Ц.Нямдорж: Би намаас гарна гэж яриагүй
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж МАН засагт хамтарвал намаасаа гарна хэмээн мэдэгдсэн тухай хэвлэлүүд шуугиж байгаа. Тэгвэл МАНАН үүсэх нь тодорхой болсон энэ үед Ц.Нямдорж ямар байр суурьтай байгаа талаар ярилцлаа.
-МАНАН үүсвэл та намаасаа гарна хэмээн мэдэгдсэн байсан. Энэ үнэн үү?
-Би тийм зүйл яриагүй. Харин Н.Алтанхуягийг огцруулж, Х.Баттулгыг Ерөнхий сайд болвол энэ намаас гарна гэдгээ хэлсэн. Н.Алтанхуягийг хэлэлцэж байх үеийн яриа. Энэ үгийг минь гуйвуулж МАНАН үүсвэл намаасаа гарна гэсэн яриа гаргасан байна лээ. Х.Баттулга Ерөнхий сайд болсон бол би намаасаа гарах байсан.
-Тэгвэл Засгийн газарт хамтрахыг дэмжиж байгаа юу?
-Засгийн газарт хамтрахад би анхнаасаа эсрэг байсан. Бага хурал дээр ч хэлсэн. Нэгдүгээрт, сөрөг хүчингүй болох аюул, хоёрдугаарт сонгуульд ялсан нам бүрэн эрхийн хугацаандаа үүргээ гүйцэтгэх ёстой гэдэг байр суурин дээр байсан. Гуравдугаарт, энэ засаг хэр удаан тогтоо ч билээ гэсэн бодол байна. АН-ынхантай хамтарч ажиллахад амаргүй. Дандаа хуурдаг, гардаг, хариуцлагаа бусад руу чихдэг улс төрийн хүчин учраас хамтрахад хэцүү. Харин хэний толгойлсон Засгийн газарт хамтарч болох вэ гэвэл өөр. Р.Амаржаргал Ерөнхий сайд болвол хамтарч болох юм уу даа. Яагаад гэвэл энэ олон бүлэглэл дотор гүнзгий яваад байдаггүй. Харьцангуй төрч, МАН-тай хамтраад засаг төрийг аваад явчихаж чадахаар хүн гэж бодож байсан үе бий. Гэтэл өөр хүн Ерөнхий сайд болсон. Гэхдээ бага хурал олонхоороо шийдвэр гаргасан.
-Хэрвээ таныг шинэ Засгийн газрын Хууль зүйн сайд бол гэвэл яах вэ?
-Болохгүй.
-Шинэ Засгийн газрын бүтцийн талаар ямар байр суурьтай байна вэ?
-Н.Алтанхуяг Засгийн газрын бүтцийг жаахан цөөлөө. Цаашдаа ч энэ бүтцээрээ явах шаардлагатай гэж бодож байгаа. Сайд, яамдын тоог нэмж болохгүй. 2015 оны төсөв маш хүнд байгаа. Одоо цалин, тэтгэвэрээ тавихад хүндрэлтэй болж байна. МАН хоёр жил данхайсан бүтцээ цөөл гэж шаардаж багасгачихаад өөрсдөө засагт хамтраад яамдын тоог нэмнэ гэдэг ёс зүйгүй асуудал. Тиймээс одоо байгаа орон тоо, төсөвтөө тааруулаад бүтцээ бүрдүүлэх хэрэгтэй. Мөн цэвэр мэргэжлийн хүмүүсээр сайд нараа тавих юмсан гэсэн “мөрөөдөл” байна. Болдог бол яам тамгын газар дэд сайд хүртлээ 10-аад жил ажилласан, улстөрчидтэй зууралдаад байхааргүй хүмүүсийг сайд болговол энэ Засгийн газар цааш явна.
zindaa.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
энэ бид хоёр намаасаа гарвал хог л болно биз