Халаасны хулгай сүлжээ бизнес болов уу

a37e8c91688cf194bigОлон нийтийн хөл хөдөлгөөнтэй газар буюу нийтийн тээвэр /автобус/, худалдааны төв /зах/, автобусны буудал гэх зэрэг газруудад нүд өвдмөөр зүйлүүд анзаарагддаг. Өөрөөр хэлбэл халаасны хулгайн гэмт хэрэг. Тус гэмт хэрэг үйлдэгч этгээдүүд хүн ихтэй автобусны зогсоол дээр тухайн хэргээ үйлдэх нь элбэг. Тодруулбал, автобусны хаалга нээгдэх мөчид иргэд бөөн бөөнөөрөө чихэлдэж орох тэр үе нь халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэх хамгийн боломжит агшин юм байна.

Сүүлийн үед хулгайн арга нь нарийсч янз бүрийн арга хэрэглэж хүрээгээ тэлсэн гэлтэй. Ганцхан жишээ дурдхад “7 буудал-5 шар” чиглэлийн автобусанд явсан халаасны хулгайч нэгдүгээр хороолол хүрэх замдаа дөрвөн иргэний цүнх, гар утас болон хэтэвчтэй бичиг баримт, мөнгө зэрэг эд зүйлийг аваад автобусны кондукторт дамжуулсан хэрэг үйлдсэнийг НЦГ-ын ГХТГ-ын хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагч нар илрүүлсэн билээ. Мөн хулгайн гэмт хэргийг улам өөгшүүлж буй нэгэн газар бол барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбард байдаг аж. Ингээд бодхоор хулгайн гэмт хэрэг нийгэмд сүлжээ болон өргөжсөн гэлтэй.

Ер нь бидэнд эрх чөлөө ч алга шүү дээ. Хотын гудмаар алхахдаа нэг л түгшүүртэй, олон нийт, үйлчилгээний газруудаар явахдаа халаас, цүнхээ байн байн тэмтэрч үзнэ. Хулгайн гэмт хэрэг нь харанхуй, үдшийн цагаар, гэрэлгүй гудамж талбайд ихээр үйлдэгддэг нь ойлгомжтой. Тэгвэл энэ хэргийг багасгах зорилготой Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зам, нийтийн үйлчилгээний газруудад гэрэлтүүлэг, аюулгүй байдлын хяналтын сүлжээ бий болгох ажлыг зохион байгуулжээ.
Энэ нь Офицеруудын ордноос Таван шарын автобусны зогсоол хүртэл 22 автобусны буудал, “Саппоро”, “Баруун”,”Зүүн” 4 замын тойрог, Энх тайвны өргөн чөлөөний замын хөдөлгөөнийг хянах зорилгоор нийт 50 хяналтын камерыг байршуулаад байгаа аж. Эдгээр камеруудыг байрлуулснаар гудамж талбайд үйлдэгдэж байгаа зөрчил, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх,нотлох зэргээр гудамж талбайд үйлдэгдэж байгаа зөрчил, замын түгжрэлийг хянаж, сааруулахад дөхөм болж байгаа гэнэ. “Эрх чөлөөт Ардчилсан нийгэмдээ” айдас түгшүүргүй, амар амгалан явах нь мөрөөдөл болоод байгаа юм биш биздээ. “Бүтээгүй бүхнийг мөрөөдөл орлодог” гэж үнэн ч үг юм шиг.

Г.Мягмарсүх

new.mn


URL:

Сэтгэгдэл бичих