Ц.Нямдорж, Н.Энхбаяр нар юу ярив
Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцож, Төрийн тэргүүнээс авлигын хэрэгт татагдсан өгсөж, уруудсан улс төрийн амьдралынхаа талаар нээлттэй ярилцжээ.
Түүний ярилцлагад Монголын улс төрийн хүрээний нэр бүхий хүмүүсийн талаар олонтаа дурдагдсан юм. Үүний дараа буюу өнгөрсөн лхагва гаригт УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Хоёрдугаар суваг” телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт зочноор уригдаж, улс төр, нийгмийн амьдралын талаар сонирхолтой яриа өрнүүллээ.
Ингээд шил шилээ даран олон нийтийн сонирхлыг татсан асуудлуудыг хөндөн ярьсан МАХН-ын дарга Н.Энхбаяр болон УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн ярилцлагаас тоймлон хүргэж байна.
Ц.Нямдоржид “Зориг гаргаад өөрийгөө шалгуулчих” гэсэн
Ц.Нямдоржийг Хятадын тагнуул гэсэн асуудлыг ярьж эхэлсэн. Тухайн үед Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Багабанди надтай уулзаад “Тийм зүйл ярьдаг юм. Тэгэхээр Ерөнхий сайдын хувьд Ц.Нямдоржийг Хууль зүйн сайд болгож болохгүй” гэсэн. Цочмоор ч юм шиг. Нөгөө талаасаа үнэхээр тагнуул юм уу, үгүй юм уу бүү мэд. Тэгсэн Ц.Нямдорж бараг уйлах шахаад “Естой тийм зүйл байхгүй. Миний мууг үзэх гэж байгаа юм. Энэ бол төрийн нууц биш. Юу ч биш. Тийм зүйл яаж байж болох юм бэ. Та надад итгэ” гэж хэлсэн.
Би Ц.Нямдоржид итгэдэг учраас дуудаад хүмүүс ийм зүйл ярьж байна. Чи ер нь зориг гаргаад энэ ажлаа түр хугацаагаар өгчихвөл яасан юм бэ. Хуулийнхан шалгаад юу ч байхгүй байвал гоё шүү дээ.
Ямар нэгэн сэжигтэй зүйл байвал чамд ч, надад ч хэцүү гэсэн чинь дахиад нүдэнд нь нулимс цийлэгнээд “Та муухай хүмүүсийн үгэнд орох гээд байна. Та яагаад надад итгэхгүй байгаа юм бэ. Тэр муухай хүмүүс чинь намайг танаас холдуулж, таны хүчийг сулдуулж байгаад улс орноор тоглох гээд байна” гэхээр нь “Жаргал, зовлонгоо хамтдаа туулж ирсэн Ц.Нямдорж нүдэндээ нулимс цийлэгнүүлээд ирж байхад итгэхгүй гээд яах билээ” гэж бодсон.
Гэхдээ үүнийг ярихгүй өнгөрч болохгүй. Тиймээс УИХ-ын чуулганы хуралдаанаар Ц.Нямдоржтой холбоотой асуудлыг хаалттай хэлэлцсэн.
Бид хүнд нөхцөлд их өрийн хэлэлцээрийг хийж байлаа
Оросын Ерөнхий сайд асан М.Касьяновтой хүнд үед хэлэлцээр хийсэн. М.Касьянов “Танай өрийг 95 хувь хүртэл хөнгөлж болох юм. Үлдсэнийг нь та нар ам.долларт шилжүүлээд төл” гэсэн. Тэр нь 600-700 орчим сая ам.доллар болсон.
Тухайн үед миний нүдэнд гэнэт жирийн нэг эмгэн, өвгөн хоёрын нүүр царай тод харагдаж байлаа. Тэр үед ОХУ-д Монгол Улсаас сууж байсан Элчин сайд С.Баяр, УИХ-ын дэд дарга Ж.Бямбадорж хоёр сэтгэл санаа гундуухан ресторанаас гарч ирсэн.
Тэд “Манай өрийг 95 хувь хүртэл хөнгөлнө гэдэг маш том боломж. Амандаа орсон шар тосыг түлхчихлээ. Одоо энэ хэлэлцээр задарлаа шүү дээ” гэсэн. Би их өрийг 95 хувь хүртэл хөнгөлүүлэх биш 95 хувиас дээшээ гаргах бодолтой байсан. Тэгсэн чинь Ерөнхий сайд М.Касьянов жаахан бухимдаж хэлэлцээрийн протоколыг Сү.Батболд, Ё.Отгонбаяр хоёр руу шидчихсэн. Тэнд юм шидээд хачин зүйл болсон шүү дээ.
Надад хүчээр хоол идүүлэх гэж оролдсон
Би өлсгөлөн зарласан. Ямар ч байсан 21 хоног тэвчинэ гэж дотроо бодсон. Дараа нь үхэх үү, үлдэх үү гэдэг нь сонин биш. Манай гэрийнхэн намайг үхэхээр шийдчихжээ гэж маш их санаа зовж байсан. Миний ээж, эхнэр санаа зовоод хүү, охин хоёр маань хямраад “Өлсгөлөнгөө болиоч” гэж гуйсан.
Би салаавч гаргасандаа уучлалт гуйж байна. Гэхдээ ямар байдалд байсныг минь хүмүүс мэдээд уучлалт гуйх хэрэг байсан юм уу даа гэж бодож магадгүй. Энэ хэлмэгдүүлэлтийг эсэргүүцээд хуурай өлсгөлөн зарлачихсан байсан.
Нэг ч дусал ус хэлэн дээрээ тавьж үзээгүй ядарсан үед шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан намайг хүчээр хооллох арга хэмжээ авахаар оролдсон. Шууд хэлэхэд жаахан бүдүүлэг юм даа. Хүмүүс мэдэж байх ёстой.
Урт хуванцар сууринд тос тэжээл хийгээд тухайн хүнийг орон дээр хэвтүүлж, хөл, гарыг нь дарж байгаад бөгсөөр нь чихэж тос тэжээлийг дотор оруулж, хооллох арга. Бууз үнэртүүлээд идэхгүй болохоор хүчээр хоол идүүлэх гээд байсан.
Ц.Элбэгдорж “АН-ынхныг битгий хориорой” гэж гуйж байсан
Долдугаар сарын 1-ны үйл явдалд Ц.Элбэгдорж, С.Баяр хоёр нэг нэгнээ буруутгасан. Сонгууль булхайтай болж, санал худлаа тоолсон нь ойлгомжтой. Саналын хайрцаг хулгайлсан, хэтэрхий их мөнгө зарцуулсан нь үнэн байсан.
Энэ зөрчлийг аль, аль нам гаргасан шүү дээ. Гэхдээ бүх хэргийг цагдаагийн дарга нарт даалгаад улстөрчид гэмгүй хоцорч болохгүй. Манай нам 2000 онд ялаад би Ерөнхий сайд болоход С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар орж ирээд “Нэг зарчмын асуудал яримаар байна. Гэхдээ үүнийг бид биш Ц.Элбэгдорж, Р.Гончигдорж нар танд хэлнэ” гэсэн.
Ц.Элбэгдорж, Р.Гончигдорж хоёр надтай гар барьж баяр хүргэчихээд “Танай нам олонхи болсон учраас АН-ын хүмүүсийг шалгах нэрийдлээр хорьж цагдахыг битгий дэмжээрэй” гэж гуйж байсан.
Одоо иргэд хараад энэ хүмүүс хуйвалдаж байж гэж бодно. Иргэд тэгж бодох нь ч зөв. Тухайн үед манай намын зарим нөхөд “Одоо АН-ынхны идсэн уусныг шалгана” гэхэд “Алдсан байсан ч битгий тийм зүйл хий” гэж би хэлсэн. Хэдийгээр энэ хэлбэрийн хувьд алдаа боловч утга агуулга талаасаа миний хийх ёстой зүйл байв.
Би Н.Энхбаярыг шоронд байхад алга ташиж, найр хийж байгаагүй
Н.Энхбаяр бид хоёрт үерхэж, ойлголцож явсан үе байдаг. Эрх ашгийн үүднээс хар хөшиг татагдсан үе бий. Сүүлд нь энэ хүн надад гомдоод салахаа байсан үедээ л явж байна. Нэг талаас их эмгэнэлтэй үзэгдэл.
Намайг Н.Энхбаярыг шоронд хэвтэж байхад алга ташаад инээгээд найр хийж байсан гэж бодож байна уу. “Энэ хүнд эхнэр, хүүхэд, эцэг, эхээ амар байлгах ухаан байдаггүй юм байх даа” гэж сэтгэл минь шимширч байсан.
Наад тагнуулын асуудал чинь 1998 онд О.Дашбалбар, С.Зориг, Одонбаатар бид дөрөв тагнуулын байгууллагад шалгалт хийснээс үүдэлтэй. Ерөнхийлөгчийн 1997 оны сонгуульд МАХН-аас нэр дэвших магадлалтай хэд хэдэн хүнийг тагнаж чагнасан үйл ажиллагаа явуулсан. Үүнийг шалгах ажлын хэсгийг бид хийсэн. Миний гадаадад явсан томилолтыг тагнуулч болгож хувиргах гэж оролдсон.
Нулимс цийлэгнүүлж уйлсан гэдэг чинь худлаа. Би хүний өмнө нулимс цийлэгнүүлдэггүй хүн. Нэг удаа цийлэгнүүлж орсон тохиолдол байдаг. Үндсэн хуулийн өөрчлөлт баталчихаад хэвлэлийн бага хурал хийх гээд явж байтал утас дуугараад “Ээж чинь бурхан болчихлоо. Хурдан хүрч ир” гэсэн.
Тэгээд би Н.Энхбаяр дээр ёстой цийлэгнүүлээд орсон доо. Түүнийг андуураад байх шиг байна. Сүүлийн үед барин тавин андуурдаг болчихсон байна лээ.
Онгоцонд Н.Алтанхуягтай хамт явахдаа энэ Засгийн газар бүтэхгүй гэдгийг шууд хэлсэн
Н.Алтанхуягийн Засгийн газрын 2013 оны төсөв долоон триллион төгрөг байсан. Дээр нь Монголбанкны гурван триллион төгрөг, “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, Хөгжлийн банкны 700 тэрбум төгрөгийг ярих юм бол зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр долоон тэрбум төгрөг эргэлдсэн.
Би өмнө нь “Бөөр рүү чинь хэзээ нэгэн цагт хутгална шүү” гэж хэлж байсан. Уг нь зэрлэг үг л дээ. Тэр үед АН-ынхан над уруу дайраад ширүүн юм болсон шүү дээ. Гэтэл сая яав. Жишээ нь Н.Алтанхуягийг огцруулах эсэхийг хэлэлцдэг чуулганы хуралдаанд Ч.Улаан орж ирэхгүй л байгаа биз дээ.
“Миний хамгийн сайн ажилласан сайд Ч.Улаан” гээд Н.Алтанхуяг магтаад сууж байхад хувь заяаг нь шийдэх үед зугтаж л байна шүү дээ. Үүнийг Н.Алтанхуяг жаахан зөөлрүүлээд “Түгжилдэх” гэж нэрлэсэн байна лээ.
Энэ Засгийн газар байгуулагдаж байхад Ерөнхий сайдтай хамт онгоцонд явсан юм. Тэгээд “Энэ засаг бүтэхгүй. Битгий мартаарай. Би Аюулгүйн зөвлөлийн гишүүн байсан хүн. Үнэхээр бүтэхгүй шүү” гэж хэлсэн. Тэгэхэд юу ч хэлээгүй дээ. Дотроо бодсон байлгүй дээ.
Ц.Элбэгдорж бараг Н.Энхбаяраас илүү гарах гээд байгаа юм биш үү
Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн суудалд суусан дарга нараас П.Очирбат гуай жаахан тулхтай байсан. Бусад нь хэцүү байна шүү дээ. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Н.Энхбаяраасаа бараг илүү гарах гээд байгаа юм биш үү. “Ерөнхий сайдаас бусад нь бүгд дан дээлтэй байх ёстой” гээд ярьж байна. Тийм хууль Монголд байхгүй.
1999 оны хуулийн өөрчлөлтийг гол зохион байгуулсан хүн Ц.Элбэгдорж. Зовлон үзсэн хүн Засгийн газраас жаахан хол зайтай байх болов уу гэхээр талаар болоод байна. Цагаан даваан дээр хог шатааж байхад давхиад очиж байна. Тэр чинь дүүргийн даргын хийдэг ажил. Оролцохгүй зүйл гэж алга. Монголын хуулиар Ерөнхийлөгч жилд нэг удаа УИХ-д ажлаа тайлагнах ёстой.
Өнөөдрийг хүртэл хэн ч үүнийг хийгээгүй. Харахад 76 тэнэгдүүхэн суугаад байж магадгүй ч Монголын өнцөг булан бүрээс ирсэн иргэдийн төлөөлөл байгаа шүү дээ. Энэ төлөөллөөр дамжуулж, Төрийн тэргүүн хийсэн ажлаа тайлагнах ёстой. Гэтэл Ерөнхий сайд, УИХ дахь намын бүлгийн дарга нар, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхнийг өрөөндөө дуудаж байгаад уулзаж байна. Ингэж болохгүй шүү дээ.
Би Х.Тэмүүжингийн шинэчлэлийг огт дэмждэггүй
Би Х.Тэмүүжингийн хийж байгаа хуулийн шинэчлэлийг огт дэмждэггүй. Хуулийн шинэчлэл гэдгийг би хийсэн юм. Үүнийгээ ярьдаггүй, өөрийгөө магтаад байх шаардлагагүй. Одоо хуулийн шинэчлэл нь гацлаа.
Жишээ нь иргэдийн давж заалдах эрхийг байхгүй болгосон. Гурван аймгийн дунд нэг давж заалдах шатны шүүх байгуулахаар яаж тэр хүн дараагийн шатны шүүхээр явах юм бэ. Замын зардлаа гаргана, очих айл байхгүй. Ийм л болсон.
Сая Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Энэ жил шүүсэн хэргийн таван хувьд нь давж заалдлаа” гэсэн мэдээлэл хийлээ. Сайн ажиллаж байна гэж ярьж байна. Давж заалдах бололцоог нь хааж хаяж байна. Би Х.Тэмүүжингийн хийж байгаа шинэчлэлийн нэгийг нь ч дэмжихгүй. Цаг хугацаа хэнийх нь зөв байсныг харуулна.
Ц.Оюунтунгалаг
Эх сурвалж: Монголын үнэн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
нэг идэгчо нь битгий шалгаач гэхээр нэгээ нь за гээд л ершеедег ийм болохоор л монгол улсад шудрага зуйл байхгуй эдгээрийг бугдийг нь зайлуулаад хаячих монгол эр хун алга уу