Ичдэггүй татварынхан
“Нөхөртэй, нууц амрагтай, дээрээс нь хүчиндүүлдэг чи ямар азтай хүүхэн бэ” гэсэн хошин онигоо бий. Яг үүн шиг манай татварынхан ямар азтай хүмүүс вэ. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжина, татвар төлөгчдийн мөнгөөр урамшуулал хүртэнэ. Дээр нь татвар төлөгчдөөс авлига авна.
Ямар сайндаа л өнөөдөр олон залуус яаж татварын байцаагч болж, хөнгөхөн хөлжих вэ гэж толгойгоо гашилгаж байна шүү дээ. Аль нэг дүүргийн татварын байцаагч болчихвол хэдэн үеэрээ идээд ч барахгүй их хөрөнгийг их л амархан цуглуулдаг бололтой юм. Насаараа төрд ажилласан багш, хувийн хэвшилд ажиллаж яваа дунд гарын бизнесменийн зүүдэлж чадахгүй их мөнгийг татварынхан нэг жилийн урамшуулалд авдаг байсан гээд бодохоор гомдмоор ч юм шиг. Халуунд халж, хүйтэн хөрж, ёстой л Тамирын голын мөсийг долоох шахаж байгаад Итгэлт баян шиг цуглуулсан хөрөнгө бол бас яамай гэхсэн. Даанч бусдын хөлсөө дуслуулж олсон мөнгөөр хөлөө ч хөдлөхгүй баяжина гэдэг тун увайгүй үйлдэл болж харагдаад байгаа юм. Нийтлэлч Д.Жаргалсайханы эхэлж илчилсэн энэ үнэнг татварынхан үгүйсгэж чадахгүй байна. “2013 онд, жишээ нь Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс 4.2 тэрбум төгрөгөөр төлөвлөгөө давуулан биелүүлсэн тул 800 сая төгрөгөөр шагнуулж, түүний 40- өөд хувь /360 сая/-ийг нь Татварын ерөнхий газарт, үлдсэнээс нь Татварын хэлтсийн дарга 40, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга 40, Татвар хураалтын тасгийн дарга нь 54, байцаагч болон тасгийн дарга нараа тус бүр 2.2 сая төгрөгөөр шагнажээ. Баянгол дүүргийн татварын хэлтэс 574 сая төг, мөн 200 саяыг нь ТЕГ руу шилжүүлээд, хэлтсийн дарга нь 20, таван ахлах байцаагч тус бүр 12, нэг ахлах байцаагчийг 5 сая төгрөгөөр урамшуулсан байна. Баянзүрх дүүргийн татварын хэлтэст 1 тэрбум 174 сая төгрөг урамшууллаар олгосноос Татварын хэлтсийн даргад нь 273 сая төг, 32 албан хаагчид 528.7 сая төгрөгийн урамшуулсан бол, Сонгинохайрхан дүүрэг 501 сая төгрөгөөс хэлтсийн дарга нь 75 сая төгрөг, Хан-Уул дүүрэг 416, Чингэлтэй дүүрэг 250 сая төгрөгийн шагналыг ажилтнуудтайгаа хувааж авчээ. Ямар төлөвлөгөө ч гэж ийм байдаг юм бол” хэмээн олон жил татварын салбарт байсан гажуудлыг олж дэлгэснээр шуугиан тарьж байна.
Баримт нотолгоотой байгаа үнэнийг татварынхан яаж ч үгүйсгэж чадахгүй болохоороо Сангийн яамны тушаалаар гэдэг үгээр ам хаахаар оролдож эхлэв. Яг даа, доод тал нь 51 сая, дээд тал нь хоёр тэрбум төгрөгийг урамшуулалд авсан нь тушаалаар байж болох ч энэ нь эдийн засагт эрүүл үзэгдэл мөн үү. Улсын данс нь улайж, Улаанбаатарт нэг цэцэрлэгт 60 хүүхэд амьсгаа авахад хэцүү нөхцөлд хүмүүжиж, ард нь өчнөөн хүүхэд цоожтой хаалганы цаана нүдэндээ нулимстай өнжиж, сурах хүслээр жигүүрлэсэн сургуулийн жаалууд харанхуй хонгилд хүртэл хичээллэж байхад нэг байтугай цэцэрлэг, сургууль барих мөнгөөр татварынхан тансаглаж байгаа нь ариун явдал мөн үү. Тэд хэн болоод баялаг бүтээгчдийн мөнгөөр дураар дургих ёстой гэж. Төрөх эмнэлэг, түлэнхийн төвгүй хэрнээ ингэж “тансаглал” байгааг татварынхныг ичих булчирхайгүй гэхээс өөр яахав. Татвараа сайн төллөө гэж баялаг бүтээгчиддээ талархах болохоос татвар санй цуглууллаа гэж байцаагчдаа шагнадаг, урамшуулдаг, хэдэн арван тэрбумаар шагнадаг гаж тогтолцоо зөвхөн манайд л үйлчилдэг байх. Ийм байгаа нөхцөлд эдийн засаг хөгжиж, цэцэглэнэ хэмээн горьдолтгүй юм. Улсын данс нь ч улайх зөв.
Тэрбумын үнэтэй нууц амрагийн тухай яриа татварын байцаагчдаас л эхлэлтэй. Баян нууц амрагаа булаацалдаж биенээ хөнөөсөн эмгэнэлтэй паян бас л татварынхан. Ёс сурталхууны асар их доголдолтой, ажлаа хийж чаддаггүй, авлига авдаг, баялаг бүтээгчдийг дарамталдаг явдал ганцхан манай татварынханд байдаг гэвэл бас худлаа. Хувийнхнийг шалгах, хяналт тавих үүрэгтэй хил, гааль, мэргэжлийн хяналт гээд хаа сайгүй ийм увайгүй улайрсан үйлдэл цөөнгүй байгаа гэхэд бодит үнэнээс хол зөрөхгүй. Татварынханд дарамтлуулж үзээгүй хувийн хэвшлийнхэн бараг байхгүй дээ. Захын цайн газар хүртэл тэдний амыг дарахын тулд авлига өгдөг шүү дээ. Дарга нь ажилтантайгаа амрагийн нууц харилцаанд орж, татвар төлөгчдийн хураасан мөнгөнөөс дансанд нь сая доллар хийж баярхаж явсан түүх дэлхийн улс орны практикт байхгүй байх. Жирийн нэг татварын байцаагчийн тэрбумын үнэтэй нууц амрагт хүүхнүүд атаархаж үхэнгээ алдахдаа “өөрөө татварын байцаагч, татварын байцаагчийн нууц амраг, дээр нь сая доллар авчихдаг ямар сэргэлэн хүүхэн бэ” хэмээн уулга алдсан явдал ч гарсан гэнэ шүү. Аягүй бол татварынхан хоорондоо тэгж атаархалцсан байлгүй.
Сарын сая хүрэхгүй цалинтай мөртлөө хамгийн тансаг хаус захиалж, хэдэн зуун долларын үнэтэй машин унаж, булга, шиншилагаар гангарсан татварын байцаагчид Монголоос өөр улсад байдаг болов уу. Хэрэв ийм асуудал аль нэг улсад гарсан бол ажлаа алдаад зогсохгүй, авлига авсан хэргээр аавын хаалга ч татах байсныг үгүйсгэхгүй.
Даанч хүнд суртал, авлигад идэгдсэн Монголд энэ байдаг л үзэгдэл болсон нь харамсалтай. Уг нь татварын байцаагчидын гол үүрэг нь татвар төлөгчдөд үйлчлэх. Түүнээс татвар төлөгчдийг дарамтла гэсэн үг биш. Эдийн засаг нь өөрөө эрүүл бус, элдэв янзын хуулийн дарамтаас болоод чухамдаа баялаг бүтээгчид өнөөдөр татварын байцаагчдын гахай юм уу үнээ болсоор ирсэн шүү дээ.
Эдийн засгийн хямралд орсон Монгол Улс өнөөдөр татварын орлогоор л голоо зогоож байна. Бусад орлого нь бүгд тэг зааж, ганцхан татварын орлого зуун хувь давуулан биелэсэн нь хувийн хэвшлийнхний бизнес нь сайн байгаадаа биш байх. Хүн болгон хуулийн дагуу татвар төлөх үүрэгтэй. Гэхдээ татвараа төлөөгүй байна гээд авлига авах нь шударга бус явдал. Нөгөө талаар төлсөн татвараас нь тэрбум, тэрбумаар биенээ урамшуулах нь бас зөв зүйл биш. Харамсалтай нь, татварынхан үүнийгээ зөв зүйл хэмээн бодож, ичих ч үгүй тушаал, дүрэм яриад сууж байгаа нь өрөвдөлтэй бусуу.
Татварын буй төр төр байдаг. Төр буй дор татвар бий гэдэг. Ерөнхийдөө “Анхдагч нь өндөг үү тахиа юу” гэдэгтэй агаар нэг.
Хууль нь шударга, хэрэгжүүлэх орчин нь таатай аль ч улсад татвар төлөгчид нэгдүгээрт тавигддаг. Тэдэнд үйлчилж, тэдний өмнө бөхөлзөх ёстой хүмүүс нь харин татварын байцаагч болохоос баялаг бүтээгчдийг дарамтлах “хадны мангаа” биш шүү дээ. Татвар төлөгчдөд биш, татварын байцаагчдыг өөгшүүлсэн энэ гажиг тогтолцоог өөрчлөх хуулийг ИХ хурал яаралтай шийдвэрлэхгүй бол дүүргийн нэг жижигхэн байцаагч Монголын нэрийг олон улсад баастай нь хутгаад явчихдаг болсон нь ердөө жирийн хэрэг болж. Монголын Засгийн газар 34 хувийг нь зэмшиж байгаа Оюутолгой компанид татварын акт тавьчихаж байгаа хүмүүс бусад бизнесийнхныг яаж айлгаж, хөлждөгийг тооцоход хэцүү биш. Тиймээс татварын орчинг эрүүл болгохны тулд эхлээд тогтолцоогоо өөрчилье. Хуулиа шинэчлэе, татвар төлөгчийн болоод татварын байцаагчийн үүргийг тодорхой болгоё. Тэдний урамшуулал нэрээр авсан мөнгийг нь улсын орлого болгоё. Гаднаас мөнгө хайхаас илүү энэ мэт илүү хэрэглээгээ таная. Тэрбумаар нууц амраг худалдаж авдаг, тэрбумаар гараа угаадаг татварын байцаагчидтай яг өнөөдрөөс л хариуцлага ярьж эхлэхгүй бол улс нь цэцэрлэг, сургууль барих мөнгөгүй байхад татварынхан тэрбумаар “тансаглаж” байна гэдэг бодохоос гомдмоор байгаа биз дээ.
Б.ХОНГОР
http://economy.news.mn/content/195507.shtml
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Даанч хүнд суртал, авлигад идэгдсэн Монголд энэ байдаг л үзэгдэл болсон нь харамсалтай. Уг нь татварын байцаагчдын гол үүрэг нь татвар төлөгчдөд үйлчлэх. Түүнээс татвар төлөгчдийг дарамтла гэсэн үг биш. Эдийн засаг нь өөрөө эрүүл бус, элдэв янзын хуулийн дарамтаас болоод чухамдаа баялаг бүтээгчид өнөөдөр татварын байцаагчдын гахай юм уу үнээ болсоор ирсэн шүү дээ.