“Н.Алтанхуяг даргыг ажлаа өгөхөд үнэхээр их баярласан”
АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөв. Бүлгийн хуралдаанд оролцсон 29 гишүүний 19 нь 28 дахь Ерөнхий сайдад Ч.Сайханбилэгийг дэвшүүлэхийг дэмжсэн байна. Хуралдааны талаар УИХ-ын гишүүн М.Зоригтоос зарим асуултад хариулт авлаа.
-Өнгөрсөн баасан гаригт ҮЗХ-ны хурал боллоо. Хурал ямархуу уур амьсгалтай өрнөв?
-Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг хоёр нэр дэвшигчид маань мөрийн хөтөлбөрөө танилцуулсан. Хоёулаагийнх нь мөрийн хөтөлбөрөөс эдийн засгийн хямралаас гаргах боломжтой хувилбарууд байх шиг байсан. Аль аль нь эдийн засгийн хямрал нүүрлэжээ гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна лээ. Нэгэнт зөв үнэлэлт өгч байгаа учраас түүнээс гарах гарц, гаргалгаа нь ч зөв болж байгаа юм. Ч.Сайханбилэгийн мөрийн хөтөлбөр амьдралтай хөтөлбөр мэт санагдсан. Засгийн газрын бүтцэд ажиллаж байсан учраас асуудлаа өөрөө мэдэж байх шиг байна лээ. Гэхдээ Р.Амаржаргал гишүүний эдийн засагчийн хувиар гаргасан санал нь ч гэсэн тун боломжийн байлаа.
-Таны хувьд ҮЗХ-ны хурал дээр Ч.Сайханбилэгт санал өгсөн юм байна. Тийм үү?
-Нууц санал хураалт учраас ярих боломж алга.
-Тэгвэл өнөөдрийн бүлгийн хуралдаанаар түүнийг дэмжив үү, эсрэг санал өгсөн үү?
-Ч.Сайханбилдэгийг дэмжсэн. Намын эрх барих дээд байгууллага шийдвэрээ гаргасан байхад нь түүнийг нь дэмжих ёстой. Ер нь ҮЗХ-ны хурал эв нэгдэлтэй болж өндөрлөсөн. Нэгэнт эв нэгдэлтэй болсон хурлын шийдвэрийг дэмжих нь зөв.
-Хэдийгээр Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болох гэж байгаа ч түүний цаана “Алтангадас” фракцийнхан дахиад засаглах нь гэсэн шүүмжлэлийг хэлэх хүн байна?
-Сүүлийн хоёр сарын хугацаанд АН-д өрнөсөн үйл явцыг харахад фракцийн зохион байгуулалтаас салж эхэлж байна. Нийт гишүүдийн хандлага ч тэр. Фракцийн байр сууриа дэмжихгүй байна. Өнөөдөр гишүүд саналаа өгөхөд фракцийн нөлөөлөл гэж алга болж байна. Ч.Сайханбилэгийг дэмжих эсэх тухай санал асуухад МоАХ-ынхан гэж дуудагддаг бид хүртэл өгч байх жишээтэй. Тэр байтугай, З.Энхболд дарга намын дарга болоод “Шонхор” гэдэг фракциас гарч байна гэдгээ зарласан шүү дээ. Фракциар талцах нь намын хөгжил, улс орны хөгжилд садаа болж байгааг хүн бүр ойлгож байна. Яваандаа фракци гэж алга болох шинжтэй.
-Намынхаа шинэ даргад ямар сэтгэгдэлтэй байна?
-Сэтгэл хангалуун байгаа. З.Энхболд дарга аливаа зүйлийг хууль дүрмээр явуулахын төлөөх байдаг хүн. Фракцийг илүүд үздэггүй. АН-ын дүрмэнд томоохон өөрчлөлт хийх ёстой. Үүнийг З.Энхболд дарга удирдаж хийх байх гэж харагдаж байна. Н.Алтанхуяг даргыг ажлаа өгөхөд үнэхээр их баярласан. Өрөөнд нь ороод “Цаг үеэ олсон зөв шийдвэр гаргалаа” гэж баяр хүргэсэн.
-АН-ынхан засаглах бүртээ салбар, салбараа фракциар хувааж авдаг. Энэ байдал нь шинэ Засгийн газарт дахин давтагдах уу?
-Шинэ Засгийн газар бүрдэхдээ мэргэжлийн, давхар дээлгүй байгаасай. Ерөнхий сайд нь өөрөө бүтцээ тодорхойлох ёстой. Эрх мэдлийг нь ч өгчих хэрэгтэй. Өнөөдөр өөр, өөрийн хүнээ хавчуулаад баймааргүй байна. Итгэсэн шиг итгээд, хариуцлагыг үрүүлсэн шиг үүрүүлэх хэрэгтэй.
Д.Анар
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
орон гаран