“Хамас”, “Исламын улс”- хамгийн баян террорист бүлгүүд

8-1_700x700Н.МӨНХЖИН

Палестины “Хамас” нь зөвхөн “Исламын улс”-ын дараа орох дэлхийн хамгийн баян террорист бүлэглэл хэмээн “Forbes Israel” сэтгүүл мэдээлэв. Харин хамгийн баян террорист байгууллага нь жилд хоёр тэрбум доллар эргэлдүүлж байгаа “Исламын улс” бүлэглэл ажээ. Палестины босог­чид жилд нэг тэрбум ам.дол­ларын орлоготой хэмээн тооцогдож байна. АНУ, Европын холбоо, Израиль улс “Хамас”-ыг террорист байгууллага хэмээн үздэг билээ. Колумбын хувьсгалт зэвсэгт бүлэг (FARC) 600 сая, Ливаны “Хезболла” 500 сая, “Талибан” болон “Аль-Кайда” 150 саяын орлогоор удаалсан байна. Пакистанд төвлөрдөг “Лашкар э-Тайба” (100 сая), Сомалийн “Аль-Шабаб” (100 сая), Ирландын бүгд найрамдах арми (50 сая), Нигерийн “Боко Харам” (25 сая) дэлхийн арван баян террорист бүлгийн жагсаалтыг гүйцээжээ. Эдгээр бүлэглэлүүд хар тамхины наймаа, дээрэм, айлган сүрдүүлэлт зэрэг зохион байгуулалттай гэмт хэргийн “орлогоор” гишүүд, ажилтнуудаа цалинжуулж, террорист ажиллагаагаа санхүүжүүл­дэг. Мөн буяны байгууллага, хандив, зарим тохиолдолд Засгийн газрын агентлагуудаар дамжуулж мөнгө олдог байна.

Ямар ч террорист байгууллага гишүүдийнхээ хоол унд, цалин хөлс, дасгал сургуулилтаа тэтгэж, зэвсэг, сум хэрэг­сэл, машин техник худал­дан авахын тулд ямар нэг аргаар мөнгө олох хэрэгтэй. АНУ-ын тагнуу­­лын мэдээллээр, “Ис­ламын улс” бүлэг Сири, Иракт олзолсон нефтийн цооногоос гар­гаж ав­сан түүхий нефтийн борлуулалтаас өдөрт нэг сая доллар олж байгаа ажээ.

Харин Израилийн талын үзэж буйгаар, лалын жихад дайчид өдөрт гурван сая хүртэл ам.долларын орлого олж, тэр мөнгөөрөө Ойрхи Дорнод дахь үйл ажиллагаагаа өргөтгөж, гадаадын хөлсний дайчдыг элсүүлэн сургаж байгаа бололтой. Палестины “Хамас” бүлэглэл  2007 онд Газын зурваст хянал­таа тогтоосноор баян бүлэглэлүүдийн эгнээнд орж ирсэн байна. Өнөөдөр “Хамас”-ынхан зөвхөн хандив тусламж аваад зогсохгүй Газын зурвас дахь иргэд, бизнес­мэнүүдээс татвар цуглуулах чадвартай болжээ. “Хамас” нь Газын зурваст зориулсан арабын орнуу­дын тусламж болон олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгийг хамгийн ихээр авдаг бүлэглэл юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих