“Балархай эгшиг” буюу Шударга ёс эвсэл Засгаас “зүүгдэхээр” шийджээ

zaluu_547d2943e49be_1МАХН-ын Гүйцэтгэх товчоо өчигдөр орой хуралдаж Засгийн газарт хамтран ажиллах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрчээ. Энэхүү шийдвэрийг УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хурлаар хэлэлцээд дэмжжээ. Ингэснээр “Шударга ёс” эвсэл одоогоор АН, МАН хамтрах нь тодорхой болоод байгаа Засгийн газарт нэмэгдэн орж “суудал хороох” бололтой. МАХН, МҮАН-ын эх сурвалжуудаас гаргасан шийдвэрийнх нь үндэслэлийг тодруулахад “Эдийн засагт “онц байдал” зарласан, эгзэгтэй мөчид төдийгөөс өдий хүртэл зүтгэчихээд сөрөхийн оронд хамтрах нь зүйтэй гэж үзсэн” хэмээж байна. Харин эвслээс ямар болзол тавьсан тухайд “Тавантолгой, Оюутолгойн ордын талаар улс орны нийтлэг эрх ашигт харш шийдвэр гаргахгүй бол, Хүний эрхийг зөрчих, хууль бусаар тагнаж чагнах зэрэг бидний өнөөдрийг хүртэл тэмцэж буй үнэт зүйлсийн эсрэг шийдвэр гаргах тохиолдолд Засгийн газраас гарах болно” гэсэн аж.

Үүнд Тавантолгойн талаар МАХН-ын дарга Н.Энхбаярын дэлгэсэн ноцтой асуудал, Оюутолгойн ордын тухай Г.Уянга тэргүүтэй гишүүдийн өнөөдрийг хүртэл цөхрөлтгүй тавьсаар байгаа асуулгууд, цаашилбал “Н.Энхбаярт холбогдох хэрэг” гэгчтэй холбоотой барьцаа болгохуйц асуудлуудаа үндэслэл гэж үзэж байгаа бололтой юм.

Харин сайдын суудлын тооны тухайд хамгийн сүүлд Засгийн газраас УИХ-д өргөн барьсан бүтцийн өөрчлөлтөө 16 суудалтай байхаар төлөвлөсөн байдгаас Ерөнхий сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын даргын суудлыг хасаад 13 сайд “гурван субъектэд” ногдох болж байна. Энэ хувилбараар бол “Шударга ёс” эвсэл хоёр суудал авч тодруулбал, МАХН-МҮАН тус бүр нэг сайдтай болохоос өөр гарцгүй. Үүнийг чамлаж байгаа ч сөрөг хүчин болохгүй байх шалтгаан тэдэнд буй бололтой.

Өөр нэгэн эх сурвалжийн өгүүлснээр сүүлд өргөн барьсан Засгийн газрын бүтэц , бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах шийдвэр цуцлагдах, эдийн засгийн хямралтай байгаа нөхцөлд өргөн бүрэлдэхүүнээр онцгой хүч тавин ажиллах шаардлагатай гэж үзээд 19 сайдын суудал бүхий хуучин бүтцээр ажиллах байх гэв. Энэ тохиолдолд Ерөнхий сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын даргын суудлыг хасаад 16 сайдтай байх бөгөөд энэ тохиололд “Шударга ёс” эвсэлд дөрвөн суудал ногдох аж.

Дараагийн асуудал нь “Хэн, хэн сайд болох вэ”. Асуух, хариулахаас ичицгээгээд байгаад хэмжээлшгүй хүсэж буй энэ асуултын хариуд өнөөх л Н.Энхбаяр, М.Энхсайхан нар гол шийдвэрлэгчид болж буй. Хууль зүйн сайд асан Л.Цогийг өмнөх Засгийн газрын эсрэг кноп дарсаны төлөө хөөх гээд байгаа шалтгаан ч үүнтэй холбоотой аж.

Тэгэхээр сайдын кандиндатаас Л.Цог болон сүүлийн үед МАХН-ын даргатай түнжин хагарах болсноо нууж ядан яваа Д.Тэрбишдагва, Ч.Улаан, нуулгүй хэлчихсэн О.Чулуунбат, “нэгдүгээр ээлжинд” даргадаа зүтгэснийхээ хишгийг хүртчихсэн Н.Удвал нарыг “хасчихаад” байгаа бололтой. Харин “хоёрдугаар ээлжинд” Н.Энхбаярын хамгийн итгэлт хүнээр сонгогдоод буй Ц.Шаравдорж, Б.Тулга,Г.Шийлэгдамба нарыг өндөр магадлалтай гэцгээж байна. МҮАН-аас бол М.Энхсайхан Засгийн газарт хамтарсан л бол хамгийн эхний өрсөлдөгчгүй кандидат гэдэг нь гарцаагүй. Түүний ард ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл “очерлож” болох юм.

Гэхдээ “Шударга ёс” эвслийнхэн энэ удаад Засгийн газарт орохгүй байж чадаагүйдээ ичсэн үү, эсвэл үлдсэн богино хугацаанд аль болох олон нийтийн дургүйцлийг төрүүлэхгүй байх нь зүйтэй гэж үзсэн үү, ямартай ч “Дан дээл”-тэй сайд санал болгоё гэдэг дээр санал нэгдсэн гэнэ.

Гэвч “Шударга ёс” эвслийн фенүүд “Энэ удаад МАНАН ямар харагдахыг ажиглаад, сөрөөд хоцорсон бол ирэх сонгуульд нэр хүндтэй өрсөлдөх байлаа” хэмээцгээж байна. Үнэхээр ч эвсэлд нэгдсэн хоёр намын дарга МАНАН-г муулсаар сонгуульд хэдэн суудалд авчирсныг мэдсээр байж МАНАН-д хавчуулагдаж, “балархай эгшиг” царайлан “Хэзээ заримдаг гийгүүлэгч орж ирээд гээгдэх бол” гэж суух хэрэг байсан гэж үү. Ингээд бодохоор эрх ашиг, албан тушаалын дэргэд “шударга ёс юу ч биш” гэдгийг гоё нэртэй эвслийнхэн батлах бололтой.

Н.Батнягт

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих