Алтанбулагийн чөлөөт бүст худалдааны луйвар хийжээ
Монгол, ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчдог болсонтой холбоотойгоор Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор орж, гарах иргэдийн тоо нэмэгдсэн. Энэ хэрээр тагнуул, хилийн цэрэг, гааль, мэргэжлийн хяналтын байцаагчдын ажил ч эрчимжжээ. Тэд саяхан эм, хүнсний барааг худалдааны луйвар маягаар Монгол руу зөөдөг сүлжээг илрүүлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, манай улсын иргэд чингэлэгтэй хүнсний бараа, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, зөвшөөрөлгүй эмийг ОХУ-ын нутаг дэвсгэрт буюу Алтанбулагийн хилийн цаана задалж, зорчигчдод хуваан өгч Монгол руу оруулдаг байжээ. Татвараас зайлсхийхэд нь ингэж тусалсан зорчигчдод шан харамж өгдөг гэсэн мэдээлэл ч байгаа юм. Визгүй зорчиж эхэлснээр татвараас зайлсхийх оролдлого илүү нарийн болж өөрчлөгдсөн талаар албаны эх сурвалж хэллээ.
Тодруулбал, чингэлэгтэй бараагаа хилийн цаана задалж, Алтанбулаг худалдааны чөлөөт бүс рүү авчирдаг болсон байна. Учир нь, УИХ-аас Чөлөөт бүсийн тухай болон Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Мөн дагалдуулж чөлөөт бүсэд зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр журмыг баталсан. Журамд иргэн гурван сая хүртэлх төгрөгийн барааг татваргүй оруулна гэсэн заалт бий. Дээрх заалтыг ашиглан улсын хилээр татваргүйгээр бараа оруулдаг сүлжээ бий болоод байгаа аж. Тиймээс хууль сахиулах байгууллагууд энэ асуудлыг таслан зогсоох арга хэмжээ авч эхэллээ.
Г.БОЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: