Монголын анхны ам.долларын тэрбумтан Ж.Оджаргал дэлхийд эрэмбэлэгдэв

zaluu_54759c228baaa_1Сингапурт төвтэй “WealthX” компани, Швейцарийн UBS корпораци хамтран 2014 оны Дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг гаргахад Монголоос хоёр тэрбум ам.доллартан багтсан.

Тус жагсаалтад тэдний хэн болохыг бичээгүй боловч Монголын хамгийн баян хүн Ж.Оджаргал тэдний нэг нь гэдэг ойлгомжтой мэт.

Тэгвэл “HЕRО”  сэтгүүлийн хэд хэдэн дугаарыг гаргасан Н.Дэмбэрэл, О.Ганхуяг бидний хэдэн залуус 2011 онд Монголдоо анх удаа хамгийн баян 100 хүний жагсаалтыг гадныхан шиг гаргасан юм.

Тэр сэтгүүлд Монгол улсад ам.долларын тэрбумтанууд хэдийн бий болсон тухай өгүүлсэн юм. Бид сэтгүүлийнхээ жагсаалтыг гаргахдаа барууны орнууд ийм жагсаалт гаргахдаа хэрэглэдэг аргуудыг аль болохыг хичээсэн. Эхлээд бид яаж үнэлгээ хийж жагсаалт гаргасан тухайгаа цухас дурдая.

100 баяны жагсаалт гаргасан үнэлгээний зарчим

“Бидний хийсэн үнэлгээнд тухайн бизнесмений эзэмшдэг компани, эзэмшил газар, ашигт малтмалын орд, үл хөдлөх хөрөнгө, эргэлтийн хөрөнгө зэргийг тооцсон. Мөн хэрэв хувьцаат компани бол нийтэд зарлагдсан үнэлгээгээр тооцсон болно.

Монголын хувьцаат компаний хувьд зарлагдсан үнэ зах зээлийн үнэ хоёрын хооронд ихээхэн зөрүүтэй байх тул хөрөнгийн бирж дэх үнэлгээ, мөн түүн дээр зах зээлийн ойролцоо үнэлгээ хоёрыг харьцуулан тогтоосон.

Мөн ихэнх хувийг эзэмшигч жижиг хувьцаа эзэмшигчдийн асуудлыг үл тоодог тул тухайн хувьцаат компаний 80 хувьтай дүйцүүлэв. Хаалттай компаниудын үнэлгээг ижил төстэй салбарын компаниудын зарагдаж буй байдал, эргэлт, эргэлтийн хөрөнгө, урд онуудын эдийн засгийн байдалтай харьцуулсан үнэлгээ, далд үнэлгээ зэрэгтэй нь.

Үүний хамт татвар төлөлт, шинэ жилээр шалгаруулдаг элдэв шалгаруулалтад оролцсон байдал, мэдүүлэг зэргээс үндэслэн сүүлийн 5 жилийн дээд ашгаар тооцоог хийсэн.

Аль болох прагматик үнэлэн үүнээс багаар зарахгүй гэдэг байр суурин дээрээс харсан болно. Нефтийн худалдааны бизнес эрхэлдэг команиудын өртгийг зөвхөн үнсэн хөрөнгөөр нь ижил шалгуураар тооцлоо.

Барилгын компаниудын үнэлгээг орон сууцны ашиглалтанд оруулсан хэмжээ, 1 м.кв талбайн зах зээлийн дундаж ханшаар тооцов. Нээлттэй болон хаалттай компаниуд Монголын нөхцөлд албан ёсны бүртгэлд болон эрх зүйн хүрээнд ах дүү, амраг садныхаа нэр дээр бүртгүүлсэн байх нь түгээмэл байдаг. Иймд гэр бүлийн ахлан явуулдаг бизнесмений нэрээр жагсаалтад оруулсан…”.

Ийм маягаар баян бизнесмэнүүдийн хөрөнгийг үнэлэн 100 хүний жагсаалт гаргасан билээ. Бидний гаргасан энэхүү жагсаалтын нэгдүгээрт Ж.Оджаргал бичигдсэн юм. Тэгэхээр Ж.Оджаргал гэж хэн бэ гэдэг асуултанд хариулах хэрэгтэй байх.

Мөн саяхан зарласан Монголын хоёрдахь тэрбумтан хэн бэ гэдэгт олон хүн “Монголын алт” буюу МАК-ийн Н.Нямтайширыг нэрлэж байгаа юм. Юутай ч Ж.Ожаргалын тухай товчхон мэдээлэл хүргэе.

Жамбалжамцын Оджаргал

Ж.Оджаргал Монголын хамгийн том нөлөө бүхий компани MCS-ийн Ерөнхийлөгч. Бизнесийн байж болох бүхий л салбарт шахуу үйл ажиллагаа явуулдаг компанитай тэрбээр “Монголчууд бүгдээрээ хамтарч хийгээд ч барамгүй их ажил байна” гэж ярьдаг нэгэн.

Тэр компаниа анх зөвөлгөө өгөх чиглэлээр байгуулсан ба улмаар тавилга, электрон бараа, компьютерын импорт хийх болжээ. Тиймээс ч компаниа “Mongolian Consulting Servise”/MCS/ хэмээн нэрлэсэн гэдэг. Эдүгээ тус компани албан ёсоор 60 орчим охин компанитай гэх.

Сүүлийн хэдэн жил түүний нэг охин компани болох “Энержи Ресурс” Тавантолгойн Ухаа худагт үйл ажиллагаа явуулж Өмнөговийн Цогтцэций суманд томоохон хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтууд хийсэн.

“MCS Электроникс”-ийнх нь “IT Zone” дэлгүүрүүд компьютрийн зах зээлд ноёрхсон хэвээр байгаа. Тавилга худалдааны болон өргөн хэрэглээний барааны “Анун”, “Анунгоо” дэлгүүрүүдтэй. Зүүнхараагийн “Спирт бал бурам” ХК, “Орчлон” дунд сургууль, “Орчлон” констракшн ХХК, “Орчлон” цогцолбор, “Кока Кола” ХХК, “Юнител”, “Вива сити”, Зайсанд байрлах тансаг орон сууцны хорооллууд гээд тоочвол маш ихийг тоочиж болно.

Ж.Оджаргал багадаа өнчирч эмээтэйгээ өссөн тэрбээр багаасаа л юуг ч юм эрж явдаг “эрэлч” хүү байснаа дурссан нь бий. Арван жилээ төгсөөд тухайн үеийн ЗХУ-д очиж суралцаад 1986 оны зун амралтаараа ирэхдээ тамхины цаас авчирч “дамын наймаа” хийгээд авсан үнээ 25 нугалж буюу 30 мянган төгрөг болгож байсан нь асар их мөнгө байж.

Тэр мөнгөөрөө амьдралынхаа зарим асуудлыг шийдэж, хуримаа хийсэн тухайгаа ч ярьсан байдаг. Түүний хувьд энэ наймаа амьдралдаа хийсэн хамгийн өндөр ашиг орлоготой наймаа нь болон үлдсэн гэдэг.

1990-ээд оны эхээр Орос, Хятадын хооронд ганзагын наймаа хийж явсан тухайгаа “Ганзагын наймааг бохир гэдэг ойлголт буруу, тэр бол бизнесийн нэг хэлбэр. Бид ч анх ганзагын наймаагаар мөнгө тоолж, мөнгө хийж үзэж, мөнгийг мэдэрдэг болгоосон.

Надад ганзагын наймаа хийж явсан үе бий. Хятадаас ангорон цамц аваад Орос руу аваачиж зарж байлаа. Бизнесмэнүүд бүгд л ийм үе шатыг дамждаг. Тэр үед том ганзагачид байсан. Тэр үеийг би маш амжилттай бизнес байсан гэж ойлгодог” гэсэн нь бий.

Эрчим хүчний чиглэлээр Украины Киевт дээд мэргэжил эзэмшсэн түүнийг Төвийн эрчим хүчний системд инженер байхад нь ардчилал ялав. Тэр үед /1991 он/ тэрбээр Эгийн голын УЦС-ын төсөл дээр эдийн засагч, дотоодын мэргэжилтнээр ажиллаж байжээ.

Яг тэр үедээ Швейцарийн “Электроват” компанид гурван сар ажиллан бизнесийн тооцоо судалгаа, хөрөнгө оруулалт, бизнес хийх тооцооны аргачлал зэрэгт суралцсан гэдэг.

1993 онд компаниа байгуулж дарсны наймаа хийж. Анх гурван найзтайгаа хамтарсан ч хоёр нь санал нийлгүй салсан гэдэг. Нэг нь С.Баярын үед хэсэг бужигнуулаад одоо хоригдож байгаа “Жаст”-ын Ш.Батхүү. 1997 онд өмч хувьчлалаар “Спирт бал бурам”-ын хувьцааг цуглуулан авч чаджээ.

Тэр бизнест бас алдаж, онож л явж. Алтны шороон орд худалдаж аваад шатсан болон банкны бизнест ороод хоёр ч банкнаас хувь авчихаад буцаан зарж байсан гэх мэт. Олон салбарт ажиллах болсон нь манай улсын зах зээл жижиг учраас бизнес нь түүгээр хязгаарлагддаг учир тэр ажээ.

Өөрөө эрчим хүчний мэргэжилтэй учир эрчим хүчний томоохон төсөл, тендерт ажлуудыг авч цаг хугацаанд нь хийж гүйцэтгэж ирсэн байдаг. Түүнийг үүнээс болж, маш их хардлага дагаж явдаг. Мөн улстөрд найз нөхөд олонтой нь ч түүнийг хардах хангалттай шалтгаан болдог юм.

Ийм л нэгэн Монголоос анх удаа тэрбум ам.долларын хөрөнгөтөн боллоо хэмээн бид бичиж байсан. Тэгвэл энэ удаа тэр дэлхийн хэмжээний жагсаалтад багтах болсон байна.

Монгол улс хэдий эдийн засгийн хямралтай байгаа ч Монголын тэрбумтан Дэлхийн жагсаалтанд багтсан нь гайхалтай. Хэдий зарим хүн муучилдаг ч Монгол улсыг томоохон компаниуд л авч явдаг гэдэг нь ойлгомжтой болсон зүйл билээ.

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих