Америкчууд эхлүүлсэн дайнаа орхино
Цагаан ордон терроризмтэй хийх тэмцдийнхээ шинэ стратегийг зарлан мэдээлэв. Энэ талаарх баримт бичигт бодлогын өөрчлөлт тусгагджээ. Үүнээс хойш АНУ хилийн чанадад цэргийн ажиллагаа явуулахгүй, батлан хамгаалах ажиллагаанд л анхаарлаа төвлөрүүлэх аж.
Түүнчлэн, Вашингтон “Лалын ахан дүүс” хөдөлгөөнийхөнтэй яриа хэлцэл хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Харин Вашингтон хэт даврагсадтай эвсэж аз туршина гэж шинжээчид анхаарууллаа. Гэвч хилийн чанаддаа терроризмтэй хийх дайн эцэслэнэ гэж Цагаан ордон итгэл төгс мэдэгдсэн юм.
Ерөнхийлөгч Барак Обамагийн зөвлөх Жон Бреннанигийн ярьснаар АНУ хилийн чанадад цэргийн ажиллагаа явуулахаас татгалзаж байгаа аж. Үүний оронд тусгай албадууд зөвхөн алан хядах бүлэглэлүүдэд цохилт өгч, дотоодынхоо аюулгүй байдалд анхаарлаа төвлөрүүлэхээр болжээ.
АНУ аргагүйн эрхэнд ийм шийдвэр гаргаж байна. Учир нь эдийн засгийн шалтгааныг юуны өмнө дурьдах хэрэгтэй. Тухайлбал, АНУ-ын өр ухаанд багтамгүй гэмээр хэмжээнд хүрсэн. Дотоодын өр нь 14.5 их наяд ам.долларт дөхсөн. Өөрөөр хэлбэл, АНУ зардлаа хэтрүүлсэн. Иймээс тэд цэрэг дайны ажиллагаанд тэрбум тэрбум ам.доллар зарцуулсаар байвал АНУ-ын эдийн засаг уналтад орно гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байв.
Одоо Вашингтоны гол дайсан бол Аль Кайда бүлэглэл аж. Иймээс АНУ Йемен, Сомали, Ирак, Пакистан, хойд Африкийн орнуудын эрх баригчидтай нягт хамтран ажиллахаар болсон байна. Мөн Иран, Сири, Хойд Солонгос зэрэг улсын талаарх бодлого нь өөрчлөгдөх аж.
Энэ тухай Ерөнхийлөгчийн зөвлөх Жон Бреннани “Эдгээр улсын дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй. Зөвхөн гадаад улс төрийн ажиллагааны арга барилаар л зорилгодоо хүрнэ” гэжээ.
Тэгвэл АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон “АНУ-ын дипломат ажилтнууд Египетийн “Лалын ахан дүүс” байгууллагатай харилцаа холбоо тогтооно. Тэдний тусламжтайгаар Египетэд жинхэнэ ардчилал тогтоох төлөвлөгөөтэй байна” хэмээжээ.
Д.Түвшинтөр http://niigmiintoli.mn/
URL: