Шинэ Засгийн газарт Н.Алтанхуяг ажиллана гэв үү

Н.АлтанхуягМонгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар сонгогдоод байгаа Ч.Сайханбилэг, хуучин Шинэчлэлийн Засгийн газрын Ерөнхий сайд  Н.Алтанхуяг хоёр бол нэг еэвэнгийн хоёр тал гэсэн үг. Еэвэнгийн хээтэй тал нь Н.Алтанхуяг бол хээгүй тал нь Ч.Сайханбилэг билээ. Ингэж нэрлэж байгаа учир нь хариуцлагагүй ажиллаж байгаад огцорсон Засгийн газрын сайдыг түүний баруун гар болсон хүнээр сольж байгаатай агаар нэгэн буюу.

Уг нь Шинэчлэлийн хэмээх Засгийн газрыг хариуцлагагүй ажиллаж, улс орноо эдийн засгийн хямралд оруулсан хэмээн огцруулсан.Гэтэл хариуцлагагүй ажилласан Засгийн газартаа хариуцлага тооцохын оронд шагнал урамшуулал өгөөд байгаа юм уу гэлтэй. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн танхимын гал тогоог барьж байсан хүн бол яах аргагүй Ч.Сайханбилэг. Тэгэхээр Н.Алтанхуягийг Ч.Сайханбилэгээр солих нь нэмэгдэхүүний байрыг өөрчлөхөд нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүйтэй агаар нэгэн буй. Тэд хамтдаа л эдийн засгийн хямрал, өр зээлэнд хутгалдаж явсан хүмүүс.
Гэтэл АН-ынхан хэдхэн хоногийн зайтай л АН-ын бүлэг дээрээ 100 хувиар дэмжиж гаргасан хүнээ  ҮЗХ-ны хурлаараа унагачихсан. Энэ нь  ард иргэдийнхээ аж амьдралыг бодохын оронд өөрсдийнхөө эрх ашиг, албан тушаалын төлөө наймаалцсан гэх яриа улстөрийнхний амны хачир болох нь бий. Үнэхээр намын даргын суудлаа өгөхгүй хэмээн гүрийж байсан Н.Алтанхуяг гэнэтхэн л хадаг бариад З.Энхболдод намын даргынхаа суудлыг өгчихсөн. АН-ын дарга нарын жүжиглэлт үнэхээр сайхан тавигдсан. Үнэндээ Н.Алтанхуяг тийм ч амархан улс төрийн эрх ямбаа өгчих хүн биш гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Ямартай ч баруун гарын хүн болох Ч.Сайханбилэгийгээ Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд болгочихлоо. Шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрыг кабинетаараа өөрчлөгдөхгүй, тэгээд ч Алтангадас фракц намдаа өөрийн байр сууриа хадгалах сайн талтай гэж бодсон байх. Мөн Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсныхоо дараа Н.Алтанхуягийг Засагт урьж ажиллуулах бодолтой байгаа. Түүнийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга юм уу  Шадар сайдын сэнтийд залах тухай бор шувуу хаа сайгүй нисэж байна. Н.Алтанхуяг намын даргынхаа суудлыг зүгээр ч сул өгөөгүй нь ойлгомжтой. Тэгээд ч өмнө нь сөрөг хүчнийхэн Засгийн эрхийг барьж байхад огцорсон сайдаа Засагтаа урьж ажиллуулж байсан түүх бий. Энэ байдлыг ч АН-ынхан яагаад давтаж болохгүй гэж.

Иргэдийн дунд манай улс сайн биш сайхан л Ерөнхий сайдтай боллоо гэсэн яриа өрнөж байна. Тухайлбал, Ч.Сайханбилэгийг “нуруулаг, царайлаг Ерөнхий сайд”  гэсэн үгээр сурталчилгаа хийгээстэй. Үүнээс өөр рекламдах зүйл байхгүй учраас ийм л үгээр хамгаалаастай. Харин Ч.Сайханбилэг хэвлэлийнхэнд тун халгаатай нэгэн.
Жил гаруйхны өмнө  хэвлэл мэдээллийн дуу хоолойг  боомилох,    иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх  талбар болох сайтуудын мэдээний доорх сэтгэгдлийг хянах, улмаар хэн, хаанаас, ямар зорилгоор сэтгэгдэл бичсэнийг тогтоохын тулд   хүн бүр регистрийн дугаар, гэрийн хаягаа сэтгэгдлийн талбарт бүртгүүлж нэвтэрдэг болох тухай  төсөл буюу  “Сайтуудын сэтгэгдлийг зохицуулах журам”  гэгчийг санаачлан батлуулахаар гүйж явсан нэгэн.  Энэ асуудлыг Ерөнхийлөгч загнан байж болиулж байсан. Үүнээс гадна дэвшүүлж байсан мөрийн хөтөлбөрөө биелүүлж байгаагүй гэдэг.

Түүнээс гадна жинхэнэ утгаараа Түгжил гэж нэрлэгдэх хүн бол Ч.Сайханбилэгийг гэдэг. Н.Алтанхуяг өөрийнхөө хүнийг гэж итгэн намын даргынхаа суудлаар Ерөнхий сайдын суудлыг солилцож байхад Ч.Сайханбилэг фракцын даргаа Түгжилдэж явсан байдаг. Энийг нь УИХ-ын гишүүн Д.Арвин олонд дэлгэсэн. Тэрбээр “Манай фракцын гишүүд бүлгийн хуралдаанд Ерөнхий сайдаа авч үлдээд, дараа нь хариуцлагын асуудлыг нам дотроо ярина гэсэн байр суурьтай байсан.  Миний хувьд ч гэсэн намын даргаа авч үлдэх ёстой гэдэг дээр хатуу байр суурь баримталж байсан. Гэтэл өөрийнх нь “Алтангадас” фракцын С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар АН-ын Удирдах ажилтны зөвлөгөөн дээр Н.Алтанхуяг даргыг өөрөө өргөдлөө өгөөд огцрох ёстой гэдэг хатуу мэдэгдэл хийж, Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилно гэдэг зүйлийг ярьсан, тохирсон. Өөрсдөө намынхаа эсрэг ийм зүйл ярьсанд би дургүй хүрсэн. Нэгэнт 100 хувь намаа дэмжинэ гэдэг дээр санал нэгдэж чадаагүй. МоАХ эсрэг, дээрээс нь фракц дотроо Ерөнхий сайдаа огцруулах тухай яриад явчихсан. Үүнийг мэдэрсэн учраас би хувьдаа аль алинд нь оролцохгүй байхаар шийдсэн” гэсэн. Тэгэхээр хамтран ажиллаж байсан хүнийхээ, тэрдундаа өөрийн фракцын даргынхаа араас хутга шааж байсан Ч.Сайханбилэг Монгол Улсын Ерөнхий сайдын болон Монгол улсын эцгийн үүргийг хүлээхээр боллоо.  Энэ бүхнээс харахад улстөрийн хүрээнд арай хашир туршлагатай байсан Н.Алтанхуягийн оронд Ч.Сайханбилэгийг болгосон нь хэр оновчтой шийдвэр байсан бол оо. Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт итгэж ард түмэндээ хойд эцгийн зан битгий гаргаасай гэж  хүсье.

Г.Сүрэн
olloo.mn

URL:

Сэтгэгдэл бичих