрийн байдлаар 6 сая орчим тонн нүүрс экспортлоод байна. Энэ онд 31 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан. Үүнийгээ биелүүлэхийн төлөө ажиллаж байна. Төмрийн хүдрийн экспортын гол зах зээл болох өмнөд хөршид энэ түүхий эдийн үнэ 40-50 хувиар унасан нь компаниудад дарамт учруулж байна. Гэхдээ төмрийн хүдрийн экспортыг дэмжих чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа.
Академич Т.Намжим: Зэс, алт, мөнгө, бусад өнгөт металлын үйлдвэрийг байгуулах хэрэгтэй
-Бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хөгжлийн урт хугацааны хөтөлбөрт болон дунд хугацааны төлөвлөгөөнд улс орны дотоодын нөхцөл, нөөц боломж, гадаад зах зээл, хүчин зүйлсийг бодолцсон эдийн засгийн судалгаа, үндэслэл тооцооны үндсэн дээр тогтоох ёстой. Тэгээд томоохон төслийн ТЭЗҮ-ээр баталгаажуулж байх нь зүйн хэрэг. Өнөөгийн байдлаар ойрын үед хэрэгжүүлбэл зохилтой, урт хугацаанд яригдаж байгаа хэдэн томоохон төслүүд байна. Тухайлбал, Тавантолгойн ордыг, түүний коксжих нүүрсийг Япон, БНСУ-ын зах зээлд гаргах, мөн БНХАУ-д нийлүүлэх экспортын чиглэлээр ашиглах асуудлыг шийдэх, Дархан-Сэлэнгийн бүс нутаг дахь төмрийн хүдрийн ордыг түшиглэн үрлэн төмрийн үйлдвэр байгуулах, түүний үндсэн дээр Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөн шинэчлэх, Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг Монгол, Япон хамтран хэрэгжүүлэх бэлтгэл хангагдсан. Мөн Оюутолгой, Эрдэнэтийн үйлдвэрээс гарч байгаа зэсийн баяжмалыг боловсруулж цэвэр зэс, алт, мөнгө, бусад өнгөт металлын үйлдвэрийг байгуулах, улмаар зэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгох, хялбар хийцийн машин техник, металл эдлэлийн үйлдвэрлэл хөгжүүлэх зэрэг төслүүдийг уул уурхай, өнгөт болон хар металлург, нефть химийн салбарт болон металл боловсруулах, машин байгуу-ламжийн чиглэлээр хэрэгжүүлэхэд илүү анхаарах хэрэгтэй. Түүнчлэн малын ноос ноолуур, арьс ширийг бүрэн боловсруулж эцсийн хэрэглээний бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тийм туршлага, ололт амжилт манайд урьд нь байсан.
Үүнээс гадна хамгийн чухал төсөл бол Дорно зүгт далайн шинэ гарцын төмөр замыг тавих. Уг төмөр замыг Япон, БНСУ-тай хамтран хэрэгжүүлэх боломж байгаа. Мөн эрчим хүчний шинэ эх үүсвэрийн томоохон цахилгаан станцуудыг барих шаардлагатай байгаа.
МГУУМИ-ийн ерөнхийлөгч Д.Дамба: Манай хууль эрх зүйн орчин тогтвортой байх ёстой
-Манай хууль эрх зүйн орчин тогтвортой байх ёстой. Өнгөрсөн сонгуулийн үеэр айхавтар хуулиуд гарсан даа. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль гэж алдаатай том хууль гаргаж баахан хориг саад хийсэн. Үүнээс болж л хөрөнгө оруулагчид дүрвэсэн. Түүнээс биш ашигт малтмалын тухай хууль ч нэг их нөлөөлөөгүй. Гэхдээ дээрх хуулийн алдаагаа зассан. Гэхдээ л үе үе ийм асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Монгол Улсын улс төр, эдийн засгийн тогтвортой байдал нь гадаадын хөрөнгө оруулж байгаа хүмүүст итгэл үнэмшил төрүүлэхгүй байна. Тодорхой хугацааны дараа, тэр тусмаа 2016 оны сонгуулийн дараа энэ байдал өөрчлөгдөх үү, эсвэл хэвээрээ байх уу гэдгээс хамаарна. Хэрэв энэ хэвээрээ байгаад улам сайжирвал хөрөнгө оруулалт нэмэгдэх магадлалтай. Нөгөө талаар одоо хөрөнгө оруулаад ажиллаж байгаа гадаадын нэр хүндтэй томоохон компаниудыг бусад нь ажиглаж байна. Тухайлбал, Оюутолгойд хөрөнгө оруулсан “Рио Тинто”-гийн асуудал хэрхэн шийдэгдэхийг харж байгаа. Гэтэл “Рио Тинто”-д манай талаас баахан акт тавиад, татварын маргаан үүсгэчихлээ. Тэгээд зарим улстөрч, эдийн засагчид нь “”Рио Тинто” шиг хэрэггүй компани байхгүй” гэсэн. Энэ бүхэн нь бусад компани хөрөнгө оруулахаас татгалзах, болгоомжлох нөхцлийг бий болгоод байна.
“Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Т.Наран: Менежмент нь сайн байвал төр бүх боломжоор дэмжих ёстой
-Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулахаар 1960 оноос хойш ярилаа. Сүүлийн гурван засгийн үед тендерийг нь зарлалаа. Дөрөв дэх засаг дээрээ энэ асуудал шийдэгдэх эсэхийг хүлээгээд байж байна. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах оролдлого хийх бүрт шантаажлагчид саад болж байна. Далдын ямар нэгэн сонирхлын хатгаасаар Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулахын эсрэг ажиллаж байгаа хүмүүс гудамжинд ч байна, саарал ордонд ч байна. Зориудаар саад хийж байгаа нь харамсалтай. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулаад, монголчуудын амьдрал дээшлэх вий гэхээс л айгаад байх шиг. Миний хувьд шилдэг менежерийг сонгох нь зөв. Тэр нь гадаадынх байна уу, дотоодынх байна уу хамаагүй. Муу менежменттэй бол нүүрс битгий хэл алт байгаад ч нэмэргүй шүү дээ. Менежмент нь сайн байвал төр бүх боломжоор дэмжих ёстой. Нэг жишээ татъя л даа. Нэгэн албан байгууллагын цэвэрлэгч байлаа гэхэд дээрээс саванг нь, угаалгын нутгийг нь авч өгөхгүй бол хичнээн зүлгээд шал нь гялалзахгүй. Аль эсвэл ажлаа хиймээр байхад нь дарга нар нь өрөөнд нь архидаад гарч өгөхгүй бол яахав. Үүнтэй адилхан хийх боломжоор нь төр хангачих.
МУУҮА-ийн ерөнхийлөгч Н.Алгаа: Хууль, эрх зүйн орчноо сайжруулснаар ажиглаж, хүлээж байсан гадныхан замдаа орсон
-Уул уурхайн уналтыг бид мөд сэргэхгүй гэж харж байсан. Гэхдээ одоо хөрөнгө оруулагчдад итгэл төрж эхэлсэн. Манайх хууль, эрх зүйн орчноо сайжруулснаар ажиглаж, хүлээж байсан гадныхан замдаа орсон гэж бодож байна. Гадны хэвлэлүүдэд тэмдэглэснээр Монголын уул уурхайн салбарт таатай орчин бүрдэж, хөрөнгөө оруулсан гадныхны бүрхэг бараан байдал сэргэж байгааг онцолсон байна. Энэ бүхнээс харахад нааштай байдал ажиглагдаж байна.
МАК-ийн дэд ерөнхийлөгч Г.Даваацэрэн: Жижиг, том гэлтгүй баяжүүлах үйлдвэрүүдэд аүдитын шинжилгээ хийх ёстой
-Ер нь дэлхий дээр уул уурхай гээд ярихаар алт, зэс, нүүрс, төмөр гэсэн дөрвөн эрдэс дээр энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн 90 хувь нь төвлөрдөг. Энэ дөрөв нь бүгдээрээ манай улсад байдаг. Үүн дээр жонш нэмэгдэх байх. Эдгээр таван төрлийн эрдэст тулгуурлан баяжуулах үйлдвэрүүд ажиллаж байна. Хамгийн олон хүн ажиллуулдаг хамгийн том, өндөр технологитойд “Эрдэнэт” үйлдвэр, “Оюутолгой”, “Энержи ресурс”-ийн нүүрс баяжуулах үйлдвэр гээд гарын таван хуруунд багтахаарыг нэрлэж болно. Харин төмөр, хайлуур, жонш дээр бага хүчин чадалтай, орон нутгийн шинж чанартай, технологийн хувьд өмнөд хөршөөс орж ирсэн үйлдвэрүүд зонхилж байна.
Энэ олон баяжуулах үйлдвэрийг ядахдаа технологи болон мэдээллээр хангах тал дээр Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо болон бусад холбоод сайн ажиллах хэрэгтэй байна. Өнгөрсөн долоо хоногт болсон “Эрдэс боловсруулалт-2014″ хурлын үеэр зарим компанийг ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй мэтээр хүмүүс ярьж байсан. Эндээс хүмүүс мэдээлэл хомс байдгийг харж болохоор байна.
Цаашид Монголд эрдэс боловсруулалтыг дэлхийн жишигт нийцүүлэх, ялангуяа байгаль орчин, ашиглалтын түвшин талаасаа ямар технологи нэвтрүүлэх ёстой вэ, энэ технологид ямар хяналт тавих вэ гэдэг нь туйлын чухал. Тиймээс жижиг, том гэлтгүй баяжуулах үйлдвэрүүдэд аудитын шинжилгээ хийх ёстой. Технологи, автоматжуулалтын түвшин, боловсон хүчин, тоног төхөөрөмжийн хувьд хөндлөнгийн хяналт тавих ёстой. Тэгж байж энэ үйлдвэрийн үйл ажиллагаа, үр өгөөжийг улам сайжруулах, цаашилбал, Монгол Улсын эдийн засагт оруулах хувь хэмжээг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Д.Бат /Геологи уул уурхайн мэдээ/

URL:

Сэтгэгдэл бичих