“Миний аав Бурхан биш ” бол “Манай аав архичин, танай ээж янхан уу?”

( шүүмж)

Миний ширээн дээр байгаа номын гарчиг анх ийм л сэтгэгдэл төрүүлж, эгдүүцүүлж билээ.

Х.Эрдэмбилэг  “Миний аав бурхан биш”  ( УБ хот, 2014 он, 351 тал ) номныхоо заримыг баруун европын Англи улсад ( United Kingdom) бичсэн учраас  “ Лондонгийн бичлэгүүд” гэсэн давхар гарчиг дагалдуулжээ.

Тус ном 2 бүлэгтэй. 1-р бүлэг  нийтлэл, тэмдэглэл,  2-р бүлэг өгүүллэгүүдээс бүрдсэн бөгөөд сонин нийтлэлийн болон уранзохиолын найруулгаар сүлэлдүүлэн бичжээ.
Бид чинь эцэг эхээ Бурхан гэж хөөрцөглөн өргөмжилж,  дуу шүлэг зохиолдоо бичдэг болгон нь оруулж, сонссон болгон нь итгэсээр будилмаар олон Бурхантай болчихжээ. Гэтэл бодит амьдралд өөрсдийн минь аав ээж Бурхан ч биш, чөтгөр ч биш жирийн л нэг хүн байдаг.

Энэ бол Монголчууд бид хэт хийсвэрлэн сэтгэж,  Бурхан ба хүнээ ч ялгахаа байсан сэтгэлгээний логик алдааг өөрийнхөө ааваар жишээ аван, хошин өнгө инээмсэглэлээр  “Миний аав Бурхан биш”(63т) нийтлэлдээ бичжээ. Нээрээ Бурхан нь тэнгэртээ,  хөгшид минь газартаа байг л дээ.

Аав ээжээ амьд Бурхан болгочихсон болохоор тэднийгээ  шүүмжилж чаддаггүй, Бурхад маань ч үнэнийг сонсох дургүй. “Ээждээ хүүхэд гаргах, аавдаа авгай авахыг ” зааж болохгүй. Гэтэл…

Аав ээжийн үүргээ биелүүлж чаддаггүй Бурхадыг дагасан энэ Бурхадын хүүхдүүдийн ирээдүй ямар байх вэ? Учир нь ихэнх монгол аав архичид, өнөөгийн монгол ээжүүд дунд  янхан байна. Эцэг эхийн үг бүрийг  зөв гээд дагаж дарцаглаад байх уу…?

Өнгөрсөн үеийн буруу хазгай бодлыг өвлөн авах биш, өөрсдийн үеэр бахархаж авах гээхийн ухаантай байхыг “Манай аав архичин,танай ээж янхан уу?” ( 23т) нийтлэлдээ ёжтойгоор халаглажээ.

Үнэндээ,  урьдын  сургаал болгоныг үнэн гэж дагах уу? Тухайлбал одоо нэлээд дэлгэрсэн “Хүнд мөнгөө зээлэх нь тэнэг, зээлснээ эргүүлж төлөх  нь усан тэнэг” гэсэн хоржоо үг хожмоо сургаал болоод үлдвэл ямар ёс суртахуун ноёлж эхлэх вэ? Чи өөрөө болж байвал бусад нь падлийгүй гэсэн сэтгэлгээний өвчлөл мөн үү…

Сэтгэлгээний буруу төлөвшилт нь нийгмийн ёс суртахууны ариун байдлаа буртаглаж байгааг “Нэг сайныг үйлдээд – нэг муу хэрэг хий!” ( 53т) нийтлэлд их аварга Дагвадоржийн ээжийн энгийн цагаан яриагаар жишээлэн хийсэн нь нулимстай инээд хүргэнэ.

Энэ бүхний эх сурвалж нь манай Бурхан ярьсан лам нарын будлиантай номлолоос үүдэлтэй       “Бурхан гэдэг Будлиан үг”(38т) бөгөөд шашныг мэдлэггүй дэлгэрүүлбэл хөгжил биш хоцрогдол авчирч байгааг ч ”Ярилцлагаас үүдсэн бодрол”(8т)   асуудал болгон дэвшүүлэн тавьсан нь  гашуун инээдийн хажуугаар сонирхол татна.

Х.Эрдэмбилэг нь өөрөө Будда-гийн гэгээн хутагт, хувилгаадын бичсэн Бурхан болон хүний мөн чанар ба оюун гэгээрэл,  бясалгалын талаарх туурвил бүтээлийг англи хэлээр өрнөдөд дэлгэрсэнийг нилээдгүй уншиж судалж, гэтэл манай лам нар оюун гэгээрэл,  танин мэдэхүйн шинэ ертөнцийн талаар  ард түмэндээ номлох биш харин өөрсдөө  орчлонгийн  хар цагаандаа ороолцолдоод,  хөлтолгойгоо  алдчихсан бөгөөд  Бурханы нэр барьж  буруу  зөрүү  үзэл төлөвшүүлж  байгааг  “Хамбын араас шидсэн чулуу”( 143т) мөн өмнө нь ч байсныг ”Архангайн авшигтай хүү”( 22т) хатуухан чимхэж, хоржоонтой инээдээр догиожээ.

Нийгэмсудлаач, сэтгэлзүйчид өнөө үеийн сэтгэлгээний доройтлыг ардчилалтай холбон гайхан шогширч муулдаг.

Гэтэл сэтгэлгээний өвчний зөв оношийг олж эрүүлжүүлэх хэрэгтэйг Х.Эрдэмбилэг сануулахдаа үүний эх үүсвэр  нь малист сэтгэлгээтэй холбоотой гэж  “-изм” дэвшүүлж…
Бидний сэтгэлгээний ядуурал нь феодалын нийгмийн ёс суртахууны үндсэн хэв маяг руу гулган орж байгаа шалтгааныг “Мализм”(138т) гэсэн бодрол болон асуудал дэвшүүлсэн нийтлэлдээ хурцаар хөнджээ.

Х.Эрдэмбилэг нь  бичлэгийнхээ хэлнайруулгадаа дүрслэлийн ёгтлол, егөөдлийг түлхүү бас оновчтой  хэрэглэж, егөө догиотой  хөнгөн хошигнолоор  бичсэн нь  уншсан хүнээ уйдаахгүйн хамт учиртай  инээд, ухаарал төрүүлж байна.

Ер нь  түүний бичлэг нь ёгт дүрслэмж, ёжтой  инээмсэглэлээр  дүүрэн. Хошин шог өнгө  аясаар хэлэх  санаагаа  гаргадаг  нь сонин сэтгүүлийн найруулгаар  “Шанаагаа санаж байна”(18т), ”Яруу найргийн елементүүд”(28т) гэсэн нийтлэл болон  шүүмжид, харин уранзохиолын найруулгаар   ”Могжоохон морьтой  жогжоохон  цэргүүд”(251т),  ”Эндүүрэл”(255т) өгүүллэгүүдэд тод  мэдрэгдэнэ.

Оросын уран зохиолын  нөлөөнд  орж,  бичлэгийн  загварыг нь  үлгэр  болгодог бидэнд  түүний бичлэг  этгээд байж  болно.  Гэлээ  ч  Орос  халуун чихэртэй  байхуу цайны амтыг мэдэрдэг бидэнд  өрнийн  ханххийсэн аатай үнэртэй,  нойр сэргээм кофе-ний амтыг санал болгожээ.

Анхааруулахад,  амьдралыг хэтэрхий илэн далангүй дэлгэж, эрээ цээргүй нүгэлт гэмийг зөвшөөрөөд байгаа ч юм шиг  “Их амьдралын эхэнд”(263т) гэх гагц нэг  өгүүллэгийг  насанд хүрээгүй  эсвэл  ухаан төлөвшөөгүй  залуучуудыг уншихыг хоригломоор, ингэж  бичиж болох уу… гэсэн бодлоо  дурдмаар байна.

Жил  бүрийн улсын наадмаар хүчит бөхчүүд бяр хүч, уран мэхээрээ улсын цол авдаг шиг Монголын зохиолчдын гаргасан номуудыг оюуны цар  хэмжээ, бичлэгийн урчадвараар нь шалгаруулбал  Х.Эрдэмбилэгийн ном энэ жилийн үзүүр түрүүнд хүрч, арслан зааны цолны дайтай оюуны арал бяр заах юм байна гэж төсөөлөгдөж байна.

Х.Эрдэмбилэгийн номыг уншвал инээнэ, тэгээд  эгдүүцэж ч болно, бас…

Хэл судлаач З. Ганболд (Ph.D)


URL:

Сэтгэгдэл бичих