Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг өдрийн хэвлэлийн бага хурал зохион байгуулагдлаа
ЭМЯ, НЭМҮТ, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэх өдөр”-ийн хэвлэлийн бага хурлыг өнөөдөр зохион байгуулж 16 хоногийн аяны нээлт боллоо.
Монгол улс 1997 оноос жил бүрийн 11 сарын 25-нд “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэх өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Энэхүү тэмдэглэлт өдөр нь дэлхий нийтээр нийгэмд гэр бүл, бэлгийн хүчирхийлэл, ажлын байран дахь бэлгийн дарамт зэрэг жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг хүн амын мэдлэгийг нэмэгдүүлж, тухайн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж, оролцоог сайжруулах замаар охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад хувь нэмэр оруулах зорилготой юм.
Гэр бүлийн хүчирхийлэл жил бүр өсөн нэмэгдэж байгаа төдийгүй хүний амь нас хохирох, гэмтэх хүүхэд эмэгтэйчүүд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих хандлагатай байгаа аж. Иймд олон нийт, бодлого шийдвэр гаргагч нарт хүчирхийллээс сэргийлэх мэдлэгийг нэмэгдүүлж, хандлагыг өөрчилснөөр салбар дундын хамтын оролцоог сайжруулах шаардлагатай байна.
2010-2013 онд 49 хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртөн амь насаа алдсан ба 1180 хүн гэмтэл авсан байна. 2014 оны эхний 10 сарын байдлаар цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн 619 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 302 хэрэг буюу 95.3 хувиар нэмэгджээ. Тус аяныг зохион байгуулснаар гэр бүл, хамт олон, өсвөр үе, оюутан залуус, шийдвэр гаргагч нарын хүчирхийллийн эсрэг мэдлэг хандлагыг сайжирсан байх, хүчирхийллийг бууруулах асуудалд төр болон төрийн бус байгууллагуудын хамтын оролцоо өргөжих үр дүнд хүрэх юм байна.
URL: