Дуулдаг хогийн машиныг сургадаг машин болгочих юмсан
Нэг дууг зарим өдөр сонсохгүй өнжихөөр сэтгэл хоосон ч юм шиг, ямар нэгэн зүйл дутагдаад ч байх шиг санагддаг тийм мэдрэмж.
Өдөр бүр сонссоор байгаад нэг дуунд дуртай болчихжээ. Ашгүй өнөөдөр нөгөө дуу маань эгшиглэв. Мишээсэн дагина шиг миний Улаанбаатар гээд л… Сонсох бүрт сонсголонтой болж, сүүлдээ солгой хазгай хоолойгоороо даган аялах болж.
Нөгөө дасал, дадал болно гээч нь болж байгаа бололтой юм. Яг л үүн шиг олон зүйлийг хүмүүст дадал болгомоор байгаа юм. Хогоо хаа таарсан газраа хаяж болохгүй гэдэг “дадал”-ыг хүн бүрт суулгаж өгмөөр.
Хүүгээ хөтөлсөн ээж чихрийн цаасаа гудамжинд хаяж харагдлаа. Энэ үйлдэл хүүхдэд зааж буй буруу үлгэр дууриалал. Бас буруу дадал. Ээж нь хогоо тааралдсан газраа хаяж байгаа энэ үлгэр хүүд ингэж болдог, бүр цаашилбал “Миний ээж хаяж байгаа юм чинь ээжийн маань л зөв” гэсэн мэдээллийг дамжуулна.
Ээжийнхээ санаатай ч бай, санамсаргүй ч бай хийсэн эл үйлдэлд хүү аажмаар дасна. Ийн хогоо хаядаг хувь хүн болж төлөвших “өндөр” үүдийг хайртай ээж нь хүүдээ өргөж өглөө. Харамсалтай нь ээж хүүдээ юуг өвлүүлэн өгч байгаагаа ердөө ч анзаараагүй.
Тэгэхээр хогоо хаядаг хүүхэд биш, түүнд энэ дадлыг олгосон томчуудад хогоо хаяж болохгүй гэдэг дадлыг олгох юмсан. Дуулдаг хогийн машиныг “Их хотын иргэн та хогоо хогийн саванд хийнэ үү. Хогоо хогийн саванд хийсэнд баярлалаа” гэж сургадаг болгочих юмсан. Үргэлж сонсоод байвал хотын соёлтой залуусын тоо нэмэгдэнэ дээ.
Л.Буд
Эх сурвалж: Нийслэл таймс
URL: