Түк-ийн 24 ажилтан хонконг, сингапур улсруу аялах эрхийн бичгээ гардан авлаа
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай цэвэрлэдэг шар хантаазтангуудын дунд “Хоггүй гудамж-Хоггүй хороо” болзолт уралдааныг 2 дахь жилдээ зохион байгуулж, уг уралдаанаас шалгарсан тохижилт үйлчилгээний ажилтануудыг хөгжингүй орноор аялангаа туршлага судлах эрхийн бичгээр шагнадаг. Өнгөрсөн жил тус уралдаанд шалгарсан 17 шар хантаазтанг Азийн бар гэгддэг Хонконг, Сингапур улсруу аялуулж байсан бол энэ жил 24 ажилтнуудад Хонконг Сингапур улсруу аялах эрхийн бичгийг гардлаа.
Эрхийн бичгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал гардууллаа. Тэрээр “Юуны өмнө өөрийн хичээл зүтгэл, ажлын чадвараараа “Хоггүй гудамж- Хоггүй хороо” болзолт уралдаанаас шалгарч хөгжингүй орнуудаар аялахаар болсон та бүхэнд баяр хүргэе. Та бүхний хийж байгаа ажил Улаанбаатар хотын өнгө зүсийг сайжруулахад ихээхэн хувь нэмэр оруулдаг юм шүү. Тийм ч учраас цаашид цэвэр цэмцгэр хотын төлөө хичээнгүйлэн ажиллана гэдэгт итгэж байна” гэлээ.
Эрхийн бичиг гардсан шилдэг ажилтнууд энэ сарын 20-ноос 25-ны хооронд 5 шөнө, 6 өдрийн аялал хийнэ. Аялалын өдрүүдэд Хонконгийн Алтан Ляньхуа төв талбай, дэлхийн хамгийн том архитекторын гайхамшигийг харуулсан үзэсгэлэн яармагийн төв, оддын гудамж, Хятадын болоод Хонконгийн үе үеийн алдар цуутай дуучин, жүжигчдийн гарын хээтэй гудамж, далайн паркаар зугаалж, далайн хав болон дельфины тоглолт үзэж, Хонконгийн орчны тохижилт үйлчилгээний газрын ажилтай танилцах юм. Мөн Сингапурын Мерлион парк дахь Парламентийн ордон, Дээд шүүхийн ордон, Санхүүгийн төв, Сингапурын имидж болсон далайн эрэг дахь соёлын ордон, Хятад хорооллоор зугаалж, Сингапурын хоёр дахь өндөр уул болох Фабер уулан дээрээс тус улсын үйлдвэр худалдааны төвүүдийн өндөр барилга, Сентоза, Индонейзийн арлыг харах зэрэг олон газраар аялангаа туршлага судлахаар төлөвлөжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: