Оюутолгойн ээлжит овлигогүйтэл

150298-17112014-1416193667-1295490792-1“Оюутолгойн далд уурхайн санхүүжилт энэ жилдээ шийдэгдэж, бүтээн байгуулалт эхэлнэ” хэмээн салбарын яамны албан тушаалтнууд саяхныг хүртэл мэдэмхийрч байлаа. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн асуудлыг энэ намартаа багтааж шийдэх боломжтой шүү гэдэг мессежийг илгээж, нийгэмд хий горьдлого төрүүлэн хүлээлт үүсгэж байсан юм.

Харин одоо цаг, төр өөрөөр эргэчихсэн. Үүнтэй зэрэгцээд энэ бүх амлалт салхинд хийссэн хамхуул шиг одов. Одоо Оюутолгойн ээлжит овлигогүйтэл буюу луйврын дараагийн нүүдэл эхэлж байна. Тэд далд уурхайн ТЭЗҮ хэмээх үлгэр зохиосон. Ирэх сонгууль хүртэл үүнийгээ яриад, гүрийхээр шийдсэн тухай яриа талд ассан түймэр шиг олны чихнээ сонсдох боллоо.

ТЭЗҮ буюу техник, эдийн засгийн үндэслэл гэдэг аливаа том, жижиг төслийн ширээний ном нь байх учиртай. Товчхондоо, тоглоомын дүрэм нь гэсэн үг. Тиймээс үүнийгээ л хамгийн түрүүнд баталдаг юм, бизнесийнхэн. Гэтэл тэд одоо Оюутолгойн далд уурхайн ТЭЗҮ гаргана, тэгээд санхүүжилт авна гэх мэтээр булхайцаж ханахгүй нь. Монголын алт, зэс, мөнгийг машин машинаар нь зөөчихөөд татвараа ч төлөхгүй цааргалж байна.

Манай улсын ирэх оны төсвийн орлого 7.1 их наяд төгрөгөөр батлагдлаа. Гэвч үүнийг “Алдагдалтай төсөв боллоо” хэмээн эдийн засагчид шүүмжилж байгаа. Учир нь одоо манай улсын төсвийн орлого 800 сая төгрөгөөр тасалдаад байна. Энэ нь оны эцэст нэг их наядад хүрнэ хэмээн эдийн засагчид таамаглаж буй юм. Ийнхүү сүүлчийн хоёр жилд улсын төсөв алдагдалтай гарахад Оюутолгойн оруулсан хувь нэмэр ч бий. Дор хаяхад хоёр тэрбум төгрөг буюу 1.3 тэрбум ам.долларыг Монголын төсөвт оруулж ирэхээр Оюутолгой амалж байлаа, уг нь.

Монголын алт, зэс, мөнгийг машин машинаар нь зөөчихөөд өгөх ёстойгоо өгөлгүй луу унжсан тэд одоо ирэх сонгууль хүртэл гүрийхээр шийджээ.

Харин одоо хэлсэн ярьснаасаа буцаад зогсохгүй шинэ Ерөнхий сайдаар “Монголын хууль тогтоомжийг зөрчөөгүй. Гэрээгээ сайн биелүүлсэн” гэдэг гарын үсэг зуруулахаар улайрч буй аж. Эцэст нь сурсан зангаараа гадаад ажилчдын цалин болон зардлаа өсгөх замаар Монголын баялгийг цөлмөнө хэмээн сэтгэж байгаа биз. Ерөнхий сайд асан Санжийн Баяр нэгэнтээ “Оюутолгойн гэрээг гацаасан өдөр болгоноор бид алдагдал хүлээж байгаа. Өдөрт Монголд орж ирэх ёстой байсан нэг сая ам.долларыг алдаж байгаа шүү” гэж төслийг “гацаагчдад” хэлж байлаа.

Тэгвэл одоо тэр нэг сая ам.доллар хаачив. Олигархиудын халаасанд буюу Оюутолгойд бараа бүтээгдэхүүн шахдаг улстөрчдийн бүлэглэлд өдөрт сая ам.доллар орж ирж байж магадгүй. Харин Монголын ард түмний халаасанд буюу төсөвт л сая ам.доллар оруулж ирэхийг хүсч, түүнийгээ гэрээнд тусгаач хэмээн зарим иргэний хөдөлгөөнийхөн тэмцэж байсан юм шүү.

Эцэст нь тэмдэглэхэд, Монголчууд гадаадын хөрөнгө оруулалтын эсрэг биш, харин “Рио Тинто” буурай орнуудыг дээрэмддэг шиг Монголчуудыг өрийн бичгээр гавлаж байгаад эрхэндээ оруулахыг л “Үгүй” гэж эсэргүүцээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, Оюутолгой биднээс авах ёстой бүгдийг хэд дахин давуулж авсан. Харин одоо өгөх ёстойгоо өгөлгүй луу унжиж байна. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.

Г.Ганчимэг

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих