Нар хаасан барилгаас юм унаж машин гэмтээжээ
Салхи шуургатай, хар бараан жихүүн үдэш хамраа хүртэл далдлаад явж байгаа хүмүүс дээрээс нь юм унахыг анзаарахгүй шүү дээ. Дээрээс нь явган хүний замыг дараад барилгынхаа хашааг барьчихсан болохоор автомашины зам дээр яваа хүн урхин дундуур тэнэж байгаагаас өөрцгүй.
Гэхдээ хүн дээр бус машин дээр юм уналаа гээд баярлаад өнгөрөх асуудал энэ биш. Энд ч гэсэн эд хөрөнгө сүйдэж байна. Энэ барилгад өөр олон асуудал бий. Ардын эрхийн хажууд байрлах “Өдрийн сонин”-ы байрны чанх ард барилгын стандарт, дүрэм журмыг зөрчөөд бараг наалдчихсан баригдаж байгаа. Нар хардаг хамаг цонх тагларсан гэсэн үг.
Ийм нөхцөлд байгалийн гамшиг, аваарь осол гарахад аюултай нь байг гэхэд байгалийн нар үзэхгүй ажиллаж байгаа багадаа зуун хүний эрүүл мэнд гарзандаа гарч байгаа хэрэг. Барилгын ажлын дуу чимээ, шороо тоосноос болоод цонхоо ч онгойлголгүй ажиллаж байгаа. Байгалийн гэрэлгүйгээс нүдний хараа хүртэл мууддаг юм гэнэлээ.
Ер нь тэгээд улсын төсвөөс санхүүжиж байгаа барилгууд он жил дамжин олон тэрбум төгрөг зарцуулаад ашиглалтад ордоггүй. Харин хууль, журам зөрчсөн барилга хэдхэн сарын дотор баригдаад дуусчихдагийг ойлгохгүй юм.
Тухайлбал, Яармагт баригдаж байгаа Геронтологийн төвийн барилга 4.7 тэрбум төгрөг гарздаж хэдэн жил өнгөрсөн боловч араг яс шиг арзайгаад ажил нь яагаа ч үгүй байж байх.
Гэтэл энэ барилга өнгөрсөн наймдугаар сард ажлаа эхлээд одоо цонхоо битүүлчихлээ. Том биш юм гэхэд шороо чулуунаас эхлээд юм унагаж хавь ойроо байнга айдаст автуулдаг ийм барилгуудад үйлчилдэг төмөр нүүр төрд байна уу.
Ж.Энх
agshin.mn
URL: